Н.Энхтайван: Ойн мэргэжилтэн бэлтгээд явуулахаар Засаг дарга нь тэтгэврийн хүнээр сольчихдог

2015 оны 09 сарын 16

Өнгөрсөн тавдугаар сард ойн нөхөрлөлүүдийн анхдугаар чуулган болсон. Байгаль хамгаалах сайн дурын ажил хийдэг нөхөрлөлүүдийн хууль эрх зүйн орчин тааруу байгаа тухай орон нутгийнхан чуулганы үеэр хэлж байсан юм. Энэ талаар БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Н.Энхтайвантай ярилцлаа.

-Ойн нөхөрлөлүүдийн эрх зүйн орчныг сайжруулсан уу?

-1990 онд ойн анхны нөхөрлөл байгуулагдсан. Гэхдээ тэд өнгөрсөн тавдугаар сар хүртэл нэг ч удаа хуралдаж, санал солилцож байгаагүй. Тиймээс удирдах албан тушаалтнуудад хэлэх олон санал чуулганы үеэр гарч байсан. Наадмын өмнө Ойн тухай хуулинд хууль бус мод бэлтгэлийн талаарх мэдээллийг тодорхой үнээр худалдаж авах заалт орсон.

Хууль бус мод бэлтгэл, байгаль орчны гэмт хэргийн талаар мэдээлэл өгсөн иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг шалгаад, үнэн байвал 50 хүртэл мянган төгрөгөөр урамшуулах юм. Түүнчлэн УИХ-ын Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооноос нөхөрлөлийн чадавхыг бэхжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гаргасан.

2013 онд ойн санг гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөлийн нутаг дэвсгэр дээрээс мод бэлтгэвэл хариуцаж буй хүмүүст зардлын тодорхой хувийг төлөх журам боловсруулсан. Үүнийг дахин шинэчилж байна. Бид нөхөрлөлүүдийн урамшууллын систем бий болгох гэж хичээж байгаа.

-Нөхөрлөлийн гишүүд ойн дагалдах баялаг ашиглахаас өөрөөр орлого олдог уу?

-Байгаль хамгаалах сайн дурын ажил хийж байгаа учраас улсаас цалин олгохгүй. Ой цэвэрлэж, орлого олох эсэхээ нөхөрлөлийн гишүүд шийднэ. Ер нь байгалийн дагалдах баялаг ашиглаж орлого олохыг зөвшөөрдөг. Хамгийн гол нь нөхөрлөлүүд үүнийгээ төлөвлөгөөндөө тусгаж өгөх хэрэгтэй. Гэтэл одоо ихэнх нөхөрлөл хувь хүнээр төлөвлөгөө гаргуулчихдаг.

Нөгөөдөх нь тухайн аймгийн бараг бүх нөхөрлөлийн төлөвлөгөөг адилхан хийнэ. Уг нь гишүүд өөрсдөө төлөвлөж, ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Сайн дурын ажил хийдэг учраас ихэнх гишүүн нь идэвхгүй ажилладаг тухай зарим нөхөрлөлийн ахлагч ярьж байсан. Уг нь дундын сан байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх ёстой биз дээ?

-Хэнтий аймгийн нэг нөхөрлөл байгалийн дагалдах баялаг ашиглан, дундын сандаа 20 гаруй сая төгрөг цуглуулсан. Тэд эхлээд нөхөрлөлийн гишүүдийн хандиваар дундын санг бий болгож, ашигтай үйл ажиллагаа явуулж арвижуулсан гэсэн. Зөгий үржүүлээд, зөгийн балаа борлуулах хэсэг байхад зарим нь эмийн ургамал түүж, борлуулдаг.

Одоо тэд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг дундын сангаасаа гаргаж байгаа. Зарим гишүүн нөхөрлөлийн үйл ажиллагаанд оролцдоггүй мөртлөө орлогоос нь авах гэдэг. Энэ бол нөхөрлөлийн дотоод бүтцийн асуудал.

-Ой цэвэрлэх техник дутмаг байдаг юм билээ. Үүнийг яаж шийдэх вэ?

-Нөхөрлөлийн гишүүдэд байтугай байгаль хамгаалагч нарт ч техник дутмаг байдаг. Тиймээс бид Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас жижиг оврын тракторыг нөхөрлөлүүдэд зээлээр олгож байгаа. Одоогийн байдлаар найман нөхөрлөл энэ зээлд хамрагдсан.

-Нөхөрлөлийн гишүүдийг чадавхжуулах тал дээр ямар арга хэмжээ авах вэ?

-БОНХАЖЯ-ны Төрийн захиргаа удирдлагын хэлтэст нөхөрлөл хариуцсан хүн ажиллаж байна. Тэр хүн гишүүдийг чадавхжуулах олон арга боловсруулж байгаа. Түүнчлэн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дөрвөн аймагт хамтын оролцоотой ойн менежментийг чадавхжуулах төсөл хэрэгжүүлж байна.

Энэ төслийн хүрээнд 100 гаруй нөхөрлөлийн гишүүнийг биологийн олон янз байдлын хамгаалал, тогтвортой ойн менежмент, нүүрстөрөгчийн хийн хуримтлалыг нэмэгдүүлэх гэсэн чиглэлээр сургалтад хамруулах юм.

-Уг нь сум дундын ойн анги нөхөрлөлийн үйл ажиллагааг хянадаг. Гэтэл тэдний чадвар муу байна.

-Сум дундын ойн анги аймгийн Засаг даргын мэдэлд байдаг. Бид мэргэжлийн хүн бэлтгээд өгөхөөр, Засаг дарга нь тэтгэвэрийн хүнээр сольчихдог. Нэг жилийн дотор л мэргэжилтнүүдийн 60 хувь нь өөрчлөгдчихдөг. Гэхдээ аймгийн Засаг даргын томилсон хүнийг ч бид сургаад л өгнө. Нөгөөдөх нь хэдэн сарын дараа дахиад л халагдчихдаг. Бид энэ бүхнийг зохицуулах гэж хичээж л байна.

-Нутгийн уугуул иргэд нөхөрлөл байгуулах ёстой. Гэтэл тухайн нутгийн иргэн биш хүмүүс нөхөрлөл байгуулж, хууль бус мод бэлтгэдэг гэж сонссон?

-Хотоос орон нутагт очсон иргэд харьяаллаа шилжүүлээд л тухайн багийн иргэн болчихдог. Уг нь нөхөрлөлийн гишүүдийн 80 хувь нь тухайн орон нутагт амьдардаг байх ёстой. Нөхөрлөлийг сумын Иргэдийн нийтийн хурлаар байгуулдаг.

Тиймээс зөвшөөрөл өгч байгаа хүмүүс тухайн сумын иргэн мөн эсэхийг шалгах хэрэгтэй. Гэхдээ “Ой эзэмшигч нь нутгийн иргэн байна” гэж заасан учраас хүн амьдардаггүй бүс нутагт нөхөрлөл байгуулах боломжгүй. Ийм газарт хууль бусаар мод бэлтгэх зөрчил их байдаг.

-Ойн цэвэрлэгээний талаар зааж зөвлөдөг үү. Уг нь газарт унасан мод ургаж байгаадаа тэжээл өгдөг биз дээ?

-Түймэрт өртөж, газарт унасан мод хөрс болж задардаг. Тиймээс ойн 70 хувийг цэвэрлэх эрх олгодог. 30 хувийг нь ойдоо үлдээх ёстой. Ашиглаж болохооргүй модыг жижиглэж, бутлаад шахмал модоор бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүдэд түүхий эд болгож өгөх хэрэгтэй. Нутгийн иргэд үүнийг сайн мэднэ.

-Хууль бус мод бэлтгэл хаана их гарч байна вэ. Нөхөрлөлүүд үүнтэй хэр тэмцдэг вэ?

-Сэлэнгэ аймагт хууль бусаар мод бэлтгэх зөрчил их байна. Ой цэвэрлэх нэрээр нойтон мод огтолж байгаад баригдсан хүн ч бий. Уг нь нутгийн иргэд байгалиа хамгаалах чин хүсэлтэй байдаг. Тиймээс тэд хүнээр хэлүүлэлтгүй хууль бус мод бэлтгэлтэй тэмцдэг юм. Гэхдээ одоо мөнгөнөөс чухал зүйл гэж байхгүй болжээ.

Э.НЯМДУЛАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч