“Хятад улс дэлхийн хүлэмжийн хийн 20 гаруй хувийг ялгаруулж байна” гэв

2015 оны 09 сарын 07

Ирэх арванхоёрдугаар сард Франц улсын Парис хотод уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын 21 дүгээр бага хурал болно. Уур амьсгалын өөрчлөлтийг хянах гол баримт бичиг болох Киотогийн гэрээний үйлчлэх хугацаа дуусч байгаа учраас талууд ийнхүү Парист хуралдах гэж байгаа аж. Харин өнгөрсөн баасан гаригт манай улсын уур амьсгалын өөрчлөлтийн талаар өмнөдийн туйл судлаач Даниел Прайс Монголын эрдэмтэдтэй уулзаж, зөвлөгөө өглөө. Даниел Прайс уур амьсгалын өөрчлөлтийн талаар мэдээлэл түгээх зорилгоор байгаль судлаач, эрдэмтийн багаас бүрдсэн “Pole to Paris” аян зохион байгуулж буй. Тус аяны оролцогчид умард ба өмнөд туйлаас Парис хүртэл дугуйгаар мэдээлэл тараах юм байна. Д.Прайс одоогоор 7000 км зам туулаад байгаа аж. Түүнээс аяллынх нь тухай болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Өмнөд туйлд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн мэдрэгдэж байна вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтийн талаар эцэг эх, найз нөхөд маань ч сайн ойлгодоггүй. Тэд үүнийг өөрсдөдөө хамаагүй асуудал мэт ханддаг. Гэтэл өмнөд туйлын мөс маш эрчимтэй хайлж байна. Энэ нь дэлхийг сүйрүүлж мэднэ. Хүлэмжийн хий их ялгаруулдаг орнууд Киотогийн гэрээнд нэгдээгүй байсан. Харин Парист болох уулзалтаар эдгээр орнууд нэгдэхээр болж, хүлэмжийн хийг тодорхой хэмжээгээр бууруулах үүрэг хүлээсэн. Энэтхэг, БНХАУ, АНУ зэрэг орнууд дэлхийн хүлэмжийн хийн тал хувийг ялгаруулж байгаа. Үүнийг ихэнх хүн мэддэггүй. Тиймээс би өмнөд туйлаас Парис хүртэл дугуйгаар аялж, мэдээлэл түгээж байгаа.

-Уур амьсгалын өөрчлөлт хамгийн их мэдрэгдэж буй улсуудыг нэрлэхгүй юү?

-Индонез, Бангладеш зэрэг улсад уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө их мэдрэгдэж, иргэд нь дүрвэж байна. Маргааш гэхэд дэлхийн хүн ам мөхчихгүй. Гэхдээ дүрвэж буй хүмүүс танай оронд ирвэл байдал ямар болох вэ гэдгийг бодох цаг ирсэн. БНХАУ-ын Бээжин хотод зун явж байхад ч агаарын бохирдол их байсан.

-Монголын агаарын температур хоёр хэмээс нэмэгдсэн. Энэ нь бидэнд ямар сөрөг нөлөөтэй вэ. Дэлхийн дулаарлыг бууруулахын тулд хувь хүн юу хийх вэ?

-Би сүүлийн арваад жил хувь хүний үйлдэл уур амьсгалын өөрчлөлтийг бууруулна гэж боддог байсан. Гэхдээ одоо хувь хүн том өөрчлөлт хийж чадахааргүй болжээ. Хүмүүс нэгдэж, шийдвэр гаргагч нарт нөлөөлж, Засгийн газрын хэмжээний бодлого батлуулах хэрэгтэй. Ингэж байж л дорвитой арга хэмжээ авна. Монголчууд нар, салхи ашиглаж эрчим хүчээ хангах бүрэн боломжтой учраас нүүрсний хэрэглээгээ багасгах хэрэгтэй” гэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн С.Оюун, БОНХАЖЯ-ны Байгаль хамгаалах сангийн Уур амьсгалын өөрчлөлтийн төслийн менежер Б.Тэгшжаргал болон эрдэмтэд оролцсон. УИХ-ын гишүүн С.Оюун “Манай улс одоогоор эрчим хүчнийхээ 95 хувийг нүүрснээс гаргаж авч байна. Гэхдээ 2030 он хүртэл хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилго тавьсан. Дэлхий нийтээрээ байгалийн нөөцийг хадгалсан, тогтвортой хөгжил рүү шилжих хандлагатай болж байна. Бид үүнээс хоцрохгүй, хэв маягаа өөрчлөх хэрэгтэй” гэсэн юм.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч