Тарваган тахлын тохиолдол бүртгэгдлээ

2014 оны 09 сарын 15

  2014 оны 9-р сард Өвөрхангай аймгийн Сант суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Өвчтөн М, 15 настай, эрэгтэй хүүхэд 09 дүгээр сарын 03-нд тарваганы мах идэж, тарваганы түүхий давсаг залгиснаас хойш эмнэл зүйн шинж илэрч, сумын эмнэлэгт хандсанаар оношилгоо, эмчилгээнд хамрагдаж, сумын хэмжээнд урьдчилан сэргийлэх ажиллагаа үргэлжилж байгаа хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

            Түүнчлэн М-ын аав тарваганы хүн мах, ээж нь цөсийг түүхийгээр нь залгиж, махаар нь боодог хийж идсэн бөгөөд маргааш нь хүүгийн хоолой өвдөж, халуурсан байна.  Эмнэлзүй шинж тэмдэг, лабораторийн шинжилгээг үндэслэн урьдчилсан байдлаар тарваган тахлын залгиурын хэлбэр гэж үзээд сумын Засаг даргын захирамжаар сумын төвд хөл хорио тогтоож, 8 цэгт 24 цагаар эргүүл гаргасан. Одоогийн байдлаар 1 дүгээр хавьтлын 54 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулах, сумын хэмжээнд 2 дугаар хавьтлыг илрүүлэх, хяналтад авах ажиллагаанд ЗӨСҮТ-ийн баг бүрэлдэхүүн хамтран ажиллаж байгаа юм.

Иргэд хууль зөрчин, хориотой ан хийж, махыг нь борлуулсан, хууль бусаар агнасан амьтны махыг боловсруулалгүй хэрэглэсэн, эрүүл мэндийн байгууллагт даруй хэлэлгүй нууснаас маш олон хүнийг халдварт өвчний эрсдэлд учруулах үйлдэл гаргаснаас сумын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасалдахад хүрч, халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээнд хүн хүч, техник тоног төхөөрмж олноор дайчлан их хэмжээний мөнгө улсын төсвөөс зарцуулаад байна. Тодруулбал одоогийн байдлаар Сант суманд гарсан энэ тохиолдолд Өвөрхангай аймаг 51 сая төгрөг, Зоонозын өвчин судлалын үндэсний төв 5,7 сая төгрөг, нийт 56,7 сая төгрөг гаргаад байгаа гэнэ.