Ш.БАТДЭЛГЭР: ХӨРСНИЙ БОХИРДЛООС БОЛЖ ХУВЦАС ӨНГӨӨ ХУРДАН АЛДДАГ БОЛСОН

2015 оны 08 сарын 26

Агаар, хөрсний бохирдлыг улиг болсон сэдэв хэмээдэг. Гэхдээ л дорвитой арга хэмжээ авч бохирдлыг багасгах хүн алга. Харин ч жил ирэх бүр бохирдлын хэмжээ ихсэн, сөрөг нөлөө нь нэмэгдэж буй.

Энэ талаар Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан Ш.Батдэлгэртэй ярилцлаа.

-Танай байгууллагынхан хөрсний бохирдлыг жил бүр судалдаг уу. Хамгийн сүүлд хотын аль хэсгийн хөрсийг судалсан бэ?

-Манай хүрээлэнгийн эрдэмтэд 2000-2006 онд хүүхдийн цусан дахь хүнд металлын агууламжийг судалдаг байлаа. Тухайн үед хөрсний бохирдол нь үүнтэй бага хамааралтай гэсэн дүгнэлт гарсан. Харин 2012 оны судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний 80 хувь нь гуравдугаар зэргийн бохир гэж гарсан.

Зарим хэсгээрээ дээд зэргийн бохир. 2013 онд манай эрдэмтэд Баянзүрх дүүргийн сургууль, цэцэрлэг орчмын хөрсний дээжийг авч судлахад нянгийн бохирдол дөрөвдүгээр зэрэгт хүрсэн байв. Харин энэ онд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо буюу “Нарантуул” захын нийтийн эзэмшлийн талбайн хөрснөөс дээж авч, шинжлэхэд хүнд металл тодорхой хэмжээгээр илэрсэн.

Бид эхлээд Улаанбаатар хотын хөрсийг нийтэд нь судалдаг байсан бол сүүлийн үед дүүргийн хэмжээнд судалж байгаа.

-“Нарантуул” зах орчмын хөрс хог хаягдлаас болж бохирддог уу. Яагаад заавал тэр орчмын хөрсийг шинжилсэн юм бэ?

-Манай хүрээлэнгийнхэн “Хог- BucketChallenge” аяны хүрээнд “Нарантуул” зах орчмын хогийг цэвэрлэсэн юм. Ингэхдээ гурван хэсгээс хөрсний дээж авч, шинжилгээ хийсэн. Хөрсний эрүүл ахуйг тодорхойлох 30 гаруй үзүүлэлт бий. Эдгээрээс цөөн хэсгийг нь сонгож аваад шинжилсэн.

Нянгийн тоо 1-1.5 сая байвал хөрс цэвэр, хоёр сая бол бага, 2.5-3 сая байвал дунд, 3-5 сая түүнээс дээш бол их бохирдсон гэж үздэг. Харин “Нарантуул” зах орчмын хөрсний нянгийн тоо 2.9-7.3 сая гарсан. Энэ нь мэдээж газрын гадаргад их хэмжээний хог хаягдал байгаатай холбоотой.

Хамгийн гол нь бохирдсон хөрсөн дээр хүүхдүүд тоглож, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь харамсалтай санагддаг. Ийм дүр зураг олон жил үргэлжиллээ. Цаашид дахиад хэдэн жил ийм байхыг мэдэхгүй.

-Хөрс бохирдуулдаг зарим элемент хүний биед зайлшгүй хэрэгцээтэй гэж сонссон. Үнэн үү?

-Хөрсний бохирдлын шинжилгээгээр зэс их илэрдэг. Зэс нь бодисын солилцоонд оролцож, цус сэлбэх үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг. Гэхдээ их хэмжээгээр илэрвэл элэг, бөөрний хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг. Тэр дундаа хүүхдийн уураг тархийг гэмтээдэг юм.

-Танайх хөрсний бохирдлыг багасгах талаар ямар ажил хийдэг вэ. Эрдэмтэд ажилладаг учраас зөвхөн судалгаа хийдэг үү?

-Манай хүрээлэн хөрсний бохирдлыг багасгах зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Зарим орон хүнд металлаар бохирдсон хөрсийг нэг жилийн дотор л бүрэн цэвэршүүлж байна. Манайд тийм технологи, хөрөнгө байхгүй.

Тиймээс бид судалгаа л хийдэг. Уг нь хөрсөнд ашигтай бактери бий. Өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэд тийм бактериас хувцасны материал гаргаж авдаг. Манай эрдэмтэд ч үүнийг хийж чадна. Гэхдээ санхүүгээ шийдэж чаддаггүй.

-Гэр хорооллын модон жорлонгоос болж хөрс их бохирддог. Гэтэл зарим айл жорлонгийнхоо хажууд гүний худагтай байдаг. Тэгэхээр манайхан хөрсний бохирдлын талаар ойлголт муутай байх шиг санагддаг.

-Хашаандаа модон жорлонтой байж хажууханд нь гүний худаг ухчихдаг. Гүний ус цэвэр гэсэн ойлголтоосоо салах хэрэгтэй. Засгийн газар гэр хорооллын айлуудын ариун цэврийн асуудлыг мартчихсан. 1990 оны үед хөрсөнд 20 грамм хар тугалга байвал бохирдсон гэж үздэг байсан.

Гэтэл одоо энэ хэмжээг 100 болгож өсгөсөн. Харин ДЭМБ-аас хүүхдийн цусан дахь хар тугалгын агууламж 10 дицлитр байвал сэтгэн бодох чадварт сөргөөр нөлөөлнө гэж заасан бол саяхан энэ хэмжээг тав болгож бууруулсан. Гэтэл манайх стандарт үзүүлэлтийнхээ хэмжээг улам нэмээд байдаг нь сонин.

-Хятад улс жимс, хүнсний ногоо тарихдаа химийн бодис ашигладаг. Харин бид эх орныхоо хөрсийг шим тэжээлтэй гэж боддог. Гэтэл хотын хөрсний ихэнх нь бохирдсон гэж та хэллээ. Тэгэхээр бид аль ч улсын хүнс хэрэглэсэн хордоно гэсэн үг үү?

-БНХАУ агаарын бохирдол ихтэй учраас хөрс нь дагаад бохирдсон. Энэ хоёр бохирдлыг салгаж ойлгож болохгүй. Учир нь өвлийн улиралд бохир агаар хөрсийг, зуны улиралд бохир хөрс агаарыг “өвчлүүлдэг” юм. Бохир ч гэсэн газартаа жимс, ногоогоо тарихаас өөр аргагүй.

Хятадад саяхан хүнд металлтай хөрсөнд тарьсан 12 сая тонн ургац устгасан гэсэн. Тэр ургацыг устгахад 2.5 тэрбум ам.долларын зардал гарсан. Манай хөрсний бохирдол БНХАУ-ынхыг бодвол бага. Тиймээс хөрсний шинжилгээгээ сайн хийлгээд, жимс ногоо тарьж болно.

Урд хөршийн жимсийг бодвол хамаагүй хор багатай. Гэхдээ энэ жил шинжлээд цэвэр гэж дүгнэгдсэн хөрс дараа жил ямар ч хэмжээгээр бохирдож магадгүй.

-Хотын аль хэсгээр хөрс хамгийн их бохирдсон байна вэ?

-Агаар, хөрсний бохирдлыг ямар хэмжээтэй байгааг заавал судалгаанаас харах шаардлагагүй болсон. Бидний өмссөн хувцас нэг өдрийн дотор ямар хэмжээгээр бохирдож байгааг нүдээрээ харах боломжтой.

Шороо ихтэй учраас бидний хувцас халтартаж байгаа юм биш. Бохирдлоос л болж байгаа юм. Гэдэсний халдварт өвчин нэмэгдэж байгаа нь ч хөрсний бохирдолтой холбоотой. Тиймээс заавал тоо баримт харахгүйгээр үүнийг ойлгох цаг болсон. Хотын бүх л хэсгээр бохирдол их байна.

Э.НЯМДУЛАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч