Босго нь намдсан УИХ

2016 оны 02 сарын 25

Монголын төр бол УИХ. Парламентын гишүүн гэдэг бол Монгол төрийн минь сүлд хийморийг түшигч, бодлогыг тодорхойлогч гэж ойлгодог. Харамсалтай нь, төрийн босго намдсанаас хэн дуртай нь УИХ-ын гишүүний сэнтийд санаархаж, ард түмнээс сонгогдсон төрийн түшээд нь юу дуртайгаа бурдаг, хийдэг болжээ.

Энэ нь Монголын төр, УИХ-ын нэр хүндийг шалд нь хүртэл унагав. Өглөө бүр төрийн сүлдэндээ залбирч, цагаан сүүнийхээ дээжийг өргөдөг ээж, эмээ нарын хүндлэл, залбирал алсарсаар байгаа нь хэнээс, юунаас болов? Төрийн түшээдээ “76 мангуу” хэмээн нэрийдэж, үл хүндлэн, үл ойшоодог болсон нь хэнээс, юунаас болов?

Үндсэн хууль, УИХ-ын тухай хуульд зааснаар 25 нас хүрсэн, ухаан саруул хэнбугай ч УИХ-д нэр дэвших эрхтэй. Хуулиар олгосон энэ эрхээ эдэлж, өнөөдрийг хүртэл УИХ-ын сонгуульд зүсэн зүйлийн нэр дэвшигч өрсөлдөж байлаа.

Энэ удаагийн УИХ-д ч поп дуучин, бөө удган, мисс, мистер, хошин шогийн жүжигчин гээд олонд танигдсан хүн бүр шахам нэр дэвшихээр горилж, санаатай санамсаргүйгээр үүнийгээ зарлаж, тандалт судалгаа явуулж эхэлжээ.

Ингэхэд УИХ-ын гишүүн гэж хэн бэ? Ямар ажил хийх үүрэг хүлээсэн хүн бэ. Энэ албан тушаал дээр ажиллахад тавих шалгуур, шаардлага гэж байдаг уу?

Насанд хүрсэн хүн бүрийн хийж чаддаг сав угаагч, цэвэрлэгч, ачигч, манаачийг хүртэл ажилд авахдаа “дээд боловсролтой” байхыг шаарддаг болсон үед Монгол Улсын төрийн дээд байгууллагад ажиллах хүнд бүр өндөр шаардлага, шалгуур тавих учиртай.

Гэтэл өнөөдөр 25 нас л хүрсэн бол дээд боловсролтой боловсролгүй, ер нь ард түмэнд таалагдаж л байвал 10 жилийн сургууль төгсөөгүй байсан ч УИХ-ын гишүүн болох боломжтойг зарим гишүүн харуулав.

“Чадаж байгаа хүнд арга байхгүй” гэж үг бий. Тэглээ гээд төрийн эрх барих дээд байгууллагад ажиллах түшээдэд ийм хямдхан шалгуур тавих нь Монгол төрийн, УИХ-ын босгыг улам намсгасаар байна.

Цаашид нэр дэвших, сонгох үйл явц энэ хэвээр үргэлжилбэл Монголын 25 нас хүрсэн хүн бүхэн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, азаа үзэж яагаад болохгүй гэж. Хэрэв мөнгөтэй бол намд хандив өгч, “жагсаалт” гэх галт тэргэнд суугаад, УИХ-д шууд давхин орж ирэх боломж ч бий.

Энэ галт тэрэг 2012 оны УИХ-ын сонгуулиар амжилттай хурдлан, ард түмэнд таалагдах нь байтугай танигдаагүй хүмүүсийг УИХ-ын танхимд оруулж ирсэн. Нам төлөөлөн, төрийн өндөр албан тушаалтан болж болдгийг З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар харуулсан.

УИХ-ын гишүүн болчихсондоо өөрсдөө ч итгэж чадахгүй, сандран гүйж явсан түүх тэдэнд бий. УИХ-ын гишүүнээр ч зогсохгүй, төрийн сайдын албыг давхар хашиж буй нь чадалтай, чадвартайдаа биш ээ.

Ганцхан Монгол төрийн босго ямар намхан болж, үнэгүйдсэний бодит баримт. Өөрсдийгөө гололгүй УИХ-д нэр дэвшин, сонгогдож, төрийн түшээ гэх эрхэм алдар зүүж, эрх ямбыг нь эдэлж чадаж байгаа тэднийг буруутгах аргагүй. 2016 оны УИХ-д тэднээс ч дор “би чаднаагийнхан” орж ирэх янзтай боллоо.

Сүүлийн үед бараг хүн бүр шахуу УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдэг болсон. Биеэ засаад, гэрээ засчихсан хүмүүсээс эхлээд их сургуулиа дөнгөж төгсөөд ажил ч хийж үзээгүй атлаа сонгуульд үзэх сонирхолтой нөхөд захаас аван олшров.

Уг нь УИХ-ын гишүүн гэдэг төрийн бодлогыг тодорхойлдог, хамгийн гол нь хууль санаачлан, хэлэлцэж, батлах үндсэн ажилтай хүмүүс. Шалгуур шаардлага тавьж болдог бол хуульч, эдийн засагч мэргэжилтэй, энэ чиглэлээр олон жилийн дадлага туршлага хуримтлуулсан, салбар салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийн л хаших учиртай төрийн өндөр албан тушаал юм.

Гэтэл мэдлэг боловсролоо гололгүй, улс төрийн намуудад хөрөнгө мөнгөө баран байж, хүн бүр яагаад УИХ-д орох гэж зүтгэх болов. Үүний цаана УИХ-ын гишүүний бүрэн эрх, түүгээр дамжуулан хүссэндээ хүрч болдог улс төрийн хуйвалдаан, зөвшилцөл нэртэй далд наймаа, тохиролцоогоор Монголын төр, засгийн бодлого шийдвэрт нөлөөлж болдог “халдашгүй дархан эрх” нуугддаг учраас тэр.

Одоогийн УИХ-ын гишүүдийн бараг 10 гаруй хувь нь үндэсний топ компаниудын эзэн, хувьцаа эзэмшигч байгаа нь нэгийг хэлж, хоёрыг сануулсаар ирсэн. Тэд ард түмний төлөө хувийн бизнесээ “хаяж”, бидний амьдралыг сайжруулахын төлөө хууль санаачлан, өдөржингөө хуралдах гэж УИХ-д сонгогдоогүй л байх.

Төмөр зам, Тавантолгойгоос эхлээд мега төслүүдийг УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэлгүй гацаасны цаана улс орны эрх ашиг биш, зарим нэг халдашгүй эрхтэй гишүүний ашиг сонирхол нуугдаж буй гэх хардлага ард түмний дунд байсан.

Энэ нь ч эхнээсээ илэрч, хэдэн зуун сая ам.долларын асуудал сөхөгдөж буй нь УИХ-д нэр дэвших хүмүүсийн шалгуур, шаардлагыг өндөрсгөх зайлшгүй шаардлага буйг харуулж байна.

Гадаад, дотоодод боловсрол эзэмшсэн гэх залуучуудыг УИХ-д олноор нь оруулж ирснээр Монголын төр төр шиг болж, улс төр цэвэршихгүй л болов уу. Харин УИХ-д боловсрол мэдлэг, ажил, амьдралын туршлагаас гадна хувь хүнийхээ хувьд зангарагтай, жудагтай, хамгийн гол нь ёс зүйтэй хүмүүсийг шилж, сонгоод оруулж ирж чадвал ядаж өндөр төрийн маань босго намсахгүй юм даа.

УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилогсдод тавих шаардлага, шаардлагыг зөвхөн улс төрийн нам, фракц бүлэглэлийн “нүдээр” харахаа болих ёстой.

УИХ-ын гишүүнээр сонгогдсон тохиолдолд тэдний бүрэн эрх, халдашгүй байдлыг бид хуулиар хангалттай зааж өгсөн. Харин одоо хүлээх үүрэг, хариуцлагыг нь тодорхой зааж, хуульчлах хэрэгтэй болсныг сонгуулийн холимог тогтолцоо хангалттай мэдрүүллээ.

Ардчилсан парламентын өнгөрсөн 24 жилийн хугацаанд сонгогчдын сонголтыг “ходоодны”, “мөнгөний” гэх мэтчилэнгээр ангилж, үе үеийн УИХ-ыг ийм сонголтоор бүрдүүлсэн. Гэвч УИХ, түүний гишүүд өнөөдрийнх шиг ийм жудаггүй, зангараггүй байгаагүй билээ.

Ядаж л УИХ-д олонхийг бүрдүүлж асан улс төрийн хүчин нь нам гэх нэг “толгой” дор зангидагдаж, төр, засгийн бодлого, үйл ажиллагааныхаа зааг, ялгааг мэддэг байлаа. Харин одоо УИХ, Засгийн газрын аль нь ямар асуудлыг шийдэх, ямар үндсэн үүрэгтэйгээ ч мартав.

Хөрөнгө мөнгөтэй холбоотой мега асуудлуудад Засгийн газартайгаа эрх мэдлээ булаацалдах болсноор УИХ-ыг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага гэдгийг нь мартууллаа.

УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр горилж буй хүмүүсийн зарим нь босго давчихвал эрх мэдлийн дээд оргил, мөнгө үйлдвэрлэх хэмжээгүй эрхт боломж хэмээн хямдхан үнэлж буй нь одоогийн УИХ-ын бодит байдлаас үүдэлтэй. Улс орныг хуулиар удирдах ёстой УИХ-д зангарагтай, жудагтай нэр дэвшигчийг олж сонгож чадвал Монгол төрийн аврал тэр болно.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
91.183.239.238 Үнэн

Д.Оюун-Эрдэнэ

“Өнөөдөр” сонины тоймч. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн. 2010 оны Балдорж шагналт. 2011, 2012 оны Болор үзгийн эзэн. МСНЭ-ийн Уран бүтээлийн дээд шагналтай. Улс төр, уул уурхай, байгаль орчны чиглэлийн эрэн сурвалжилсан аналитик нийтлэлээр мэргэшсэн сэтгүүлч. “Далай ээж дахин цаазын тавцанд” , Хөшөөтийг хөшигний цаана нуух сонирхол”, “Мэнэнгийн тал Монголынх уу, Хятадынх уу” цуврал нийтлэлүүд бичсэн. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн “Хөшөөтийн хөшгийг нээсэн түүх” баримтат нийтлэлээ ном болгон хэвлүүлсэн.