УТАА УУГИАД ЭХЭЛЛЭЭ, ХЭН ЯАЖ БАГАСГАХ ВЭ?

2015 оны 09 сарын 02

Өвөл айсуй. Удахгүй албан байгууллага, айлуудын халаалт ирнэ. Дулаан хэрэглэх байшингийн тоог дагаад цахилгаан станцын зууханд шатаах нүүрсний хэмжээ ч нэмэгдэнэ. Хүйтэрч эхэлмэгц айлууд нүүрсээ түлж өнөөх утаа суунаглана. Өнгөрсөн жил цас багатай, дулаахан өвөл болсон учраас агаарын бохирдол харьцангуй бага байсан тухай албаныхан хэлсэн.

Харин энэ жил мичин жилийн зуд болох төлөвтэй байгааг олон хүн сануулж буй. 2012 оноос хойш агаарын бохирдол 50 хувиар буурсан хэмээн Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийнхэн мэдээлсэн. Гэхдээ л хүйтний улиралд хот сааралтсан хэвээр байгаа. Утааг багасгахын тулд олон арга хэмжээ авсан.

Үүний нэг нь гэр хорооллын айлуудад сайжруулсан зуух тараах төсөл юм. Энэ ажлыг “Улаанбаатар цэвэр агаар” төслийнхөн хэрэгжүүлдэг.

Тус төслийн захирал Н.Энхболдоос зарим зүйл тодрууллаа.

-Сайжруулсан зуухыг энэ жил ч хөнгөлөлттэй үнээр тараах уу?

-Манай төслийн багийнхныг өвөл зуух тараачихаад л амарчихдаг гэж ойлгож болохгүй. Бид агаарын бохирдлыг бууруулах төрөл бүрийн судалгаа хийж, төлөвлөгөө гаргадаг. Халаалтын улирал дуусахаар зуух тараах ажил зогсдог учраас өнгөрсөн тавдугаар сараас хойш энэ хөтөлбөр хэрэгжээгүй.

“Цэвэр агаар” төслийн хүрээнд 45 мянган зуух хөнгөлөлттэй үнээр тараах зорилт тавьсан юм. Өнгөрсөн жил 40 мянган зуух тараасан. Энэ жил хэчнээн зуух тараахыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо шийдэх байх. Манайх Дэлхийн банктай хамтарч энэ төслийг хэрэгжүүлдэг. Тэд “Зуух” хөтөлбөрийн 90 хувь нь амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэсэн.

-Танайх агаарын бохирдлыг бууруулахын тулд өөр ямар ажил хийдэг вэ?

-Цахилгаан станцуудын үнсэнд цацраг идэвхит бодис байгаа эсэхийг шалгасан. Мөн үнсийг барилгын материалд ашиглаж болдгийг судалж, гаргалаа. Цаашид төвлөрсөн дулаан хангамжийг сайжруулах төлөвлөгөөтэй байна. Ер нь агаарын бохирдлоос салах бас нэг гарц нь дулаан хангамж юм.

10 цаг мод хагалбал найман цаг сүхээ ирлэх ёстой гэсэн үг бий. Тиймээс төлөвлөгөө гаргах нь бидний хувьд чухал ажил. Түүнчлэн төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги гаргасан. Гэр хорооллынхныг орон сууцжуулах нь агаарын бохирдлыг багасгах хамгийн найдвартай арга юм.

-Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги гэж юу гэсэн үг вэ. Тодорхой тайлбарлахгүй юу?

-Амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айлуудыг орон сууц худалдаж ав гэж хэлэх хэцүү. Хамгийн гол нь айлуудын төлбөрийн чадварыг тодорхойлох хэрэгтэй. Дараа нь тэдгээр айлыг түрээсийн орон сууцанд амьдруулах ч юм уу өөр арга хэрэглэж болно. Энэ хөтөлбөрийг дэлхийн олон оронд хэрэгжүүлдэг.

Ямартай ч хариуцсан байгууллагууд агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ авсаар байгаа аж. Түүнийх нь ачаар бохирдол ч буурсаар байгаа юм байна. Гэхдээ өвөл хаяанд ирчихээд байхад Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга буюу БОНХАЖ-ын сайдын суудал эзгүй хэвээр байна.

Дарга нь суудлаа эзэлж байж энэ жилийн сайжруулсан зуух тараах ажлын төлөвлөгөө гарах учиртай юм. Уг нь тус хорооноос асуух зүйл олон байна. Харамсалтай нь асуултад хариулах албаныхан хөл, толгойгоо олохгүй бие бие рүүгээ “гүйлгэнэ”.

Ямартай ч Улаанбаатар хотын агаарын бохирдлын талаар хариулт өгөх дараах хүмүүстэй уулзлаа.

Д.Баасан (“Цэвэр агаар” сангийн гүйцэтгэх захирал): -Өнгөрсөн онд сайжруулсан зуухны төслүүдэд 21 мянга гаруй зуух нийлүүлж, 4300 сая төгрөг санхүүжүүлсэн. Харин энэ онд 16.2 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 4.2 тэрбум нь өмнөх оны гэрээт ажлуудаас үлдсэн санхүүжилт юм. 2012 оноос хойш агаарын бохирдол багассан.

Гэхдээ Баянхонгор, Сайншандад агаарын бохирдол их байна. Энэ нь хил дамнасан буюу хуурай орчны нөлөөлөлтэй холбоотой. Өнөө жил гэр хорооллын айлуудад 5000 зуух тараах төлөвлөгөөтэй байгаа ч одоогоор бүрэн шийдэгдээгүй байна.

Ш.Нямдаваа (Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн Агаарын чанарын хэсгийн ахлах инженер): -Манай алба Улаанбаатар хотын 14 цэгт агаарын чанар хянаж, шинжилгээ хийдэг. Тэдгээр цэгт автомат болон автомат бус машин суурилуулан агаар бохирдуулж буй 2-5 бодисын хэмжээг тогтоож байгаа. Агаар бохирдуулах эх үүсвэр харилцан адилгүй учраас гэр хороололд дөрөв, авто зам дагуу гурван харуул байршуулсан.

Энэ жил зуд болох учраас агаарын бохирдол нэмэгдэнэ гэж хүмүүс ярьж байна. Уг нь зарим оронд агаарын бохирдлыг урьдчилан судалж, мэдээлэл гаргадаг. Гэхдээ манайд тийм тоног төхөөрөмж байхгүй. Хүмүүс өвлийн улиралд л агаар бохирддог гэж ойлгодог.

Гэхдээ шороо ихтэй хаврын улиралд ч агаар бохирддог юм. Намар навч хатаж, зун барилгын ажлын тоос бохирдол үүсгэдэг. Есдүгээр сар гарч байхад өвлийн бэлтгэл төлөвлөгөө төдий л байдалтай байгаа аж. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооныхон хуралдаж, төлөвлөгөөг ажил болгох гэсээр байтал өвөл үүдээр орж ирэх нь.

Э.НЯМДУЛАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч