Т. БАЯРСАЙХАН: ПРАДАГИЙН ЦҮНХИЙГ МОНГОЛ ЯМААНЫ АРЬСААР ХИЙДЭГ

2015 оны 09 сарын 01

Туул голын бохирдлыг арьс ширний үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжтай шууд холбож үздэг. 700 мянган хүн амтай хотод зориулагдан барьсан Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхээ больсон тухай албаныхан хангалттай мэдээлсэн.

Харин арьс шир боловсруулах үйлдвэрийнхэн Туул голыг бохирдуулж буйтайгаа санал нийлж байгаа мэт ямар ч мэдэгдэл гаргадаггүй. Энэ талаар Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхантай ярилцлаа.

-Арьс шир боловсруулах үйлдвэрүүд бохирдлоо үнэхээр Туул гол руу цутгадаг юм уу?

-Сүүлийн арваад жил арьс ширний үйлдвэрүүд өмхий хаягдлаа Туул гол руу цутгаж байна гэж ярьж, бичлээ. Химийн боловсруулалт хийж байгаа учраас өмхий үнэртэх нь тодорхой. Гэхдээ хаягдлаа гол руу цутгадаггүй. Бид хуультай улсад амьдарч байна.

МХЕГ болон бусад хяналтын байгууллага яах гэж оршин тогтнодог юм. Хэрвээ бид хаягдлаа гол руу цутгадаг бол хяналтын байгууллагууд аль эрт манай үйл ажиллагааг зогсооно.

-“Харгиа” цэвэрлэх байгууламжийн технологи хуучирсан учраас бохирдлоо шүүж чадахгүй Төв цэвэрлэх рүү дамжуулдаг. Тиймээс Төв цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй байна гэдэг.

-“Харгиа” цэвэрлэх байгууламж хувийн өмч учраас гаднын компаниудаас хөрөнгө оруулалт авч чадахгүй байна гээд 2010 онд Нийслэлийн өмч болгосон. Тэр үед манай холбоо хувьцааг нь нийслэлд үнэгүй өгсөн юм.

Тэд хэдэн ширхэг шинэ тоног төхөөрөмж авчирсан. Үйл ажиллагаа нь бага хэмжээгээр л сайжирсан байх. Гэхдээ арьс ширний үйлдвэрүүд жижиг хэмжээний цэвэрлэх байгууламжтай. Ер нь манай үйлдвэрүүдээс болж Туул гол бохирдож байна гэсэн судалгаа, баримт хаана ч байхгүй.

Бид өнгөрсөн зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 25-ныг хүртэл зогсолт хийсэн. Энэ үеэр ч гэсэн Туул гол бохирдоод л байна. Ажиллахгүй байгаа үйлдвэрүүдээс болж гол бохирддог нь сонин. Ер нь байгаль орчны тулгамдсан асуудал дээр дөрөөлж мөнгө олдог хүмүүс арьс ширний үйлдвэрээс болж Туул гол бохирдож байна гэж мэдээлдэг.

-Байгаль орчны тулгамдсан асуудал дээр дөрөөлж мөнгө олдог гэдгээ тодорхой тайлбарлахгүй юу?

-Би хамаагүй юм ярьж болохгүй. Манай үйлдвэртэй олон хүний амьдрал холбоотой байдаг. Шуудай нүүрс, зүсэм талхны төлөө ажилчид маань өдөр шөнөгүй зүтгэж байна. Тиймээс Туул голын бохирдолд бид буруутай, буруугүй гэж маргалдах зав байдаггүй.

-Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн технологи ямар байна вэ?

-Прадагийн цүнхийг монгол ямааны арьсаар хийдэг. Манай үхрийн арьс 50 мянган төгрөгийн үнэтэй гэж бодъё. Хагас боловсруулахаар 80 мянга, гүн боловсруулбал 100 мянган төгрөг болно. Тиймээс Итали, Франц, Хятад зэрэг улс манайхаас хагас боловсруулсан арьс авдаг.

Тэдэнд арьсаа борлуулж байна гэхээр бид шаардлагыг нь хангаж байна гэсэн үг. Гэхдээ дэлхий даяар Прадагийн цүнхийг Итали арьс гэж итгэдэг. Манайхан гүн боловсруулалт хийж чадахгүй байгаа нь гадаадынханд ашигтай. Шинэчлэлийн Засгийн газраас арьс шир боловсруулах үйлдвэрүүдэд 140.4 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож, бид технологио шинэчилсэн.

Одоо манай зарим аж ахуй нэгж Япон улсад цүнх борлуулж байна. 1990-ээд онд манай үйлдвэрүүд жилд 280 мянган нэхий дээл хийж, ОХУ руу гаргадаг байлаа. Тэр үеэ бодвол хангалтгүй ажиллаж байгаа ч удахгүй сайжирна.

-Танай үйлдвэрүүд яагаад зогсолт хийсэн юм бэ?

-Харгиа цэвэрлэх байгууламжаас тийм хүсэлт гаргасан юм. Ер нь арьс шир боловсруулах үйлдвэрүүд арваас гуравдугаар сар хүртэл сайн ажилладаг. Манай үйлдвэр үүдээс болж Туул гол бохирддог бол энэ саруудад хэмжээ нь ихсэх ёстой.

Харамсалтай нь манай үйлдвэрүүд ажилласан, ажиллаагүй хэвээрээ л байдаг юм. Ерөнхийлөгчийн Тамгын газраас Туул голын бохирдолтой холбоотой хэлэлцүүлэг өрнүүлсэн. Эрдэмтэд Туул голын бохирдлыг олон талаас нь тайлбарласан ч арьс ширний үйлдвэр буруутай гэж огт яриагүй.

-Албаныхан арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн хаягдал Туул голыг бохирдуулж байна гэж мэдээлдэг. Тэд ч бас худлаа ярьж байна гэсэн үг үү?

-Манайх Европын холбооны тусламжаар гурван сая долларын төсөл хэрэгжүүлсэн юм. Үүний хоёр сая доллараар судалгаа хийж, үлдсэнээр нь Харгиа цэвэрлэх байгууламжийн ойролцоох лаг хаягдлыг цэвэрлэсэн. Тэр компанийнхан арьс ширний үйлдвэрийн бохирдол Туул голд нөлөөгүй гэсэн судалгаа гаргасан.

Гэхдээ тэрийгээ БОНХЯ (хуучнаар)-нд өгсөн гэсэн. Манай үйлдвэрүүд арьс шир боловсруулахдаа гурав, зургаан валентийн хром хэрэглэдэг байсан. Зургаан валентийн хром элэгний хорт хавдар үүсгэдэг нь батлагдсан учраас сүүлийн жилүүдэд хэрэглэхээ больсон.

Бид сайжрах гэж хичээж байна. Гэтэл саяхан нэг сэтгүүлч арьс ширний үйлдвэрийн хаягдал Туул гол руу цутгаж байна гэсэн мэдээ нийтэлсэн. Туул гол руу оруулсан хоолой нь арьс ширний үйлдвэрүүдээс хоёр км-ийн цаана байдаг “Гэрэгэ” хэмээх компанийнх байсан. Тэд барилгын хөрсний усыг Туул гол руу хийж байсан юм.

-Арьс ширний үйлдвэрүүд Эмээлт рүү нүүх ажил ямар шатандаа явж байна вэ?

-Эмээлт рүү нүүх санааг арьс шир боловсруулах үйлдвэрүүд гаргасан. Учир нь гадаадын арьс шир боловсруулах үйлдвэрүүд хотынхоо захад, эсвэл тусгай дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг. Тэр дүүрэгт амьдардаг хүмүүс нь хэзээ ч өмхий үнэртлээ гэж хэлдэггүй юм.

Гэтэл манай газрын наймаачид үйлдвэрийн хашаанд барилга бариад зарчихдаг. Иргэд үйлдвэрийн хашаанд ирж буучихаад муухай үнэртлээ гэж гомдоллоно, биднийг хөөнө. Тиймээс 2012 онд Улаанбаатар хотод байгаа арьс шир боловсруулах үйлдвэр үүдийг хотоос нүүлгэх тогтоол гарсан.

Усны судалгаа хийж, 160 гаруй га газарт үйлдвэр технологийн парк байгуулах хил тогтоосон. Зам, барилгын ажил гүйцэтгэх компаниудыг шалгаруулж байгаа.

Э.НЯМДУЛАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.133.161 Ta buhnii ajild ih amjilt husie. Udahgui delhiid neree gargasan mongol brend tsunhnuudiig uildberleerei.

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч