Аймгуудын ойг Чингисийн талбайд “нүүлгээд” иржээ

2015 оны 05 сарын 14

Чингисийн талбайд 20 гаруй цагаан асар дүнхийж, өнгө өнгийн цэцэгс алаглан, сүү, цагаа идээний үнэр ханхална. Энд ойн нөхөрлөлүүд хийсэн ажлаа танилцуулан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй юм. Эхний асар Ховд аймгийн “Цаст ундарга” нөхөрлөлийнх бөгөөд эсгийгээр хийсэн тэмээний хэлбэртэй утасны зүүлт, хүүхдийн тоглоом, малгай, бээлий, хивсээр “дүүрчээ”.

Харин ойн санг гэрээгээр эзэмшдэг нөхөрлөлүүд шар хуайс, бөөрөлзгөнө, нарс, улиасны суулгац борлуулж байв. Өвөрхангай, Сэлэнгэ, Хөвсгөл, Төв аймгийн нөхөрлөлүүд мод үржүүлгийн газар, ойн зурвас байгуулсан олон жилийн туршлагатай учраас модны суулгац  борлуулахдаа маш сайн зөвлөгөө өгч харагдана. 2500 төгрөгийн үнэтэй шар хуайс, бөөрөлзгөний суулгац бөгөөд хамгийн их борлуулалттай нь байлаа.

Сүүлийн үед цэцэг тарьдаг хүн олон болсон учраас нөхөрлөлүүд төрөл бүрийн цэцгийн үрсэлгээ зарж байв. “Чооёо” буюу аз жаргалын цэцэг богино хугацаанд хамгийн их борлогдсон тухай гишүүд ярьж байв. Хээр ургадаг цэцэгтэй адилхан харагддаг учраас аз жаргалын цэцэг монголчуудад таалагддаг аж. Тус үзэсгэлэн худалдааны таримал цэцэг хотын дэлгүүрийн үнээс хямд санагдав. Мөнхрөө цэцэг гэхэд л 3500 төгрөг.

Ойн нөхөрлөлүүд байгаль хамгаалах, амьжиргаагаа дээшлүүлэх гэсэн хоёр үүрэгтэй. Тэд хууль бус мод бэлтгэл, ойн түймэртэй маш сайн тэмцдэг. Харин амьжиргаагаа дээшлүүлэх тал дээр хангалтгүй байгаа талаар БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол хэллээ. Нөхөрлөлүүд байгалийн дагалдах баялагаар цалинжих ёстой. Гэтэл нутгийн иргэд нөхөрлөлүүдийн хийсэн гар урлалын бүтээгдэхүүн, цагаан идээ, бэлтгэсэн модыг худалдан авдаггүй аж. Тиймээс аймгууд хоорондоо эсвэл хотод үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, бүтээгдэхүүнээ борлуулах шаардлагатай байгааг хэлж байв.

Дорнод аймгийн Баяндун сумын “Баян-Ухаа” малчдын нөхөрлөл цагаан идээгээр амьжиргаагаа дээшлүүлдэг. Тэд аймгийн сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлдэг учраас дундын сан байгуулж, мөнгө хуримтлуулдаг болсон байна. “Баян-Ухаа” нөхөрлөлийн гишүүд шинэ төрлийн нэрс, чацарганатай ааруулаа үзэсгэлэн худалдаанд авчирчээ. Тус нөхөрлөлийн ахлагч Т.Азжаргал “Хотынхон хөдөөний амьдралаас хэт холдоод байх юм. Зарим хүүхэд ээзгий мэдэхгүй гайхаж байна” хэмээн шүүмжлэв.

Харин Орхон аймгийн нөхөрлөлүүд ойн түймрээс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгч байлаа. Тус аймгийн “Нар” нөхөрлөлийн ахлагч Б.Сарангэрэл “Энэ жил хуурайшилт ихтэй байгаа учраас ойд түймэр их гарч байна. Дорнод аймаг гарсан түймэр сэтгэл шимшрүүлж байлаа. Тиймээс өнөөдрийн үзэсгэлэн худалдааны үеэр ард иргэддээ түймрээс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгөхөөр болсон. Шаардлагагүй бол ууланд авирахгүй байх, тамхины цогоо унтраах зэрэг хүн бүрийн мэддэг хэрнээ хэрэгжүүлдэггүй зүйлсийг байнга сануулах ёстой” гэв.

 

 

 

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч