Улаанбаатар удахгүй НОГООНБААТАР болохыг ерөөв

2015 оны 05 сарын 11

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу улс даяар 11 дэх удаагаа “Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр”-ийг тэмдэглэлээ. Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригт зохиогддог “Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр” энэ жил Аугаа их ялалтын 70 жилийн ой, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсэж хөгжсөний 25 жилийн ойн өдөр тохиов. Түүхт ой давхацсан энэ өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Парламент” төгөл байгуулж, 70 ширхэг монос суулгасан юм.

Тус төглийн нээлтэд ОХУ, Беларусь, Казахстан улсын Элчин сайд нар оролцов. Тэд Ялалтын түүхэн өдрийг мод тарих өдөртэй хамтатган тэмдэглэх сайхан үйлс санаачилсан УИХ-ын дарга З.Энхболдод талархал илэрхийлж, “Улаанбаатар удахгүй Ногоонбаатар болох”-ын ерөөл дэвшүүллээ. УИХ-ын дарга З.Энхболд “Өнгөрсөн жил тарьсан мод сайхан ургаж байгаа нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнуудын ач тус юм. Тэд хүрээлэндээ тарьсан мод бүрийг усалж, арчилдаг. Гэхдээ мод тарьж ургуулах нь зөвхөн энэ байгууллагын ажил биш гэдгийг сануулмаар байна. Цэцэрлэгт хүрээлэнд амарч, зугаалж, бэлтгэл хийж байгаа хүн бүр мод ургуулах үйлсэд оролцох хэрэгтэй” гэв.

Мод тарих өдрийн энэ жилийн онцлог нь шинээр тарьсан модонд бар код олгож, цахим бүртгэл хийж байгаа нь юм. Тодруулбал, анх тарьсан болон хөрөнгө оруулсан хүн, байгууллагын нэр, арчилгаа, усалгааг хэн хийсэн, ямар бордоо хэрэглэсэн, яаж ургаж байгаа явцыг бичиж бүртгэх аж. Ингэснээр иргэн, байгууллага бүр тарьсан модныхоо ургаж буй явцыг цахимаар хянах боломж бүрдлээ. Энэ талаар БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “Өнгөрсөн хугацаанд бид мод тарьж сурлаа. Одоо харин ургуулж сурах хэрэгтэй байна. Уг нь хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 24 ам метр байдаг. Гэтэл манай нийслэлийнхний хувьд ердөө 3.2 ам метр байгаа нь хэтэрхий бага үзүүлэлт юм.

Энэ нь тарьсан модоо ургуулж чадахгүй байгаатай холбоотой. Тиймээс энэ жилээс тарьсан модоо регистртэй болгож, цахим тооллогод оруулж хяналт тавих тогтолцоо бүрдүүлээд байна” хэмээв. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтнуудаас гадна 50 гаруй аж ахуйн нэгж, 2000 гаруй иргэд хамтран долоон төрлийн 3000 гаруй мод тарьсан юм. Тус хүрээлэнгийн мод, сөөг, зүлэгний 95 хувь нь ургаж байгаа нь Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг эзлэх үзүүлэлт гэнэ. Өмнөх жилүүдэд улс даяар 7.4 сая мод тарьсан бөгөөд энэ нь 60 орчим хувь нь ургасан байгаа аж.

“Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр”-өөр нийслэл, хот хөдөөгийн олон албан байгууллага, иргэн мод тарьсан. Тухайлбал, түүх, соёлын дурсгалт газрын орчны тохижилтыг сайжруулах зорилгоор байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран “Богд хааны ордон” музейн гаднах талбайд мод тарилаа. НАМЗХ-ны эко клубийн тэргүүн А.Зулхүү “Мод тарьж байгаа нь сайшаалтай. Гэхдээ зарим хүн мод тарихыг моод болгож өөрчлөөд байх юм. Албан шаардлагаар дуртай, дургүй мод тарьсан болоод, зургаа даруулчихаад явж байна. Мод тарихад сэтгэл чухал” гэсэн юм.

Харин Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Монгол-Туркийн нэрэмжит төв цэцэрлэгт хүрээлэнд 2000 гаруй мод, бут нэмж тарив. Тус өдөрлөгт УДБЭТын захирал Ч.Мөнхзул, театрын үе үеийн уран бүтээлчид, Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, “ТИКА” байгууллагын суурин төлөөлөгч, ноён Экрем Клан нар оролцов. УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баянзүрх хайрхныг ойжуулах аяныг өрнүүлж буй.

Тиймээс “Бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр” тэрбээр иргэдийн хамт тус хайрхны энгэрт 500 мод тарилаа. Тэрбээр “Уг нь Баянзүрх хайрхан хэдхэн жилийн өмнө битүү модтой байсан. Харамсалтай нь байгалийн гамшиг, түймэр, хүний хариуцлагагүй үйлдлийн улмаас бүх мод нь шатаж үгүй болсон. Хайрхныг ойжуулах ажлыг дэс дараатай тасралтгүй явуулж байгалийн унаган төрхийг нь сэргээх чухал” гэв.

Э.НЯМДУЛАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч