Ус хаанаас ирдэг вэ

2016 оны 04 сарын 15

Хлоржуулж, халдваргүйжүүлэх байгууламжийн автомат удирдлагын хэсэг.

Усан дахь бичил элементийг шүүж халдваргүйжүүлэх зориулалттай. УСУГ улсын итгэмжлэгдсэн лабораторитой. Өдөр бүр лабораторийнхон ирж, усан дахь хлорын хэмжээг нь шинжилдэг байна. Хавар шар усны үер болж, халдварт өвчин ихсэх байдалтай болох тул хлорын хэмжээг хавар бага зэрэг нэмдэг байна.

Улаанбаатарчууд хаанаас, ямар замаар ирсэн усыг ундандаа хэрэглэдэг вэ. Тэр нь ариун цэврийн шаардлагыг хэрхэн хангадаг зэргийг сурвалжлахаар Гачууртын ундны усны эх үүсвэрт очлоо. Уг байгууламжийг “Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл”-ийн хүрээнд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2014 оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулжээ. Нийт 68 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдсан аж. Ашиглалтыг нь өдгөө УСУГ-ынхан хариуцаж байна. Ундны усны эх үүсвэр гэдэг нь энгийнээр хэлэхэд усаа газрын гүнээс авч, сандаа хуримтлуулж, ариутган халдваргүйжүүлээд хэрэглэгчдэд түгээдэг байгууламж юм.

Нийслэлд ундны усны томоохон долоон эх үүсвэр байдаг. Эдгээр байгууламж нь гүнээс ус татаад Улаанбаатар хотын айл өрхийн усны нийт хэрэгцээг хангадаг гэсэн үг. Улаанбаатар өдрөөс өдөрт тэлж, тэр хэрээр хүн ам олширч буй энэ үед усны нөөцийг хамгаалах, усан хангамжийг нэмэгдүүлэх томоохон шаардлага тулгарч байгаа. Энэ шаардлагад нийцэж ажиллахаас гадна иргэдэд стандартын шаардлага хангасан ус хүргэж байхын тулд эх үүсвэрийн тоог нэмэгдүүлэх чиглэлээр тус байгууламжийнхан ажилладаг. Хүн ам болон үйлдвэр, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэхийн хэрээр ийм эх үүсвэр барих шаардлага тулгардаг байна.

Гачууртын эх үүсвэр нь гүний 21 худаг, 3000 шоо метрийн багтаамжтай хоёр усан сан, 18.8 км магистрал шугамтай аж. Улаанбаатар хотын айл өрх, аж ахуйн нэгжүүд хоногт 240.000 орчим шоо метр ус (дээр дурдсан долоон байгууламжаас нийт) хэрэглэдэг гэдэг тооцоо бий. Үүний 10 орчим хувь буюу 25.200 шоо метрийг нь Гачууртын эх үүсвэр олзворлох хүчин чадалтай юм байна. Гэхдээ одоогоор 8000-10.000 шоо метр ус хэрэглэгчдэд нийлүүлж буй гэнэ.


Гүний худаг

Учир нь УСУГ-аас горимын тооцооны дагуу долоон эх үүсвэрийнхээ үйл ажиллагааг жигд байлгах зорилгоор тохируулдаг байна. Нэгнээс нь их ус аваад нөгөөгөөс нь бага ус авч болдоггүй гэнэ. Үүнээс гадна иргэд, айл өрхийн хэрэглээнээс хамаараад түгээх усны хэмжээ цаг тутам өөрчлөгдөж байдаг аж. Жишээ нь, шинэ жил, Цагаан сар зэрэг томоохон хэмжээний баярын үеэр хэрэглээ нэлээд ихэсдэг, тэр хэрээр үйл ажиллагааг нь тохируулах шаардлагатай болдог гэнэ.

Гачууртын эх үүсвэрийг ашиглалтад оруулснаар хотын хойд хэсэг болох Хайлааст, Дамбадаржаа, Чингэлтэй, Долоон буудал мөн Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айлуудын усан хангамж сайжирчээ. Уг байгууламж ус хуримтлуулан ариутган цэвэршүүлсний дараа стандартын шаардлага хангасан хоолойгоор дамжуулан Улаанбаатар хотын зүүн, хойд бүс дэх усан сангуудад нийлүүлдэг.

Гачууртаас зүүн хойд бүсийн усан сан хүртэлх магистрал шугамд шилээр хүчитгэсэн пластик болон шилээр хүчитгэсэн зуурмагийн нийлмэлээс бүтсэн пластик хоолой ашигладаг нь техникийн хувьд дэвшилт тал болжээ. Уг хоолой нь хөнгөн, нягт ихтэй, бат бөх, эдэлгээ удаан бөгөөд угсрахад хялбар, хүчил шүлтэд тэсвэртэй тул хөрс, усны төрөлд ашиглах бүрэн боломжтой гээд олон давуу талтай аж.

Уг эх үүсвэрийн үйл ажиллагаа бүрэн автомат бөгөөд ганцхан дэлгэцээр 21 худаг, хоёр усан сан, хлоржуулах байгууламжаа бүрэн хянаж байв. Энд инженер, техникч,  машин хлорын оператор гээд нийт 19 хүн ажилладаг аж. УСУГ-ын Зүүн төвийн инженер Ш.Мөнхбаяр “Төвлөрсөн системээр хангана гэдэг бол маш чухал ажил. Бүх худаг нэг стандартын гүнтэй. Ингээд тэдгээрээс цуглуулах шугамаар усан сандаа ус авч, дамжуулан хэрэглэгчдэд түгээнэ. Мөн хлоржуулна. Хувь хүн, үйлдвэр аж ахуйн нэгжийн гаргасан худгийн ус нь хлоржуулаагүй, дээр нь халдваргүйжүүлж чадаагүй ус юм. Ямар шугам хоолойгоор дамжуулж байгаа нь ч тодорхойгүй шүү дээ” гэв.

Дээр дурдсанчлан уг байгууламжийг Япон улсын буцалтгүй тусламжаар байгуулсан. Ер нь манай хотын ус хангамжийн салбарт тус улсын оруулсан хувь нэмэр гэдгийг уг байгууллагынхан онцолж байсан юм. Монгол Улс 1990 оноос улс төр, эдийн засгийн шинэ харилцаанд шилжсэнээр ус хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах, тэдгээрийн найдвартай ажиллагааг хангах нь тулгамдсан асуудлуудын нэг болсоор байна. Энэ салбарын тоног төхөөрөмж хуучирч, зарим нь шаардлага хангахгүй болсон нь ч бий. Тэгвэл УСУГ-аас ЖАЙКА-тай хамтран, 1991 оноос ус хангамжийн эх үүсвэрийн нөөцийн хайгуул хийхээр хоёр улсын Засгийн газрын хэмжээнд тохирч гэрээ байгуулжээ. Ингээд 1996 онд судалгаагаа хийж дуусгасан байна. Үргэлжлүүлэн, ус хангамжийн системийг нэн яаралтай шинэчлэх мастер төлөвлөгөө боловсруулж, 1996-1999 онд Төвийн эх үүсвэрт, 2004-2007 онд Дээд эх үүсвэрт, 2012-2015 онд Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Гачуурт эх үүсвэрийн төслийг хамтран хэрэгжүүлсэн юм байна.

Үр дүнд Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрүүдийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа бүрэн хангагдаж, усны алдагдал болон ашиглалтын зардлыг бууруулж, усны зөв зохистой хэрэглээ бий болгож, хүн амын өсөлт, хот төлөвлөлтийн бодлоготой уялдуулан, усны эх үүсвэрийн хүчин чадлыг үе шаттайгаар нэмэгдүүлэх боломж бүрджээ.

Ч.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.