Суулгасан уушгиа тордоорой

2016 оны 04 сарын 21

Мод тарих гэдэг сүртэй ажил эхлэх цаг ирлээ. Төрийн байгууллагынхнаас эхлээд хувийн хэвшил, хувь хүмүүс, сургуулийн хүүхдүүд хүртэл “Нэг мод таривал нэг нас нэмдэг” гээд ханцуйгаа шамлаад ажилдаа гарах биз. Ажлын анхан шатны үр дүн ч гарч, ухсан нүх, нүцгэн мөчир хааяагүй тааралдах болно. Харамсалтай нь тэдгээрийг хэн хариуцах нь тодорхойгүй, харин тарьсан гэх баатарлаг үйлс л дурсагдан үлдэнэ. Мод усалгаа, арчилгаа, тордлогыг хэн, хэрхэх нь мэдэгдэхгүй байсаар замхрах билээ. Нэг иймэрхүү дүр зураг хавар болгон давтагдсан хэвээр.

Жинхэнэ утгаар нь нүцгэн “найзуудаа” хамгаалаад, эргэж тойроод, амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг хүн цөөн биз. Тариад л хаячихдаг “шалгарсан” жишгийг олонх нь дагаад байгаа юм. Хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламж бүхий талбайн дэлхийн дундаж хэмжээ 20 ам метр. Тэгвэл Улаанбаатар хотын нэг иргэнд дөнгөж 2.5 ам метр буюу дэлхийн дунджаас даруй 7.5 дахин бага ногоон байгууламж ногдож байгаа юм. Бид хавар бүр л эрвийх дэрвийхээрээ “зүтгээд” байгаагийн үр дүн энэ. Улаанбаатар хотод үнэндээ мод тарьдаг хүнээс олон юм байхгүй. Даанч тэдний ажил үр дүнд хүрч, ургаж, цэцэглэж буй, эсэхэд дээрхээс өөр дорвитой хариулт алга л байна.

Нийслэлийн хэмжээнд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн ажил өнгөрсөн сарын сүүлчээс эхэллээ. Одоогоор нийтийн эзэмшлийн 110 гудамж, цэцэрлэгийн 98 га талбайн ногоон байгууламжийг арчилж, мод, бут сөөгийг нь хэлбэржүүлээд буй аж. Модоо хортон шавьжнаас хамгаалах зорилгоор бас шохойдож байгаа гэнэ. Нийт 4500 мод шохойдох шаардлагатай юм байна. Мөн нийслэлийн бүх гудамж талбайн зүлгийг самнаж цэвэрлэх, модны тогоо гаргах, мод сөөгийг услах ажил хуваарийн дагуу эхэлжээ. Орон нутгийнхан ч бас бэлтгэл ажилдаа гарчихаад байгаа гэнэ.

Улсын төсвөөс энэ онд цэцэрлэгжүүлэлтэд 75 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Энэ нь өнгөрсөн оныхоос хоёр дахин буурсан үзүүлэлт. Үүний 50 саяыг Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн ТЭЗҮ боловсруулахад зарцуулна гэсэн. Үлдсэн мөнгийг нь хаана, юунд зарцуулж, яаж хүргэх юм, бүү мэд. Энэ жил эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор төсөв танах болоход хамгийн түрүүнд өртсөн салбар нь байгаль орчин.

Тэгвэл хотын захиргаанаас цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжийн ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн. Бага мөнгө биш, хотын “уушги” хангалттай цэлмэх байх гэж хар ухаанд буухаар. Гэхдээ мод, сөөг, зүлгээ арчлах, хамгаалах болон шинээр цэцэг, мод авч суулгах гээд олон ажилд хуваан зарцуулахаар хүрэлцдэггүй гэж мэргэжилтнүүд нь хэлсэн.

Улаанбаатар хотод агаарын бохирдол ихсэж, түүний эсрэг утаагүй зуух, түлш, орон сууцжуулах зэрэг олон арга хэмжээ авч хэрэгжүүлж буй ч дорвитой үр дүн гарахгүй харин ч гамшгийн хэмжээнд хүрсэн. Энэ гамшгийн эсрэг авах арга хэмжээний нэг болсон, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх ажил нь үеийн үед санаатай болон санамсаргүйгээр орхигдсоор ирсэн гэхэд хилсдэхгүй. Хөрөнгө төсөв бага, хүрэлцэхгүй байг, хамаагүй. Хамгийн гол нь хаа нэгтээ суулгасан “хүчилтөрөгчөө” эзэд нь эргэж тордоорой. Хөрөнгийнхөө багагүй хувийг газарт суулгаад, оршуулчих хайран биш гэж үү.

Ч.МӨНХЗУЛ

ДЭЛХИЙН ЖИШИГ

Модны мөчир хугалбал цалингийнх нь 30 хувиар торгоно

Хөгжингүй орнууд хот төлөвлөлтдөө ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэгдүгээрт тавьдаг. Хотын өнгө үзэмж, хөгжил зөвхөн барилга байгууламжаар тодорхойлогддоггүйг энэ жишээ харуулна. Олон улсад тохижуулах, цэцэрлэгжүүлэх ажлыг маш нарийн төлөвлөж, хүний гараар урласан байгаль гэж үзэж байна. Тиймдээ ч ногоон байгууламжийг мод, цэцэг тарих төдийгөөр хязгаарладаггүй бөгөөд усан оргилуур, нуур, цөөрөм, хөшөө дурсгал зэрэг ойр орчмынх нь тохижилтод ч анхаарч, төгс шийддэг аж.

Төр, засгаас нь ч бодлогын хэмжээнд дэмжиж, төсөв, ажиллах хүчний нөөцөд онцгой анхаардаг байна. Харин манай улсад цэцэрлэгч бэлтгэдэг сургууль ховор байгаа нь харамсалтай юм. Хот тохижилт, ногоон байгууламжаараа Европт дээгүүрт ордог Австри улс л гэхэд цэцэрлэгжүүлэх ажлыг архитектуруудад даатгадаг. Ногоон байгууламжийг хот төлөвлөлтдөө тодорхой, нарийн тусгаснаас гадна ажлын гүйцэтгэлийг нь хянаж шалгадаг тусгай ажилтнууд ч бий гэнэ. Модны мөчир санаатайгаар хугалбал нэг сарын цалингийнх нь 30 хувьтай тэнцэх мөнгөөр торгодог учир иргэд нь ч хариуцлагатай ханддаг бололтой.

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын мэргэжилтэн Л.Баатарцогт “ХБНГУ, Швейцарь, Чех зэрэг оронд очиж, хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийнх нь туршлагыг судаллаа. Төр, засаг нь байгаль орчны салбараа тоож, олон талаар нь дэмждэг юм билээ. Үнэхээр биширмээр, лут ажил хийснийг нь хараад бид хөгжлөөр хол гээгдсэнээ мэдэрсэн. Дээрх улсууд нийт ногоон байгууламжийнхаа 15 хувьд нь зөвхөн цэцэг тарьж, жилд 40-50 тэрбум төгрөг зарцуулж байна.

Гэтэл манайх хоёр хүрэхгүй хувьд нь л цэцэг тарьдаг. Цэцэрлэгжүүлэх ажилд жилд хамгийн ихдээ таван тэрбумыг төсөвлөдөг. Арчлан тордох, услах гээд бүх ажлыг таван тэрбум төгрөгт багтаадаг. Бусад улсын иргэд нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудынхаа ажилд хяналт, шаардлага тавьж, дэмждэг. Монголчууд харин шүүмжилдэг. Ийм л эрс тэс, харьцангуй хандлага ажиглагдаж байна. Гэхдээ энэ бүхнийг ойлгож, ухамсарлах үе удахгүй ирэх байлгүй” гэв.

Ж.СУВД

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА


Арчлан тордох нь тарихаас хэцүү

Хавар цаг айлчилж, байгаль дэлхий өнгө зүсээ засахтай зэрэгцэн өрнөдөг ажил бол хот тохижилт, цэцэрлэгжүүлэлт. Улаанбаатар хотод агаарын бохирдол, тоосжилт их учир ногоон байгууламж бий болгох нь юу юунаас ч илүү чухал. Энэ хэрэгцээ, шаардлагыг хангаж, Улаанбаатарыг “ногооруулахад” хувь нэмэр оруулдаг цөөнгүй компани бий. Тэдний нэг нь “Цэцэрлэгжилт”. 2006 онд байгуулагдсан тус компани жил бүр нийтийн эзэмшлийн 3000 ам метр талбайд 10 төрлийн нэг наст цэцгийн мандал байгуулан хотын үзэмжид өнгө нэмждэг.

Тухайлбал, тэд “Нарны гүүр” орчмын газрыг зүлэгжүүлэн, их зохиолч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд цэцгийн мандал байгуулжээ. Мөн ДЦС III-ын үнсний хаягдлаар бохирдсон газрын хөрсийг нөхөн сэргээж улиас, бургас тарьсан байна.

“Тавдугаар сарын дунд үеэс л бидний ажил ид эхэлдэг юм. Одоо бид цэцэрлэгжүүлэн, зүлэгжүүлэх газрынхаа хөрсийг “бөөцийлж” байна” гэсээр тус компанийн ажилчид угтав. Цэцэрлэгжүүлэлтийн компаниуд өдийд хот тохижилт, ногоон байгууламжийн ажил гүйцэтгэх төсөл хөтөлбөрийн шалгаруулалтад хүч сорьдог юм байна. Өөрөөр хэлбэл, тарьж ургуулах, тохижуулах ажилд оролцох эрхээ олж авдаг аж. Тэдний хэлж буйгаар сүүлийн жилүүдэд аж ахуйн нэгж, байгууллагаас илүүтэй гэр хорооллын айл өрхүүд цэцэрлэгжүүлт их хийлгэх болжээ. “Цэцэрлэгжилт”-ийнхэн нийслэлээс 30 орчим км зайтай газарт мод үржүүлгийн газартай бөгөөд үр болон мөчрөөр 30-аад төрлийн мод, сөөг тарьж, үржүүлдэг аж.

Тус компанийн захирал Ө.Магсаржав “Ногоон байгууламжийн ач холбогдол нь хотод өнгө үзэмж нэмэх бус, иргэдийн эрүүл мэндэд эергээр нөлөөлж, ая тухтай орчин бүрдүүлэх юм. Хүмүүс гуравхан сарын настай зүйлд мөнгө зарлаа гэдэг. Гэтэл түүний үр нөлөө нь гурван сараар хэмжигдэхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Нэг цэцэг ургуулахад ямар их хөдөлмөр зардгийг төдийлөн мэддэггүй. Мод тарих нь хүүхэд өсгөхтэй адил” гэв.

Баянзүрх дүүргийн 169 дүгээр цэцэрлэгийн гаднах талбайг тохижуулах, цэцэрлэгжүүлэх ажлыг тус компани хариуцжээ. Зүлэгжүүлж, мод бут тарихаас гадна тоглоомын талбайг резинээр хучиж, хашаа, хайсыг нь арчлан тордсон байна. Шороо, тоосонд дарагдсан, өнгө муутай хашааны зураг үзүүлсэн нь тус цэцэрлэгийг тохижуулахаас өмнөх үеийн дүр зураг байв. Хэдий бид мод, бут “амилаагүй” байхад нь очсон ч гандуу, бүүдгэр орчныг хэрхэн “ногооруулсан” нь цэцэрлэгийн ажилчдын үзүүлсэн зурагнаас харагдана.

Компаниуд хийсэн ажилдаа 1-2 жилийн баталгаа өгдөг гэнэ. Тус компанийн ажилчид ч энэ ёсоор ногоон байгууламжаа байнга эргэж, арчлан торддог аж. Цэцэрлэгийн эрхлэгч С.Оюунгэрэл “Цэцэрлэгжүүлэлтийн ажил хийхээс өмнө гаднах талбайд хүүхэд тоглуулах хэцүү байсан. Цэцэрлэгийн талбай бага боловч мод тарьснаар таатай орчин бүрдүүлсэн. Цаашид илүү олон мод, бут, цэцэг тарина” гэв.

Ж.СУВДМАА

БАЙР СУУРЬ

Одоо зүлэг тарих биш, услах цаг

Б.ЧИМИД (Биологийн ухааны доктор, профессор, байгаль орчны Гавьяат ажилтан, дендрологич):

-Урин цаг ирж, хүмүүс суулгац, үр үрсэлгээгээ бэлтгэж байна. Мод, сөөг тарихад юу анхаарах хэрэгтэй вэ?

-Мод, сөөг тарьж суулгах ажлыг энэ сарын сүүлчээс эхлэхэд болно. Залуу зулзаган модыг тохирох нүх, шуудуунд нь зөв суулгаж, усалсан байхад хаврын өдрүүдэд газартайгаа гагнагдан шууд ургаж, нахиалж эхэлдэг юм. Байнгын усалгаа үүнд чухал. Манайхан мод суулгаж хаяад л мартдаг гэмтэй. Тарих, суулгахдаа мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, мод ургамлаа таниулах хэрэгтэй. Гэтэл зарим хүн суулгах модныхоо үндэс, мөчир нь амьд, эсэхийг ч мэддэггүй.

Зөвхөн нэрнээс цаашгүй байгаа нь тарьсан модоо хэрхэн арчлах талаар мэдлэггүйн шинж. Одоогоос зүлэг услахад тохиромжтой. Газар гэссэн учраас шүршсэн, цацсан ус ургамалд нөлөөлөх бололцоотой болсон. Харин өдийд зүлэг тарьж болохгүй. Хөрсөн дээр нэмэх хэмтэй болсон үед буюу зургадугаар сарын эхээр зүлгийг үрлэж тарьдаг.

Гэтэл манайхан хавсарга салхи хамгийн ихтэй 4-5 дугаар сард газар хагалан, шороог нь ил гаргаж, үрлэх гэж оролддог. Энэ үед тарьсан үр салхинд хийсэн алга болохоос гадна хөрсөн дээр үр соёолох дулаан бий болоогүй байдаг.

-Зуны дэлгэр цагт цэцэг хотод өнгө нэмдэг. Нэг наст цэцэг тарихаас гадна өөр юу хийх хэрэгтэй вэ?

-Нэг наст цэцгийг тарьж байгаа нь сайшаалтай ч хотыг бүхэлд нь цэцэгжүүлэх ёстой. Хотын гудамжинд цэцэглэдэг маш олон бут сөөг, ургамал бий. Үүгээр хотоо чимэх, тэгэхдээ бүр нягтруулан тарьж, засал чимэглэл хийхийн зэрэгцээ байнга цэцэглэдэг, цэцэг нь ээлжлэн ургадаг төрөл бүрийн цэцэгт бут, сөөг тарих нь илүү үр дүнтэй. Мөн том оврын модоор хотоо цэцэрлэгжүүлэхийг орхиж болохгүй.

Нарс модыг арчилж чадвал хотыг маш сайхан чимж чаддаг. АСЕМ-ын уулзалтад бэлтгэн авто замын засварын ажил эхэлсэн. Гэтэл өмнөх жилүүдэд нь тарьсан зулзаган модыг замын хавтан, бордюраар дараад хаяж байна. Мод ургамлыг гэмтээлгүйгээр ажлаа хийх хэрэгтэй. Модыг амьд гэдгийг ойлгохгүй, өмч гэж үзэхгүй байгаа нь хоцрогдол.

Эхлээд хотын ногоон байгууламжийн дэд бүтцийг

шийдэх хэрэгтэй

Ц.ТҮМЭНБАЯР (“Ургамлын далай” ХХК-ийн захирал)

-Улаанбаатар хотоо цэцэрлэгжүүлэхийн тулд юу хийх хэрэгтэй гэж боддог вэ?

-Манай компани 2010 оноос Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ажилд оролцон хувь нэмрээ оруулж байгаа. Монголчуудын хувьд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт гэдэг шинэ зүйл. Орос ах нар л манай хотын ногоон байгууламжийг хийсэн. Сүүлийн 4-5 жил хотын удирдлага цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжид анхаарал хандуулж эхэллээ. Ингэхдээ хотын ойролцоо, төр, хувийн хэвшлийн оролцоотой мод үржүүлгийн газар байгуулж, тэндээс хөрс, цаг уурт тохирох мод, сөөгний суулгацыг хот руу нийлүүлэхгүй бол өөр газар тарьж ургуулсан үрсэлгээ нийслэлийн хөрс, цаг уурт тохирохгүй, ургахгүй байна.

Мөн дэд бүтцийн асуудлаа эхлээд шийдэх нь чухал. Тарьсан мод, бут, зүлэг, цэцгээ хүн, машины хөдөлгөөнөөс хамгаалах, усалгааг нь шийдэх (машинаар услахаар хөрсөнд чийг өгдөггүй), мэргэжлийн компани хувь хүмүүсээр тарих, арчлах ажлыг хийлгэх хэрэгтэй. Мэргэжлийн бус хүмүүсээр мод бут тариулснаас болж маш их мөнгө үргүй зарж байна. Манай компани гэр хорооллыг ногооруулах зорилгоор “Хашаандаа сайхан амьдаръя” төсөл хэрэгжүүлж байгаа. Ингэснээр иргэд өөрсдөө хямд өртгөөр хашаагаа зүлэгжүүлж, цэцэрлэгжүүлэх боломжтой болно.

-Хашаандаа ногоон байгууламжтай болгохын тулд юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Гэр хорооллын иргэдэд хашаагаа хэрхэн зөв төлөвлөх, явган зам, автомашины зогсоол, саравч, усан оргилуур хэрхэн бүтээж, мод, зүлэг тарих талаар сургалт зохион байгуулах зэргээр тэдний ур чадварыг дээшлүүлэх юм.

АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Д.ЭНХЖАРГАЛ: Ботаникийн цэцэрлэг байгуулахаар ажиллаж байна

БОНХАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Д.Энхжаргалтай ярилцлаа.

-Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн чиглэлээр энэ онд ямар ажил хийхээр төлөвлөсөн вэ?

-Ирэх сарын 14-нд Бүх нийтээрээ мод тарих өдрийг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөсөн. Уг ажлыг зохион байгуулах төлөвлөгөө гаргахын зэрэгцээ аймаг, нийслэлийн Засаг дарга нарт холбогдох үүрэг өгч байна. Яамнаас “Ногоон хэрэм” төсөл болон “Хот цэцэрлэгжилтийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагатай хамтран жил бүр мод, сөөгний тарьц, суулгацын үзэсгэлэн, худалдаа зохион байгуулдаг.

“Тарьц суулгац 2016” үзэсгэлэн, худалдаа энэ сарын 29-нөөс ирэх сарын 1 хүртэл Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болно. Энэ онд мөн Ази номхон далайн бүсийн ойн нөхөн сэргээлт болон менежментийн нэгдсэн сүлжээ байгууллагын санхүүгийн дэмжлэгээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 8.4 га талбайд ботаникийн цэцэрлэг байгуулахаар ажиллаж байна. Уг ажлын нийт төсөв нь 1.4 сая ам.доллар.

2014 онд баталсан Ногоон хөгжлийн бодлогод тусгасны дагуу Улаанбаатар хот болон бусад хот сууринг дахин төлөвлөж, эдэлбэр газарт ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг 2020 он гэхэд 15 хувь, 2030 гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж буй.

-Хэдий хэмжээний хөрөнгийг энэ онд цэцэрлэгжүүлэлтэд зарцуулах вэ?

-2016 онд ойжуулалтын зардал хоёр дахин багассантай холбоотойгоор цэцэрлэгжүүлэлтэд улсын төсвөөс маш бага буюу 75 сая төгрөг зарцуулах шийдвэр гарсан. Үүний 50 сая төгрөгийг Ойн судалгаа хөгжлийн төвийн Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэгийн ТЭЗҮ боловсруулахад зарцуулна.

-Сүүлийн жилүүдэд нийслэлийн хэмжээнд ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтэд нэлээд анхаарч байгаа. Орон нутгийнхан хэрхэн ажиллаж байна вэ?

-Ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, идэвх санаачилга гаргаж байна. Өнгөрсөн онд тарьсан модоо ургуулах, амьдруулах, арчлан хамгаалах зорилгоор “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг улс даяар өрнүүлсэн. Аймгуудын ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ихээхэн ач холбогдол өгч, орон нутгийн төсвөөс хөрөнгө гаргасны дүнд улсын хэмжээнд 227.400 мянган иргэн, 12.800 аж ахуйн нэгж, байгууллага нийт 30 гаруй төрлийн 1.8 сая мод тарьж ургуулжээ. Шинээр бичил 209 цэцэрлэг байгуулсан. Дорнод, Дархан-Уул, Ховд аймаг цэцэрлэгжүүлэх, бичил цэцэрлэг байгуулсан ажлын үр дүнгээр улсад тэргүүлж буй.

-Өнгөрсөн жилүүдэд тарьсан модноос хэд нь амьд, ургаж байна вэ?

-Ерөнхийлөгчийн 2010 онд гаргасан зарлигийг хэрэгжүүлэхээр “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг өнгөрсөн онд 12 дахь удаагаа буюу зургаа дахь жилдээ зохион байгууллаа. Уг ажлын үр дүнд нийт 10 сая орчим мод, сөөг тарьсан мэдээ бий. Тарьсан модны 60 орчим хувь нь амьдарч байна. Цаашид бидний анхаарах хамгийн чухал ажил бол тарьснаас хойш гурваас доошгүй жил тогтмол арчлах.

-Говьд мод бут тарих, орон нутагт цөлжилтийн эсрэг тэмцэх зэргээр хувь хүн, аж ахуйн нэгжийн гаргасан санаачилгыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа юу?

-Өнгөрсөн онд аймаг, сумын төвийг цэцэрлэгжүүлэх, авто замын дагуу мод тарих замаар цөлжилттэй тэмцэх хүсэлт ирүүлсэн иргэн, нөхөрлөл, төрийн бус байгууллага болон аж ахуй нэгжийг дэмжиж, улсын төсвөөс 100 сая төгрөг зарцуулсан. Яамнаас Ахмад багш нарын холбоотой хамтран аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, коллеж болон цэцэрлэгийн дунд орчноо цэцэрлэгжүүлэх уралдааныг тогтмол зохион байгуулж, хүүхэд багачуудын экологийн мэдлэгийг дээшлүүлж буй.

-“Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн үр дүн гарч байна уу?

-2005 онд Засгийн газрын тогтоолоор “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөр баталсан. Өнгөрсөн 10 жилд улс, орон нутгийн болон гадаадын байгууллагын хөрөнгө оруулалтаар нийт 6300 га талбайд ойн зурвас байгуулжээ. “Ногоон хэрэм” хөтөлбөрийн I шат буюу 2005-2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэл 14 хувьтай байгаа. Эхний үе шатны ажлын гүйцэтгэл бага хувьтай ч ойн зурвас байгуулсан газрын хөрс элэгдэж, эвдрэх нь багасаж, нутгийн иргэд ашиг шимийг нь хүртэж байна.

Уг хөтөлбөрийн хүрээнд энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 50 га талбайд ойн зурвас байгуулна. Цаашид ойн зурвас бүхий таримал ойг ойн санд бүртгэж, аж ахуй нэгж, иргэнд урт хугацааны гэрээгээр эзэмшүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай. Мөн бэлчээрийг усжуулах зорилгоор гаргасан уст цэгүүдийг ашиглан мод үржүүлгийн газар, ойн зурвас бий болгоход анхаарах нь зүйтэй.

-Цаашид цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжаа нэмэгдүүлэхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?

-Хүн амын хэт төвлөрлийг дагасан бүтээн байгуулалтын явцад ногоон байгууламж сүйддэг. Энэ нь хот суурин газарт ногоон байгууламж төлөвлөх, байгуулах, хамгаалах эрх зүйн орчин бүрдээгүй, хариуцах тодорхой эзэнгүй, хяналтын тогтолцоо сул байгаатай шууд холбоотой. Замбараагүйгээр газар олгох, эзэмшүүлэх нь хавтгайрч, иргэдийн тав тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцөл доройтон, тоосжилт, хөрсний бохирдол жил ирэх тусам нэмэгдсээр байгаа.

Эдгээр асуудлыг шийдэх зорилгоор 2014 онд Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар Хот, тосгоны ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулан, ажиллаж байна. Манай яамнаас ногоон байгууламж байгуулах, хамгаалах, арчлах, хяналт тавих асуудлаар саналуудаа өгч, хамтран ажиллаж буй юм.

Уг хуулийг баталчихвал ногоон байгууламж төлөвлөх, байгуулах, арчлах, хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх, хяналт тавих эрх зүйн үндэс бүрдэнэ. Бид цаашид ногоон байгууламжаа нэмэгдүүлэх, тарьсан моддыг бүртгэх, хяналт тавихад анхаарч ажиллана. Мөн арчлан хамгаалах, модны ургах хувийг дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Ч.МӨНХЗУЛ

ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА

Ч.БОЛДБААТАР: Ногоон байгууламжийг хавсарга маягаар хийдгээ

болих хэрэгтэй

Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын Ой, ногоон байгууламжийн хэлтсийн дарга Ч.Болдбаатараас хотын ногоон байгууламжийн талаар тодрууллаа.

-Улаанбаатар хотын ногоон байгууламж ямар хэмжээнд байгаа вэ?

-2012 оны статистик мэдээллээр нийслэлийн 386 га талбай ногоон байгууламжтай, үүнийг 1.2 сая хүнд хуваахаар нэг хүнд ногдох ногоон байгууламж гурван ам метр орчим байсан. Үүнийг бид 63.6 га-аар нэмэгдүүлж 450 га болгосон.

-Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхдээ ямар бодлого, чиглэл баримталж байна вэ?

-Өнгөрсөн гуравдугаар сард Улаанбаатар хот ногоон хөгжлийн бодлогын баримт бичгээ баталсан. Үүнээс гадна хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд ногоон байгууламжтай холбоотой бодлогын чиглэл бий. Мөн Ногоон байгууламжийн тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газарт өргөн барьсан. 2020 он гэхэд Улаанбаатар хотыг 22 цэцэрлэгт хүрээлэнтэй болгох төлөвлөгөөтэй. Одоогоор Тасганы овооны цэцэрлэгт хүрээлэнгийн ажил дууссан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт үргэлжилж буй.

Булагтай, Гүнжийн нуур гэх мэт дөрвөн байршлын 1-2 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Мөн эзэнгүйдэж, сул шороон хөрс бий болсон талбайг зүлэгжүүлсэн. Үүнээс гадна байр хооронд бий болсон 8.3 га сул шороог нэмж зүлэгжүүллээ. Нийт 54 мянган ам метр талбайд цэцэг тарьж, 840 мянган ам метр талбайг зүлэгжүүлсэн.

-Энэ онд нэмж цэцэрлэгт хүрээлэн байгуулах уу?

-Баянгол дүүрэгт шинээр “Мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулна. Нийт 53 га газрыг хамарсан цэцэрлэгт хүрээлэн бий болно. Хамбын овооны цэцэрлэгт хүрээлэнгийн зураг төсөл гарсан ч төсөвгүй тул бүтээн байгуулалтыг нь эхлүүлэх боломжгүй болсон. Мөн АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд 13 гудамжийг тохижуулна.

-Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд нэлээд бэрхшээл байдаг гэсэн үнэн үү?

-Цаг уурын өөрчлөлт, усны хомсдол хүндрэл үүсгэдэг. Мөн хотын хөрсний нөхцөл муу. Эдгээрээс гадна ногоон байгууламж бий болгох боломжтой талбайд зам, барилга барихаар төлөвлөчихөөд, тохиромжгүйд нь ногоон байгууламж байгуул гэдэг. Өөрөөр хэлбэл, үлдэгдэл газарт нь ногоон байгууламж байгуулъя гэсэн маягтай ханддаг гэж болно. Шинээр барилга барих бол нийт талбайнхаа 30 хувийг ногоон байгууламж, авто зогсоол болго гэж хуульчилж өгсөн ч хэрэгжилт нь хангалтгүй. Хүмүүс орлогоо бодож авто зогсоолд илүү анхаараад, ногоон байгууламжийг хавсарга маягаар хийдэг.

Уг нь иргэд экологийн боловсролоо сайжруулбал, хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх боломжтой. Хотын нийт нутаг дэвсгэрийн ихэнх нь иргэдийн өмч болчихсон. Гэр хорооллын айлууд хашаандаа мод тарьвал нийт нутгийн 60 хувь нь ногоон байгууламжтай болох боломжтой.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд тулгарч буй бас нэг асуудал нь санхүүжилт. Хотын хөгжлийг ногоон байгууламждаа зарцуулж буй санхүүжилтээс харж болдог. Хөгжингүй хотууд зөвхөн ногоон байгууламжид хотынхоо нийт төсвийн 30 хүртэлх хувийг зарцуулдаг юм билээ. Харин манай хот нийт төсвийн 3.4 хувийг л тохижилт, ногоон байгууламжид өгдөг. Гэтэл үүнийнх нь 90 хувийг тохижилтын ажилд авчихдаг.

-Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд барилга барих болсонд иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа.

-Шинжлэх ухаан, танин мэдэхүйн чиглэлийн гурван хүрээлэнгийн нэг шүү дээ. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн талбай багассан харамсалтай мэдээлэл бий. Дахин төлөвлөлтөд ороод, анагаах ухааны чиглэлээр 10 га газар авсан байгаа. Хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлж, иргэдийн эрүүл байх үндэс болдог ногоон байгууламжаа устгаж эмнэлэг барих нь зохисгүй. Ер нь Улаанбаатар хотод ногоон байгууламж байгуулах талбай хомс байхад зориулалтын талбай руу ингэж халддагаа болих хэрэгтэй.

Г.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.