Оюутан болж байгаа дүү нартаа зориулав

2014 оны 09 сарын 11

Оюутны амьдрал хэзээ эхэлдэг вэ

Сэтгэл догдлуулсан, мэдлэг сорьсон, басчгүй аз мэдсэн элсэлтийн шалгалт ард үлдэж эрхэм дүү чи оюутан боллоо. Оюутны амьдралд тавтай морил. Ямар ч мэргэжлээр элссэн бай чиний хийх зүйлсийг эх орон чинь бас аав ээж чинь хүлээж байна. Хүн өөртөө эзэн байж, өөрийгөө хөгжүүлж, амьдралаа зөв авч явах нь зөвхөн тухайн хүндээ илүү хамаатай мэт боловч нийгэм тэр хүнээс адилхан зүйлийн хүлээлтийг адил утгатайгаар харж байдаг. Ялангуяа залуу хүнийг илүү их анзаарч байдаг. Гэвч хэний ч хувь заяа хэн нэгний гарт байдаггүй тул энд бичигдэх санаа, нэг төрлийн зөвлөмж оюутан дүү чамд санал болгох хувилбар гэдгийг бодолцоорой. Эрдмийн их далай болсон сургуульд, оюутан хэмээх далайчин завиндаа суулаа. "Aль усан боомтод хүрэхээ мэдэхгүй далайчинд салхи хүртэл тус болохгүй" (Сократ). Оюутан болчихлоо... Нийгэмд цоо шинээр хөл тавьж, бие хүн байх эрх чөлөөг мэдэрч, өөрийнхөө амьдралд эзэн нь байх ухамсартайгаар бие даан оролцож, дурсамж, баяр хөөр, хүсэл мөрөөдлөөр цаг хугацааг илүү баялаг болгох сайхан боломж энэ гэлтэй. Гэвч таатай сайхан нөхцөл байдал бүрт хэрхэн хандаж буйгаас эцсийн үр дүн нь шалтгаална. "Оюутан байх нь их сайхан, чөлөөтэй, бие даасан орчин" гэсэн бодол, сэтгэлд чи хэрхэн хандаж байна вэ? Тиймээ, оюутан байх нь яг л ийм. Харин их сайхан зүйлд муухайгаар хандвал муу л үр дагавар бий болно. Эрх чөлөөтэй, бие даасан гэсэн санааг хичээлдээ суусан ч, суухгүй байсан ч, боловсролтой байх, эс бөгөөс огтхон ч сурахгүй байх нь ижил утгатайгаар хамаарна гэвэл эндүүрч буй. ОЮУТАН гэж хэн бэ? Тиймийн учир бие даасан байдал, эрх чөлөөний талаарх зөв ойлголтын талаар мэдлэгтэй байх, түүнийг хөгжүүлж мэдрэмжтэй болох гэдэг нь гагцхүү залуу хүмүүст бус хүн гэдэг амьтанд өөрт нь илүү хамаатай байж болно. Нэгэнт оюутан гэдэг нь нэгэн төрлийн хүн учир, онцгой цаг хугацаанд амьдардаг тул онцгойлон энэ сэдвийг хөндөн өөрийн бодол санааг хүргэлээ. (Баабарын "Дори Идэр дүүдээ хандах нь" ном яг чамд зориулсан ном тул заавал уншаарай, магадгүй энэ миний өгч чадах хамгийн сайн зөвлөгөө байж мэдэх юм!) Ер нь хүнд өөрийн амьдралын зорилго, төлөвлөгөөгөө ягштал гаргаад нарийвчлан тооцоод яг таг мөрдөж байсан түүх ховор байх. Магадгүй хувь заяаны хөтөлсөн газарт эсвэл тохиолдол бүрийн үр дагавартай хамт амьдарч байж болох юм. Ямартай ч бид нэгэнт амьдарч (сэтгэж) байгаа л бол яаж амьдрах вэ гэсэн асуултын хариулт нь их л ойрхон, яг бидний биен дотор байх шиг. Өөрийгөө олох, зорилготой хүн байх зэрэг нь энэ л хариулттай хамт л байх учиртай. Ихэнхдээ бид амьдралын зорилго чиглэлийн талаар тодорхой бус, буруу ойлголттой сургуульд элсэн ордогоос амьдралын ихээхэн чухал үе болох оюутан насаа үр ашиггүй дэмий өнгөрүүлдэг. Нэг л мэдэхэд цаг хугацаа харвасан сум мэт нисэж, урсгал ус мэт урсан өнгөрчихсөн, зүгээр л нэг толгойндоо програмтай хүн болоод хувирчихаж ч мэдэх юм. Харин сурч буй мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгож, түүндээ дуртай байж, өөртөө итгэлтэй, аливаад зөв хандлагаар ханддаг, эрдэм, соёлыг чухалчлан, сайны нөлөөгөөр өөрийгөө боловсруулж, хөгжүүлж чаддаг оюутан байж чадвал жинхэнэ эрх чөлөө, амьдралын баталгаа, аятайхан дурсамжийг төгсөлтийн дипломтойгоо хамт өвөртөлнө.  Аль ч улсын залуу иргэдэд нь ирээдүйн улс үндэстнийх нь хувь заяаг атгах, шийдэх, бүр эмгэнэлтэй байдалд ч хүргэж болох эрх мэдэлтэй байх үе ирдэг. Тэгвэл энэ цаг хугацаанд Монгол орны олон зуун мянган залуусын маань олон арван мянга нь яг одоо их, дээд суруульд суралцаж байна. Сургуульд тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч, оюуны асар их потенциал төвлөрсөн нийгмийн хамгийн оюунлаг хэсэг байдаг гэлцдэг. Өөрөөр хэлбэл хэн нэг нь эсвэл чиний ч хувьд хэдийгээр сонголт байсан боловч оюутан байх замыг өнөөдөр сонгосон бол эрдэм, мэдлэгт шамдаж, боловсролтой болох нь эн тэргүүний зорилт юм. Нөгөө талаар оюутан гэдэг нь оюу-н ухаан гэсэн утгаас гадна хийж бүтээх, сэргээн босгох, санаачлан үүсгэх их үйлийн эзэн, эрч хүч, гал цог, золбоо, жавхлан төгс гэсэн утгыг агуулдаг гэлцдэг. "Оюутан" гэдгийг "Залуу хүн" гэсэн утгатай илүү ойртуулж ойлгохыг л сануулсан хэрэг биз. Оюутан хүнд оршиж буй байгал, нийгмийн давуу тал, боломжийг өөрийн олж авсан давуу тал, чадамж, мэдлэгтэй хамт шатрын хөлөг мэт өрж тавиад харан баясаж, бахархан сууж болох юм. Сайхан л хэрэг! Дайнд бол жагссан баатар эрс шиг сүрлэг сайхан. Харин дайнд ялалтыг тактикаар, шатарт хожлыг нүүдлээр шийддэг. Сайн нүүх л хэрэгтэй дээ. Хожлынхоо төлөө санаа зовинох биш, харин хожлынхоо тухай бодож эргэцүүлэх нь чухал. (Prime time production, Nine network Australia-ын бүтээл "Нууц" баримтат кинонд хүслээ биелүүлэх, амьдрах ухааны нууцыг задалдаг тул үзэхийг зөвлөж байна) Араас нь залгаад бодсон толгойныхоо дагуу явсан хөл нь илүү дээр байх шүү. Ирээдүйнхээ төлөө өнөөдөр боловсорч байдаг. Алхам алхмаар чи өндөр болно. Энэ бол чиний байх ёстой газар. Оюутны амьдралд тавтай морил. Дүү минь чи санаж байна уу? Ангийн багш, эцэг эхийн хурал, ширээний найз, 40 минут, алгебрь, биологийн хичээл, нэг ангийнхан, нэг салааныхан... Харин одоо чи аль хэдийн хэвшсэн зүйлс өөрчлөгдөж, бие даасан, нийгмийн харилцаа бүхий орчинд орсноо мэдрэх болно. Өмнө нь чи гэр бүл, сургууль төвтэй орчинд өөрийгөө олж, хүмүүжиж байсан бол одоо нийгмээ жинхэнэ утгаар нь олж авах цаг нь иржээ. Нийгэмд чи яаж оршин тогнох вэ? Нийгэм (нийт олон) - Энэ бол хүний амьдралын орчин. Чи оюутан байх бүх цаг хугацаанд урсгалаараа явсаар төгсөж болно, эсвэл чи идэвхтэй, шаргуу суралцаж хурдан хугацаанд ч төгсөж болно. Амьдралдаа шийдвэр гаргах чиний сонголт, эрх. Зөвлөмж бичигч миний бие хэдийгээр оюутны амьдралыг үзэж, алдаж, онож, хөөрөн баясаж, догдолж, шаналж байсан үе бишгүй олон тул тэр цаг хугацааны оюуны дурсамжыг нээж, сургамжтай байж болох үгсийг эрхэм оюутан дүү чамд хэлье.

Юун түрүүн өөрийгөө таних нь Дэгэж, дэрвэж явсан жаахан хүү, жаахан охин байсан үе саяхан мэт. Бүх л зүйл саяхан мэт. Гэвч одоо чи оюутан. Тиймээс энэ үеэ хүртэл яах гэж юуны тулд яваад ирэв ээ гэдгээ эргэцүүлж үзэцгээе! Цаашдаа чи хэн болох вэ? Яах гэж их сургуульд суралцаж байна вэ? Аав, ээж минь, ах эгч минь, дүү маань надаас юуг хүсэн хүлээж байна вэ? Би гэр бүлдээ, найздаа, сургуульдаа, нийгэмдээ ямар хувь нэмэр оруулж чадах вэ? Үүний тулд бий яах ёстой вэ? (Лектор төвөөс эрхлэн гаргасан "Би хэн бэ?" номыг уншихыг зөвлөе) Хариултыг нь хаа нэгтэйгээс заавал эрж олох л хэрэгтэй. Амьдралын зарчим, хүн байх зарчим, ертөнцийг үзэх үзэл, эх оронч үзлээ сэргээн, бодож тунгаа, бодож тунгаахад чи завсарлагааны цагийг л зарцуулах болно, эсвэл өөрийнхөө дуртай газраа, сайхан орчинд зориуд цаг гаргаж байгаад ч болно. Ер нь амьдралд суралцах, зөв авч явах ухаан гэдгээс илүү өөрийгөө удирдахуйд суралцах гэдэг нь илүү бодитой мэт. Хүн өөрийгөө бүрэн дүүрэн таньж мэддэг гэдэг нь бас эргэлзээтэй л зүйл. Мэддэггүйгээ мэдэхгүй ч яваа юм билүү. Ямартай ч одоо байгаа мэдлэг дээр суурилж өөрийгөө мэддэг байхыг л чухалчлах нь зөв бизээ. Сургуультайгаа танилцах нь Шинэхэн оюутан чиний сургуулийн орчин тойрон, зарлалын самбарууд, сургуулийн зорилго, зорилт, элсэн орсон сургуулийн чинь үнэ цэнэ, соёл, цайны газар, тэнд буй ажилчид, цэвэрлэгч нар, багш, оюутнууд, ханын цаг, шалны хулдаас, хогийн сав энэ бүгд бол товчхондоо чиний сургууль. Бас дээр нь оюутан байх цаг хугацааныхаа ~1/3- ыг чи энд, энэ газар өнгөрүүлнэ. Чи эндээс бие хүн, нийгэмшсэн хүн, жинхэнэ иргэн болох ухамсраа олж авна. Сургуульд чинь сөрөг, муу, өөрчлөх зүйлс юу байна? Мэдээж эерэг өөрчлөлтийг чи хийх, санаачлагыг хэрэгжүүлэх боломж нээлттэй. Энэ бол чиний гэр, чи эзэн нь. Анх би энэ гэр бүлийн гишүүн болохдоо будилах үе бага зэрэг гарч байлаа. Гэхдээ л их сайхан байсан. Хэдэн жилийн дараа дурсамжаа бүр илүү сайн хачирлаж байгаад очно.

Оюутны гарын авлагатай танилцах нь
Чамайг оюутан болоод эхний өдрөө сургуульдаа ирэхэд урьд өмнө нь сонсож байгаагүй, харж, үзээгүй, мэдэхгүй зүйлс өчнөөн тохиолдоно. Кредит систем гэж юу вэ?, Төлбөрөө хаана тушаах вэ? Дондог, Дорлиг, Должин, Долзод багш хаана байдаг вэ? Ямар хичээл ордог вэ? хичээл сонголтоо яаж хийх вэ? бие даалт гэж юу вэ? хичээлийн хуваариа хэрхэн зохиох вэ? ямар хичээл үзэх вэ? гээд суралцах үйл ажиллагаатай холбоотой олон асуулт тавигдана. Тэгвэл чи энэ бүгдийн хариуг "Оюутны Гарын авлага" хэмээх өөрийн сургуулийн сургалтын албанаас авсан номноос олох болно. Нэг их зузаан ном биш учир авч явахад хялбар. Найзлах хэрэгтэй. Оюутан байх бүх хугацааныхаа бүх төлөвлөгөөг энэ номтой хамт сууж байгаад гаргаарай. Хэдэн жил суралцах, ямар төлбөр төлөх гээд төлөвлөгөөг гаргаж болно.
Ангийнхан ба найз нөхөд
Дунд сургуульд танай анги ямар анги байсан бэ? Ангийн найзуудаа санаж байна уу? Ширээний найздаа их туслаж байсан уу? Туслуулж байв уу? хичээлээ хамт хийдэг байв уу? Одоо бол чи оюутан. Өмнө байснаас арай л өөр мэдрэмж, арай л өөр хамт олонд орно. Харьцангуй бие даасан, ажил хэрэгч шинж чанарыг хамгийн түрүүн мэдэрнэ. Бас хуучин байсан ангийн системээс нэг л ялгаатай. Гэвч чи оюутан ахуйн найзтай болох хэрэгтэй. Түүнийхээ төлөө бүхнийг зориулснаар, тэр ч бас чамд бүхнийг зориулна. Дотно танилцаж, бие биентэйгээ хамт хичээлээ хийх, хичээл сонголтоо хамтран хийх, биенийхээ сайн зүйлсээс суралцах, юуны ч талаар ярилцах гээд хэрэгтэй зүйл олон шүү. Найзууд нэгнийгээ хэзээ ч муу зүйлрүү татдаггүй гэдгийг санах хэрэгтэй. Хичээл таслах, хоцрох, муу сурах, соёл, ёс суртахуунгүй үйлдэл гаргах, гэрийн даалгавар, бие даалтаа хийхгүй байх нь дэмий зүйл. Эрх чөлөө бол хариуцлагаар хязгаарлагддаг. Ангиараа нэгдэж мэргэжлийн клуб байгуулах нь хичээлээс гадуур өөрсдийгөө хөгжүүлэх аятайхан боломж. Бусад хэрэгтэй олон зүйлийг санаачилж хэрэгжүүлж болно. Сайхан чөлөөтэй шүү дээ. Ирээдүйд нэг зорилгын төлөө хамт ажиллах хүмүүс танай ангийнхан. Анзаарч байхад үерхэл, хайр дурлал бол оюутан насны гэрэл гэгээ, мөнхийн сайхан зүйлсийн нэг болдог. Найз хөвгүүн, найз охинтой байх нь зүй ёсны боловч оюутан дүү минь чи амьдралд хэр бэлтгэгдсэн, хийж буй үйлдэл нь цаг үеэ олсон эсэх, гэр бүлийн утга учир, үнэ цэнийг хэрхэн ойлгож байгаагаас хамгийн гол зүйлс нь шалтгаална. Юунд ч бэлэн биш, хариуцлагагүй үйлдэл нь ирээдүйд залуу хүнд хор хөнөөлтэй асуудал үүсч болох юм.

Багштайгаа танилцах нь
Их сургуулийн багш дунд сургуулийн багшаас хэлбэрийн хувьд яльгүй ялгаатай. Багш нар хичээл заана, харин чиний араас айхтар хөөцөлдөж, санаа тавиад байхгүй л болов уу? Харин чи өөрөө багшийнхаа араас айхтар хөөцөлдөх хэрэг гарах байх даа. Ямар ч багшаас оюутан нь хичээлийнхээ талаар, ойлгоогүй зүйлийнхээ талаар асуухад дургүйцдэггүй юм, харин ч бүр дуртай. Багштайгаа хамт мэргэжлээр судалгааны ажил хийж, илтгэлийн уралдаанд орж болно. Уг нь бол Эрдэм шинжилгээний бага хурал-д оролцох гэдэг юм. Хэцүү биш шүү, тэгэж санагддаг л юм. Чи заавал оролцоорой. Багшаасаа чи олон зүйлийг сурна. Миний хувьд ШУТИС-д сурсан бөгөөд сургалтын кредит систем нь тухайн оюутанд дуртай хичээлээ, дуртай өдрөө, дуртай багшийгаа сонгоод, дуртай цаг дээр нь суугаад дуртай хугацаандаа төгсөж болох боломжийг олгодог. Тиймээс л энэ сургуульд 2 жилээр төгссөн нь байхад 10 жилээр төгсөж байгаа нь ч байдаг. 14-төй хүүхэд элссэн байхад 60 настай нь ч төгссөн ч байдаг. Сайн багш дээр, боломжийн цаг дээр хичээлд нь суухын тулд олон арван оюутнууд амьдралын төлөөх тэмцэлд орно шүү дээ.

Оюутны байгууллагатай танилцах нь

"Сурагчийн зөвлөл"-ийн талаар хэр мэдэх вэ? ерөнхийдөө төстэй шүү. Гэхдээ оюутны байгууллага бол арай илүү өргөн утга агуулгатай. Чи ямар ч байсан амжуулаад өөрийн сургуулийнхаа Оюутны Зөвлөлөөр ороод гараарай. Хүсвэл чи тэр Оюутны Зөвлөлийнхөө гишүүн болж, хичээлийнхээ хажуугаар нийтийн төлөөх ажил хийж, өөрийгөө чадваржуулах, өөрийгөө сориод үзэх боломжтой. Оюутан чамд хэрхэн яаж, тусалж дэмждэг, оюутны эрх ашиг гэж юу болох, түүнийг хэрхэн хамгаалдаг талаар, ямар хөнгөлөлт, урамшуулал, дүрэм, журам байдаг, оюутнуудын дунд ямар тэмцээн уралдаан зохион байгуулдаг, хэрхэн гишүүн болдог, нийгмийн амьдралд хэрхэн оролцох г.м зүйлсийг чи мэдэж авна. Чиний төлөө, чамайг хөгжүүлж, сайн хүн болгохын тулд "Оюутны байгууллага" оршдог юм. Энд дандаа оюутнууд ажилладаг. Мөн оюутны сайн дурын клуб, дугуйлангууд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд зөвхөн танай сургуульд ч биш бусад сургуулиас гадуур газруудад ч олон байдаг.

Ахлах дамжааны хүндлэл төрүүлсэн ах, эгч нартай танилцах нь
Танай сургуульд маш олон сайн хүмүүс бий. Чи тодорхой цаг хугацааны дараа эхнээс нь таньж, харж, мэдэрч эхлэх болно. Тэд тамхи татаж (зарим нь татдаг1), архи уухгүй, бусадтай зөв, сайхан харилцдаг, ёс суртахуунтай, соёлтой, хичээлээ сайн хийхийн зэрэгцээ хичээлээс ч гадуур зөндөө юм сонирхдог, басчгүй уралдаан, тэмцээнд амжилт гаргадаг. Тэгвэл чи тэр ах шиг, тэр эгч шиг болж чадна. Суралцах туршлагаас нь суралцах, дутуу ойлгосон хичээлээ асуух, оюутан гэж ямар хүн бэ? гээд хэрэг болох, хариулт нь шаардлагатай олон зүйл байна шүү дээ. Гэхдээ чи зөвхөн авах, ашиглах гэж хэрхэвч хандаж болохгүй. Яг л "Эрхэмлэн үзэх ах, эгч" шиг л хандаж, бас түүнд туслаж байх хэрэгтэй. Оролдоод үзээрэй. Харилцаа бол оршихуйн үндэс.

Эцэст нь
Багш нар оюутнууддаа эрдэм ном сурах талаар зөвлөгөө өгөхдөө зарим нь 3, зарим нь 5, зарим нь 9, 10 эрхэмлэх зүйл байна гэж янз бүрээр тодорхойлон хэлж болдог боловч аль алинд нь ижил төстэй зүйлүүдийг дурьддаг юм. Ганц үг гаргах хүн ч байна. Ач холбогдлын дэс дараагаар нь нарийсгаад бичээд байвал 108 зүйлтэй зөвлөгөөг ч дурьдаж болох юм. Тэндээс нь ганц үгийг нь тусган авч болох юм. Улсын хөгжлийн үндэс нь хүн амын оюуны чадавхи, бүтээлээр хэмжигддэг. Хялбар жишээ авч үзэхэд: Дэлхийд өндөр хөгжилтэй аль нэгэн улстай бид газар нутгаа солиод хоёр улсын хүн ам нүүлээ гэж санахад, бид бэлэн юман дээр очоод өндөр хөгжилтэй улс болчихно гэж хэлэхэд хэцүү. Харин манайд нүүж ирсэн ард түмэн хэсэг хугацааны дараа улам хөгжингүй улс болж мэдэх юм. Тэгэхээр аливаа улсын хөгжлийн гол эх үүсвэр, үндсэн шалгуур нь тухайн улсын оюуны чадавхи, нөөц юм. Тэгвэл нийгмийн хамгийн оюунлаг давхарга нь их дээд сургуульд байгаа гэвэл энд улсын хөгжлийн үндэс байна. Хэрэв энд буй хүмүүсийн олонх болох оюутан залуус мэдлэг, оюуныг эрхэмлэж, цаг ямагт суралцах хэрэгтэй. Сайхан Монгол орны ирээдүй учраас шүү дээ. Ийм том хариуцлагыг гартаа барьлаа, нуруундаа үүрлээ гээд алдах юм юу ч байхгүй. Харин ч азтай, золтой хэрэг. Хариуцлагаа ухамсарлаад, хөдөлмөрийн үр шимээр ирээдүйд чи сайн хүн, сайхан амьдрал, хөгжсөн улсаа буй болгож чадах нь лавтай. ...

Х. Батсайхан