Жон Лайонс: “Баялагтаа хэт анхаарвал байгалиа сүйтгэх аюултай”

2015 оны 05 сарын 06

“Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”-ын Монгол дахь төлөөлөгч Жон Лайонстой ярилцлаа. Тус байгууллага ногоон хөгжлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг олон улсын байгууллага бөгөөд хөгжиж буй орнуудын эдийн засаг, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чухал нөлөө үзүүлдэг аж.

-Танай байгууллага манай оронд хэзээнээс үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-БНСУ-ын Ерөнхийлөгч асан Ли Мун Бак 2008 онд “Ногоон өсөлт” санаачилга гаргаж, төрийн бус байгууллагын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Харин нэг жилийн дараа “Ногоон өсөлтийн тухай хөтөлбөр” баталж, 2012 онд “Даян дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэн” хэмээх олон улсын байгууллага бий болсон юм. Монгол Улс 2011 оны арваннэгдүгээр сард манай байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Гэхдээ 2013 оны зургадугаар сард БНСУ-ын Сонгдо хотноо болсон Даян дэлхийн ногоон хөгжлийн чуулганы үеэр БОНХ-ийн сайд асан С.Оюун гэрээнд гарын үсэг зурснаар Монгол Улс албан ёсоор “Даян дэлхийн ногоон хөгжлийн хүрээлэн”-гийн гишүүн орон болсон.

-Харьцангуй шинэ байгууллага юм байна. Байгаль орчны чиглэлийн төсөл хөтөлбөр маш олон байдаг. Танайх яг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай байгууллага Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажилладаг. Засгийн газрын бодлогод ногоон хөгжлийн тухай тусгах нь бидний үүрэг. Мөн дэд бүтцэд нөлөөлөхийг хичээдэг. Манай гишүүн улс бүхэн ийм үйл ажиллагаа явуулдаг. Бодлогоо бодит байдал дээр хэрэгжүүлэхийн тулд манай байгууллага БХБЯ, БСШУЯ, БОНХАЖЯ-тай хамтарч үлгэр жишээ ногоон цэцэрлэг барих дизайн гаргасан. БНХАУ, Швед улсын туршлагаас хуваалцахын тулд саяхан уулзалт зохион байгуулсан. Удахгүй гарын авлага гаргана. Швед улстай цаг агаар төстэй учраас санал солилцоход амар байсан.

-Сургуулийн орчныг ногоон болгох нь хамгийн чухал. Гэтэл манайд ийм сургууль бараг байдаггүй шүү дээ?

-Монгол Улсад ногоон барилга байгууламжтай гэхээсээ илүү үйл ажиллагаа нь эко сургууль бий. Орон нутгийн зарим сургуулийн бохирын цооног лагаар дүүрч, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг. Гэтэл Шведэд өтгөн, шингэн бохирыг ялгаж, дахин боловсруулах технологитой сургууль хүртэл байна. Үүнийг Монголд нэвтрүүлэх боломж байгаа эсэхийг судлахаас ажил эхэлнэ. Гэхдээ үйл ажиллагаа нь эко байна гэдэг чухал. Хүүхдүүдийн сэтгэхүйг өөрчилж байж хотын хөгжлийг ярих хэрэгтэй.

-Манай орны байгаль орчны хамгийн туламдсан асуудал юу байна вэ?

-Тулгамдсан асуудал олон байна. Гэхдээ монголчуудын эрүүл мэнд, эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа хамгийн том асуудал бол агаарын бохирдол. Түүнчлэн гадаадын зарим улстай харьцуулахад уур амьсгалын өөрчлөлт илүү хурдацтай явагдаж байна. Учир нь Монгол Улс сүүлийн 60 жилд 2.6 хэм дулаарсан. Гэтэл бусад улс энэ хугацаанд 0.8 хэмээр дулаахан болж байгаа. Энэ нь ихэнх үйлдвэрүүд хэт их эрчим хүч хэрэглэж байгаатай холбоотой. Монголчууд байгалийн нөөцдөө маш их анхаарал хандуулдаг мөртлөө хувь хүний хэрэглээ байгаль орчинд ямар нөлөөтэйг сайн ойлгоогүй юм шиг санагддаг. Байгалийн нөөц чухал. Гэхдээ баялагтаа хэт анхаарвал байгалиа сүйтгэх аюултай. Уул уурхайн компаниуд нөхөн сэргээлт, ойжуулалт хийхгүй бол олон сөрөг дагавар гарч байгааг одоо бид харж байна.

-Бүх салбарт ногоон хөгжлийн бодлогод анхаарал хандуулж эхэлсэн. Саяхан Та нийтийн тээврийн ухаалаг системийн тухай уулзалтад ногоон хөгжлийн талаар илтгэл тавьсан байх аа?

-Нийтийн тээврийн хэрэгслийг ухаалаг системд шилжүүлэхийн тулд олон арга турших хэрэгтэй. Гэхдээ том оврын автобуснаас гадна дугуйн зам, явган хүний замыг орхиж болохгүй. Түүнчлэн байгаль орчинд ээлтэй нийтийн тээврийн хэрэгсэлтэй болохын тулд одоо ашиглаж буй дизель түлшнээс татгалзах нь зөв. Үүнд мөн л иргэдийн ухамсар хэрэгтэй. Би дугуйгаар ажилдаа ирж, очдог. Эрүүл мэндэд ашигтай бөгөөд цаг хэмнэдэг.

-Танай байгууллагын цаашдын зорилго юу вэ?

-Бид урт хугацааны зорилго тавьж ажиллаж байна. Засгийн газрын бодлогод ногоон хөгжлийн тухай зөвлөгөө өгдөг талаар дээр хэлсэн. Түүнчлэн бодлогоо хэрэгжүүлэх дүрэм, журмаа батлах ёстой. Бид Монгол Улсад ногоон хөгжлийн нөлөөлөлтэй иргэн, аж ахуйн нэгжийг олон болгох зорилготой. Бодлого, дүрэм журмаас гадна нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийх ёстой. Зардал багатай, ногоон байгууламжтай барилга барих шаардлагатай байна. Ер нь байгууллагууд эдийн засгийн өсөлттэй, байгаль орчинд ээлтэй замаар явах сонирхолтой байгаа. Биднээс ногоон хөгжлийн талаар зөвлөгөө авч бодит байдал дээр хэрэгжүүлэх гэж хичээж байна. Үүнийг дэмжих хэрэгтэй.

-Та монголоор их сайн ярих юм. Хаана сурсан бэ?

-Соёл судлаач мэргэжилтэй учраас монгол хэл сурах сонирхолтой байсан. Тиймээс 2001 онд ирсэн. Энд байнга байдаггүй ч үргэлж ирж, очдог. Тиймээс монголоор сайн ярьж байгаа байх. 2008-2014 онд Өмнөд Америк, Канад, АНУ, Монголд уул уурхайн төсөл, байгаль орчны хөгжлийн талаар ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд “Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага”- ын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байгаа юм.

Э.НЯМДУЛАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч