Авруулахаас залхав

2016 оны 04 сарын 17

Монголчуудаа аврах гэсэн хүмүүс хотоор нэг холхих болж. Бидний төлөө ямар олон хүн тэмцдэг юм. Толгойтой бүхэн л ард түмний төлөө ажиллана, жагсана гээд үзэж тарж эхлэв. Сүйрч буй энэ Монгол Улсад зөвхөн тэдэнтэй байвал аз жаргалтай амьдрах төлөг бууж гэнэ.

УИХ-ын дарга Монголын эдийн засгийн чуулганы үеэр оймс “авчихаад”, “Сонгуулийн жил шүү дээ” гэж хэлсэн нь үнэний ортой аж. Юм юм л үзэх төлөвтэй. “Гудамжныхныг” иргэд тоож харахаа больсон. Олон хэлбэл улиг гэдэг шиг одоо залхалгүй дээ. Аргаа барсан “аврагчид” жагсаал цуглаанаа янз бүрээр хөгжүүлж, шог хошин тал руу хэлбийлгэх болов. Бас хөрөнгө их хаяж, чадал чансаагаа гайхуулах гэсэн шинж тэмдэг ч илэрч эхэллээ.

Гутлаар үг хэлүүлэх гэсэн явдал энэ хаврын ховор сонин үйл явдлын нэг. Харамсалтай нь, олон хүн юу болоод байгааг ойлгоогүй өнгөрсөн. Чехийн гутлын үйлдвэрүүдэд хүүхдүүд хөдөлмөр эрхэлдэг байсныг эсэргүүцэж, гутал жагсаасан нь ийм моод дэлгэрэхэд хүргэсэн гэнэ лээ. Бас дэлхийг одоогийнхоос нь хоёр хэмээр дулааруулахгүй байхыг уриалж, өнгөрсөн онд Парист “гуталнууд” жагсаж байлаа. Үүнийг манайхан нутагшуулж, төв талбайдаа өчнөөн гутал өрсөн. Эцсийн дүндээ гуталнууд ямар үг хэлж, тэр нь хэнд хүрэв, Монголыг хэрхэн аврав. Сураг алга.

Дараагийн нэг явдал, гутлыг бодвол боловсронгуй. Майхан бариад Монголоо, ард түмнээ аварна гэнэ ээ. “Аймаар том бүлэглэл” Хэлмэгдэгсдийн хөшөөний урд ижил өнгө, хэлбэр бүхий майхнууд эгнүүлэн барьж сүрийг үзүүлээд зогссонгүй, ижил өнгийн хувцсаар жигдэрч, хотын төвийг нэг өдөр улаанаар “будав”. Улаан хувцас, улаан майхан. Ард түмнээ ингэж аврахын тулд багагүй мөнгө зараа биз. “Жагсаалынхан” дундаа майхан бүхий цоо шинэ төрөл үүсгээд зогсохгүй, хөрөнгө мөнгөөрөө бяр заан орж ирсэн нь энэ. Харамсалтай нь, тэдний бяр хаана хүрээд дууссаныг таашгүй.

Нийгэм, эдийн засаг хүнд, олон нийт бухимдалтай байгаа учраас бидэнд шог хошин юм илүүдэхгүй л дээ. Гэхдээ аврагчид дүрдээ сайн орохгүй байна. Шинэ төрөл зүйлд хүч үзэж байгаа ч жүжиглэлт тааруугаас “кино”-г нь үзэх хүн алга. Бас бид авруулахаас хүртэл залхдаг болчихлоо. Тэд хэзээ бидний төлөө амьдрахаа болих юм бол.

Ч.ЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.70.43.214 Хэлэхгүй л бол наадуул чинь улам л дампууруулна даа Зөв өө хэлэх үгээ хэлэх л ёстой
103.26.193.232 Neeren shuu bidnii tuluu gesen olon hun bainshuu
122.201.22.185 Uneheer avruulhaas zalhaj vna.

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.