Сурагчид үдийн хоолны дараа шүдээ угаадаг болжээ

2015 оны 05 сарын 07

МХЕГ, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран “Эрүүл хөрс, эрүүл хүнс” аяны хүрээнд 44 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөрт шалгалт хийж байгаа. Шалгалтын дүн одоохондоо гараагүй учраас сургуулийн орчныг хэрхэн цэвэр байлгах, хоол тэжээлийн чанар эрүүл ахуйн ямар түвшинд байх ёстойг харуулахаар Орос, Монголын хамтарсан III сургуульд өчигдөр үзүүлэх сургалт зохион байгууллаа. Үзүүлэх сургалтад НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 14  сургуулийн захирал, багш, эмч оролцов.

Орос, Монголын хамтарсан III сургуулийн сурагчид таван жилийн өмнө сургуулийнхаа үдийн хоолонд хордож байсан. Энэ тухай тус сургуулийн захирал Ж.Соронзон “Бид “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” гэж ойлгодог нь буруу. Нийтийн цайны газар шиг өдөр бүр их хоол хийж байсан учраас ариун цэвэр, хоолны чанартаа анхаардаггүй байсан. 10 гаруй хүүхэд эмнэлэгт хэвтэж, оросоор дуу, шүлэг уншиж, шалгалтаа өгөхгүй гэж уйлахад нь бид үнэхээр хэцүү байдалтай байсан. Одоо бид хариуцлагатай, “үнэнч” болсон” гэв. Тус сургуулийнхан цайны газраа өргөтгөж, мэргэжлийн тогооч нар нь хүнсээ өөрсдөө бэлтгэдэг болсон байна. Мөн аяга таваг ариутгах машинтай болжээ. Тэд 1100 сурагчийн үдийн цай, 450 хүүхдийн өдөр өнжүүлэх бүлгийн хоол бэлтгэдэг байна. Үдийн цайнд мах, ногоо, төмстэй пирошки, нэрсний жүүс өгдөг аж. Пирошкигоо тосонд хайрахгүй, жигнэж хийдгээрээ онцлогтой. Өвлийн улиралд аарц, чацаргана, нэрсний жүүс өгдөг бол хаврын улиралд хүүхдүүдийн дархлааг сайжруулахын тулд сүүтэй гурвалжин будаа, хивэгтэй боорцог өгдөг.

Тус сургуулийн удирдлагууд өмнөх алдаагаа давтахгүйн тулд Япон улсын сургуулиас туршлага хуваалцсан аж. Японы дунд сургуулийн сурагчид үдийн хоолоо идэхээс өмнө гараа угааж, хооллосны дараа шүдээ угаадаг байна. Тиймээс Орос, Монголын хамтарсан III сургуулийн сурагчид үүнийг хэрэгжүүлэхээр болжээ.

Харин “Шавь” цогцолбор сургуулийн эмч Г.Чулуунбаатар “Энэ сургуулийн тогооч нар гурилан бүтээгдэхүүнээ хүртэл өөрсдөө хийдэг болохоор эрсдэл багатай ажилладаг юм байна. Манай сургуульд 1-5 дугаар ангийн 2000 гаруй сурагч бий. Бид гурилан бүтээгдэхүүнээ “Коко дэсерт” компаниас авдаг. Амт, чанар нь энэ сургуулийн бүтээгдэхүүнээс муу байгаа нь ойлгомжтой. Энгийн сургуулиуд өөрсдөө хоолоо бэлтгэх боломжгүй” гэв.

Улаанбаатар хотод төрийн болон хувийн өмчийн 213 сургууль “Үдийн цай” хөтөлбөр хэрэгжүүлж буй. Эдгээрээс 42 хувь нь зориулалтын цайны газартай аж. 

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч