“Нэг ширхэг ч мод тарьж үзээгүй хүн байгаль хамгаалах сургалт хийж чадах уу”

2015 оны 05 сарын 18

АНУ-ын эрдэмтдийн судалгаар ирэх 20 жилийн хамгийн нэр хүндтэй хүмүүсээр байгаль хамгаалагчид нэрлэгдсэн байна. Гэхдээ дэлхийн ойн нөөцийн 11 орчим хувийг хамгаалдаг тэд ирээдүйд ийм алдар зүүх гэсэндээ байгаль хамгаалах үйлсэд хүчин зүтгэдэггүй. Ихэнх нь дээрх судалгааны талаар мэдэх ч үгүй яваа. Манай улсын байгаль хамгаалагчид ч мөн адил. Анх ойн цагдаа нэртэй байсан байгаль хамгаалагчид 1990 оноос нутгийн иргэдээс бүрдсэн ой хамгаалах нөхөрлөл байгуулжээ. Тэд өнгөрсөн баасан гаригт “Байгалийн нөөцийн хамтын менежмент” нэртэй үндэсний анхдугаар чуулганаа зохион байгууллаа. 15 жилийн хугацаанд нэг ч удаа хуралдаж, чуулж байгаагүй ойн нөхөрлөлийнхөн алдаа оноо, туршлагаа хуваалцахаар цугласан юм.

Байгуулагдаад удаагүй шинэхэн нөхөрлөлийн гишүүд “архаг” нэгнээсээ туршлага судалж, удаан уулзаагүй зарим нь мэнд мэдэлцсээр чуулганы нээлт эхэллээ. Чуулганд БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, УИХ-ын гишүүд, НҮБ-ын Хүнс хөдөө, аж ахуйн байгууллага, ойн нөхөрлөлийн 800 орчим төлөөлөл оролцлоо. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол чуулганыг нээж “Байгаль орчныг дан ганц төрийн албан хаагчдын хүчээр хамгаалах боломжгүй гэдэг нь амьдрал дээр нотлогдсон. Нутгийн уугуул иргэдийн идэвх оролцоо, үйл ажиллагаагаар байгаль хамгаалах арга олон улсын хэмжээнд нэвтэрч байна. Монгол малчдын нутгаа хайрлан хамгаалах сэтгэлгээ мах цусанд нь шингэсэн байдаг.

Энэ л түүх үе дамжин нутгийн уугуул иргэд хамтран ойн нөхөрлөл байгуулан байгаль орчноо хамгаалсаар 15 жилийн нүүр үзлээ. Төр засгаас иргэдийг нөхөрлөл байгуул гэж шахаж шаардаагүй. Өөрсдийн зохион байгуулалтаар үйл ажиллагаа явуулдаг учраас алдаа оноо их бий. Нөхөрлөлийн хамтын сан, гишүүдийг чадавхжуулах нь хамгийн эхний хийх ёстой ажил гэдгийг судалж, мэдлээ” гэсэн юм. Одоогоор улсын хэмжээнд 1600 гаруй нөхөрлөл байгаагийн ихэнх нь ойн санг гэрээгээр эзэмшиж буй аж. Тэд ус, ан амьтан, ургамал, аялал жуулчлал зэрэг 400 гаруй чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна. Эхний хэлэлцүүлэг “Ойн нөхөрлөлийн туршлага, ололт амжилт, сургамж” сэдвээр өрнөсөн юм.

Хэлэлцүүлгийн үеэр Төв аймгийн Мөнгөнморьт сумын ойн нөхөрлөлийг төлөөлж Н.Азжаргал “Өнөөдрийн чуулганаар албаныхан сайхан зүйл их ярилаа. Аймаг, сумын нөхөрлөлүүдэд олон удаа сургалт явуулж, чадавхийг нь сайжруулсан гэж хэллээ. Гэхдээ бид тэр сургалтаас юу ч мэдэж авдаггүй. Дээд сургуулиа дөнгөж төгссөн, нэг ширхэг ч мод тарьж үзээгүй хүн сургалт зохиож чадах уу. Цаасан дээр бичсэн хуулиа уншаад, кофе уулгаж, цаас харандаа бэлэглээд л яваад өгдөг. Тэр цаасаар нь хүүхдүүд л тоглоно. Мөн нөхөрлөлийн гишүүн болохын тулд 18 нас хүрсэн, тухайн сум дүүрэгт байнга оршин суудаг Монгол Улсын иргэн байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Гэтэл манай суманд хотоос олон хүн ирж байна. Тэд амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд бидэнтэй нэгдэж, мод тарьдаг. Хуулиар тэднийг нөхөрлөлийн гишүүн болгох боломжгүй.

Хэрвээ гишүүн болговол татан буулгана гэж айлгадаг. Мөн мод тарьдаг хүүхэд олон бий. Насанд хүрээгүй учраас тэднийг ч гишүүн болгож болохгүй. Гэтэл хүүхдээ багаас нь байгалиа хамгаалж сурга гэж төрөөс заадаг. Хууль бодит амьдрал дээр зөрчилдөөд байна” гэсэн юм. Түүний хэлсэн үгийг бусад нөхөрлөлийнхөн ч дэмжиж байв. Нөхөрлөл бий болсноор хууль бус мод бэлтгэл, ойн түймэр багасаж байгаа ч тэдний амьжиргааг дээшлүүлэх ажил олддоггүй байна. Байгалийн дагалдах баялаг ашиглах эрхтэй тэдэнд байгалиа хамгаалах чин сэтгэлээс илүү хөрөнгө байхгүй тухай ярьж байв.

Энэ тухай БОНХАЖЯ-ны ойн нөхөрлөлийн мэргэжилтэн Н.Энхтайван “Сүүлийн жилд нөхөрлөлийн тоо нэмэгдэж байгаа ч эдийн засгийн чадамжтай, үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилдэг нөхөрлөл цөөн байна” гэв. Чуулганы дараагийн хэлэлцүүлэгт нөхөрлөлүүдийн хийсэн ажлыг танилцуулсан юм. Дорноговь аймагт уул уурхайн компани олон байдаг. Тэдний үйл ажиллагаанаас нөхөрлөлүүд 1000 гаруй аргаль хамгаалж үлджээ. Түүнчлэн тусгай хамгаалалттай газрыг тэмдэгжүүлэх, уул уурхайн компанийн нөхөн сэргээлтийг хийлгэх уриалга ч гаргадаг байна. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар манай улсын аялал жуулчлалын гол цэгүүдийн нэг. Гэхдээ үүнээс үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөлөл их бий. Тиймээс нутгийн иргэд Улаанцутгалан хүрхрээний эргэн тойронд хамгаалалтын бүс гаргаж, машин явахыг хориглосон байна.

Тэд 4.1 км бүсийн хамгаалалтыг 20 гаруй хоног хийжээ. Түүнчлэн тохижилтын ажил ч хийсэн байна. Гэхдээ Тусгай хамгаалалттай газар нутагт амьдарч байгаа иргэд нөхөрлөлийн зохион байгуулалтад орж болохгүй гэсэн хуультай. Тэдэнд байгалиа хамгаалах чин сэтгэл, идэвх оролцоо байгаа учраас хуулийн заалтаа өөрчлөхийг хүсэв. Мөн Төв аймгийн Аргалант сумын “Жаргалант”, “Оргилуун сүү”, “Баяндэлгэр” нөхөрлөлүүдэд тарвагатай нутаг эзэмшүүлж, хамгаалах ажил даалгасан байна. Энэ нь тарвага хууль бусаар агнахыг хязгаарлаж, тогтвортой өсөх нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Харин Увс аймгийн Бөх мөрөн сумын нөхөрлөлүүд нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал, ан амьтны менежментийг амжилттай хэрэгжүүлж байгаа аж.

Ховд аймгийн “Цаст ундарга” нөхөрлөлийн ахлагч Б.Нямбаяр “Нөхөрлөлийн гишүүд хууль зөрчсөн этгээдийг торгох арга хэмжээ авдаг байвал зүгээр санагддаг. Бид хууль бус үйлдэлтэй таарчихаад цагдаа дуудсаар байтал цаг алддаг. Албаны хүмүүсийг бодит байдал дээр очиж, танилцаасай гэж хүсэж байна. Албан бус тоо баримт, толгойдоо орсон мөрөөдлөө яриад байх юм. Амьдрал дээр бидэнд болж бүтэж байгаа зүйл ховор” гэв. Харин энэ бүхний хариуд БОНХАЖЯ-ны мэргэжилтнүүд болохгүй зүйлсийг төрийн бодлогоор дэмжих шаардлагатайг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт мэдэгдэхээ илэрхийллээ.

БОНХАЖЯ-ны мэргэжилтнүүд байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг, Сэлэнгэ, Төв аймгийн нөхөрлөлийн гишүүдээс хүндрэл, бэрхшээлийн талаар судалгаа авчээ. Судалгаанд оролцогчдын 46 хувь нь санхүүгийн чадавхтай болоход зээл тусламж үзүүлэх шаардлагатай гэсэн бол 10 гаруй хувь нь орон нутгийн төр захиргааны байгууллагууд нөхөрлөлийн үйл ажиллагааг дэмждэггүй гэсэн байна. Харин үлдсэн хувь нь нөхөрлөл бүр албан ёсны гэрчилгээгүйгээс төсөл, хөтөлбөрт хамрагдаж чадахгүй байна гэжээ.

Э.НЯМДУЛАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч