Халх голд байлдахдаа Япон цэргүүд шумуулнаас хамгаалах арга хэрэглэдэг байжээ

2015 оны 09 сарын 07

Буриадын “Рысь” эрлийн баг Дэлхийн II дайны талбарт сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагаа явуулдаг байна. Тэд ОХУ-ын Подольск дүүрэг болон манай улсын Дорнод аймгийн Халхын гол орчимд хайгуул хийдэг аж. Тус багийнхан арван жилийн хугацаанд 201 дайчны шарил олж нутаглуулсан бөгөөд Буриадын 16 иргэний энгэрийн тэмдэг, 11 булш илрүүлжээ. Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойд зориулж “Рысь” багийнхан Монгол дахь эрэл хайгуулын ажлын тайлангаа өчигдөр мэдээллээ. Тус багийн ахлагч Владимир Ефремовоос зарим зүйл тодруулав.

-Танай багт сурагчид ажилладаг гэсэн. Хүүхдүүд ийм ажиллагаанд оролцдог гэхээр сонин санагдах юм. Ямар учиртай юм бэ?

-Манай баг 2006 оноос хайгуул хийж эхэлсэн. Би цэргийн албанд ажилладаг байсан учраас дайны тухай маш сайн мэднэ. Өдий болтол зарим дайчны шарилыг олж чадахгүй байгаа нь харамсалтай санагддаг. Тиймээс тэтгэвэрт гарсныхаа дараа энэ ажлыг санаачилсан юм. Хүүхдүүд бидний ажлыг их дэмждэг. Бидний ажил буддын шашинтай хүнд сонин санагдах байх. Харин бидний хувьд бол энэ нь нэр төрийн ажил юм. Манайд 200 гаруй хүүхэд ажилладаг. Тэд дунд сургуулиа төгсөөд цэргийн сургуульд элсдэг.

-Хайгуулын үеэр дайны тухай ховор, сонин баримт хэр олддог вэ?

-Бид Москва орчмоос 70 цэргийн шарил олж байсан. Энэ тухайгаа ар гэрийнхэнд нь дуулгаж, нутаглуулсан нь ховор тохиол юм. 1939 оны халх голын дайны үеэр онгоцонд пуужин суурилуулж нисдэг байсан юм билээ. Тэр үеийн япон цэргүүд шумуулнаас хамгаалахын  тулд  малгайндаа төмөр утсан хүрээ хийдэг байсныг олсон. Энэ олдвор анх таамаг төдий байсан. Гэтэл БНХАУ-ын Харбин хотод байрладаг цэргийн музейд шумуулнаас хамгаалах торон малгай өмссөн япон цэргийн зураг байдгийг хүмүүс хэлсэн. Түүнчлэн япон цэргүүдийн хэрэглэж байсан архи, пивоны шил үйлдвэрлэсэн компанийнхаа нэр, хаягтай гарч ирсэн. Энэ бүхнийг Дорнод аймгийн Сүмбэр сумаас олсон юм. Бид аравдугаар сарын сүүлийн ням гаригт цэргүүдийн шарилыг нутаглуулдаг.

-Ахмад дайчдад олдвороосоо үзүүлдэг үү?

-Тэдэнтэй холбоотой байж, заавар зөвлөмж авахыг хүсдэг. Одоо нэрийг нь санахгүй байгаа ч өмнө нь нэг генералтай уулзсанаа мартдаггүй юм. Түүнийг  Москвагийн цэргийн сургуульд элсэхэд нь дайн эхэлсэн гэсэн. Тэгээд улаан армид 1943 онд хүртэл дайтаж, штабаас ямар үндэстэн болохыг нь асуухад Монгол гэж хариулсан тухайгаа надад ярьсан. Түүнтэй адилхан олон хүнтэй уулзахыг хүсдэг. Бид залуу хойч үедээ эх оронч сэтгэлгээ, хүмүүжил олгох зорилготой. Бидний түүхийг хэн нэгэн гуйвуулж, дураараа ярьж, бичихгүй байгаасай гэж хүсдэг. 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч