ТУУЛ “ХОРТОЙ ТАРИА” ШАХУУЛАХАА ХЭЗЭЭ БОЛИХ БОЛ

2015 оны 04 сарын 29

Туул голын бохирдлыг арьс ширний үйлдвэр, цэвэрлэх байгууламжтай шууд холбож үздэг. Шийдэл олж чадахгүйдээ халаглан, нэгэнт бохирддогоо бохирдсон, улиг болсон сэдэв гээд үүнийг бид хөндөхгүй орхиж боломгүй. “Сонгины гүүрний хэсэг буюу Мойлтын тохой орчмын Туул голын усыг унданд хэрэглэх боломжгүй” гэсэн дүгнэлтийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гаргасан. Тухайн үед голын ус мөстөөгүй, сааралтсан өнгөтэй, ойрхон очихын аргагүй өмхий үнэртэй байсныг бид сурвалжилж байсан билээ.


Харин Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн П.Магсаржав “Шинэ цэвэрлэх байгууламж барьтал Туул голын бохирдлыг арилгах дорвитой арга хэмжээ авч чадахгүй” хэмээсэн юм. Арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, шинэ цэвэрлэх байгууламж барих тухай яригдаж байгаа ч төр засгаас өнөө хэр нь дорвитой шийдвэр гаргаагүй л байна. Хөрөнгө мөнгө, боломжийг нь судалсаар байтал Туул гол маань бохирдлынхоо түвшнээр дэлхийд тавдугаар байранд орсон гэсэн судалгаа гарав.

Саяхны өдөр манай сурвалжлах баг Сонгины гүүр орчимд дахин очлоо. Туул голын ойр хавь өмхий үнэртэй, голын ус ногоон өнгөтэй хэвээрээ байв. Өвлөөс хойш өөрчлөгдсөн зүйл гэвэл Мойлтын тохой орчмын амралтын газарт хүн ихтэй байлаа. Салхигүй өдөр тэр хавиар өмхий үнэртэх нь харьцангуй бага ч, бусад үед бол байж суухын аргагүй болдог гэнэ. “Ногоон булан” амралтын газрын захирал Ч.Буянжаргал “Та нарыг өвөл ирснээс хойш өөрчлөгдсөн зүйл байхгүй.

Ер нь Туул голын бохирдол жил ирэх тусам нэмэгдсээр байна. Урин дулаан цаг ирж байгаа болохоор амрагчдын тоо нэмэгдэх ёстой. Гэхдээ энэ хавийн үнэр танараас болж хүн ирэх нь багасаж байгаа. Өмхий үнэртдэг гэдгийг нь мэдэхгүй, нэгэнт ирээд буудаллачихсан амрагчид биднийг загнаж, гомдоллодог. Цаг зав, бензин тосоо барж биднийг зорьж байхад ийм байдалтай угтах ичмээр л байна” гэв. Харин Тус амралтын газрын амрагч, Чингэлтэй дүүргийн XIII хорооны иргэн Ж.Бадамханд “Халамжийн мөнгөөр үнэгүй амардаг учраас өндөр настнууд энэ амралтын газарт ирэх дуртай. Гэхдээ өмхий үнэрээс нь болоод дотор муухайрч, толгой өвддөг юм.

Өвөл утаанд, зун өмхий үнэрт бохирдож байна. Энд биднийг хүчээр авчраагүй учраас гомдоллох эрх алга. Туул голынхоо бохирдлыг цэвэрлэх юмсан л гэж хоорондоо ярих юм. Үр хүүхдүүд минь цэлийсэн цэвэр тунгалаг гол харж чадахгүй юм шиг байна даа” хэмээн ярилаа. Нийслэлийнхний бахархал болсон Туул гол маань өвөл, хавар, зун, намарт яг ийм ногоон саарлаар урссан хэвээр байвал нэг л өдөр хордон тамирдаж, ширгэн үгүй болохыг үгүйсгэх аргагүй.

Туул голоо аваръя, усыг нь ариутгая, хорт бодисоос нь салгая гэж хэвлэлийнхэн болоод цахим ертөнцийнх өн мянгантаа хашгираад ямар ч нэмэр алга. Цэвэрлэх байгууламжаа шинэчилж, арьс ширний үйлдвэрүүдээ л нүүлгэхгүй юм бол байдал улам бүр дордсоор, хатан Туул “хортой тариа”- гаар шахуулсаар байх нь. “Хортой тариа” тарихаа харин хэзээ зогсоох вэ.

Э.НЯМДУЛАМ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Э.Нямдулам

Экологи-Сэтгүүлч