Чөлөөт бөхийн холбооны удирдлагуудыг тав хоногийн дотор огцрохыг шаардав

2015 оны 05 сарын 13

Чөлөөт бөхийн шигшээ багийн зарим дасгалжуулагч, тамирчид нэгдэж, “Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороо” байгуулжээ. Тэд удирдлагуудаа тав хоногийн дотор бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч, тамга тэмдгээ хүлээлгэн өгөхийг шаардан, өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. “Монголын чөлөөт бөхийн холбоог шинэчлэн зохион байгуулах түр хороо”-ныхон одоогийн ерөнхийлөгч Д.Дагвадоржийн хууль бус үйлдэл, дарамтнаас залхаж ийнхүү  удирдлагууддаа шаардах бичих хүргүүлээд байгаа аж. МЧБХ дөрвөн жилд нэг удаа, Олимпийн наадам дууссанаас хойш 90 хоногийн дотор их хурлаа хийх ёстой  байдаг ч  одоо болтол хуралдаагүй байгаа гэнэ. Тиймээс тэд  Д.Дагвадоржийг хууль бусаар сонгогдсон гэж үзэж буй.

Гавьяат тамирчин, дасгалжуулагч О.Пүрэвбаатар “Холбооны зарим тамирчин удирдлагуудын дарамтнаас айсандаа бидэнтэй нэгдэж чадахгүй байна. Тэднийг  хэл амаар доромжилж, бидэнтэй нэгдвэл хоолгүй болгоно гэж утсаар дарамталж байгаа.  Казахстан улсад болсон 2014 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс манайх багаараа мөнгөн цом авсан. Тэр үед дасгалжуулагчаар нь би ажилласан юм. Багийнхаа цомыг авахаар шагналын тавцанд гарах гэтэл Д.Дагвадорж ерөнхийлөгч миний оронд казах хүн гаргасан. Тэр хүн Д.Дагвадоржийн наймааны найз юм гэсэн. Энэ бол зөвхөн ганц баримт. Залуу тамирчдыг аварга болохгүй бол ална шүү гэж заналхийлдэг. Бид энэ байдлыг дахин тэвчиж чадахгүй” гэв. МЧБХ-ны удирдлагуудыг огцруулах шаардах бичигт 100 орчим тамирчин, дасгалжуулагч, шүүгч гарын үсэг зуржээ. 

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч