Баянхонгорчууд “Босоо бөх”-өө гэрэлт хөшөөнд мөнхлөв

2014 оны 09 сарын 06

Монгол улсын Гавьяат тамирчин, Самбо бөхийн дэлхийн аварга, улсын начин Зундуйн Дэлгэрдалай агсаны хөшөөний нээлт галуут суманд боллоо.

 Баянхонгор аймгийн Галуут сумын уугуул З.Дэлгэрдалай нь Үндэсний бөхийн өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 1976, 1977 онд дараалан түрүүлж “Улсын тулгат” цол, “Өсөх идэр” чимэг, 1985 оны улсын баяр наадамд тав давж Монгол улсын начин цол хүртэж байжээ.

Тэрээр мөн самбо бөхийн олон улсын тэмцээнээс долоон алт, таван мөнгө, хоёр хүрэл, жүдо бөхийн дөрвөн алт, хоёр мөнгө, хоёр хүрэл, самбо бөхийн улсын 11 удаагийн, жүдо бөхийн 6 удаагийн аварга, чөлөөт бөхийн идэрчүүдийн улсын аваргын алт, мөнгөн медаль хүртэж “БОСОО БӨХ” хэмээн ард түмэндээ хүндлэгдэж 11 жилийн туршид дэлхийн дэвжээнд Монгол улсынхаа нэрийг дуурсгаж, нэгэн зуунд харилтгүй хүч, дундрашгүй авъяасаараа тодрон гэрэлтсэн түүний суу алдрыг ийнхүү гэрэлт хөшөөнд мөнхлөв.

Г. Оюунтогтох

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД