Хууль Зүйн Яамнаас “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулна

2014 оны 09 сарын 10

Жил бүр Засгийн газрын яамд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж салбарынхаа үйл ажиллагааг нийтэд сурталчилдаг уламжлалтай. Энэ онд Хууль зүйн яам өөрийн харьяа агентлаг байгууллагуудын хамтаар энэ сарын 13-ны бямба гаригийн 09:00-17:00 цагт Чингисийн талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өө хийх гэж байна. Энэ үеэр иргэдэд эрх хэмжээнийхээ хүрээнд асуудал хариуцсан байгууллагууд шууд үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байгаа аж.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас  лавлагаа мэдээлэл өгөх, иргэний үнэмлэх захиалах, гээгдүүлсэн бичиг баримтын мэдээлэл авах, гадаад паспортын хугацаа сунгах үйлчилгээг үзүүлэх юм байна.
Харин цагдаагийн байгууллагаас иргэд олон нийтэд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, жолоо барих эрхээ хасуулж, хугацаа нь дууссан иргэдийн эрхийг сэргээх үйлчилгээ үзүүлэх, галт зэвсэг худалдан авах, улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл өгөх чиглэлээр зөвлөгөө өгнө.
Мөн цагдаагийн албанд анх орох иргэнд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийн талаар мэдээлэл өгч, иргэд, олон нийтийн санал, хүсэлт өргөдөл гомдлыг хүлээн авах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санамж, сэрэмжлүүлэг хүргэх юм.
Түүнчлэн яамны харьяа бүх агентлаг газруудын өргөдөл гомдлын асуудал хариуцсан ажилтнууд төвлөрсөн цэгт иргэдээс хүсэлт өргөдөл гомдлыг нь хүлээн авч, боломжтой асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх хүртэл арга хэмжээ авч ажиллах юм. Хууль зүйн зөвлөгөө мэдээллийг ч энэ үеэр иргэд мэргэжилтнүүдээс чөлөөтэй ирж авах боломжтой гэнэ.

Г. Оюунтогтох

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД