Г.ДАВАА: ТУУЛ ГОЛ ХАВАРТАА МӨСГҮЙ БОЛОХ НЬ 1940-ӨӨД ОНООС ХОЙШ АЖИГЛАГДАЖ БАЙНА

2016 оны 04 сарын 12

Туул гол хэд хэд тасраад байгаа. Энэ нь ямар учир шалтгаантай, хатан Туул үнэхээр амь тавих нь уу гэсэн асуултад шинжлэх ухааны үндэстэй, бодит хариултыг уншигчдадаа хүргэхийг зорилоо. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Ус судлалын секторын эрхлэгч Г.Даваатай энэ талаар ярилцсан юм. Тус байгууллагынхан голын урсацыг өдөр тутам хянадаг.

-Туул гол тасраад байгаагийн шалтгаан юу вэ. Өнгөрсөн жилүүдэд ийм үзэгдэл ажиглагдаж байв уу?

-Голын ус хурах талбай 48.864 ам км, урт нь 871 км. Одоохондоо урсаж эхлээгүй, хөлдүү байгаа болохоор тасрах гэж хэлэхгүй. Мөсгүй болж байна. Туул гол хавартаа мөсгүй болох нь 1940-өөд оноос хойш ажиглагдаж буй. Ялангуяа харгиа, нимгэн мөстэй хэсэг нь эрт хайлдаг. Сүүлийн үед мөсгүй болох давтамж, мөсгүй болчихоод тэр хэвээр үргэлжлэх хугацаа нь уртсаад байгаа.

Голын харгиа (хөндлөн чиглэлд тогтсон далан, босго хэлбэрийн хурдас чулуулаг дундуур урсаж буй хэсэг)-нд намар харьцангуй нимгэн мөс тогтон, хавар эрт дулаарснаас хайлдаг. Ийм үзэгдэл Туул голын дагуу, ялангуяа Их тэнгэрийн гүүрнээс дээхнэ талд “Зэл” амралт, мөн Сонсголонгийн гүүр, түүнээс цааших хэсгүүдэд 1996 оноос хойш нэлээд ажиглагддаг болсон.

-Мөсгүй болох үзэгдэл ажиглагддаг болсны учир шалтгаан юу вэ?

-Хотын иргэдийн хэрэглээний усыг газар доороос татаж буйгаас шалтгаалж байгаа юм. Газар доорх усны дөрвөн эх үүсвэрээс улаанбаатарчуудын усан хангамжийг шийдэхээр гүний усны түвшин буурдаг. Өөрөөр хэлбэл, Туул гол газар доорх усаа тэжээсээр намартаа маш бага устай хөлдөж байна.

Бага устай хөлдсөн учраас Туул гол дагуух усны эх үүсвэрүүдийн орчим, харгиатай хэсэгт мөсгүй болж байгаа юм. Өвлийн турш голын мөсөн дээр утаа, тоос тортог бууж, мөсний гадаргын өнгийг өөрчилдөг. Харласан хэсэгт нарны гэрэл их тусаж, дулаан шингээснээр харьцангуй эрт хайлна. Ийм хоёр шалтгаанаар мөсгүй болчихоод байна.

-Туул гол их устай байхад газар доорх усаа тэжээдэг. Голын ус бага байна гэдэг нь гүнийхэд ч нөлөөлж, тэр хэрээр нийслэлчүүдийн ундны усны хэрэглээ хумигдах шаардлагатай гэсэн үг биз дээ?

-Гүний буюу ул хөрсний ус их бол Туул голоо тэжээдэг. Улаанбаатар хотын айл өрхийг усаар хангахын тулд Туул голын татам дагуух 300 орчим худгаас ус татдаг. Худгуудын гүн нь ихдээ 30 орчим метр. Үндсэндээ голын усыг газар доорх ул хөрснөөс нь соруулан ашиглаж буй. Гүний усны түвшин буурахад Туул гол тэжээнэ. Бид Туулынхаа усыг л уугаад байна гэсэн үг. Намартаа гүний усны түвшин нэлээд нэмэгддэг. Туул гол арваннэгдүгээр сард мөсөн бүрхүүлтэй, түүнээс хойш арванхоёр, нэгдүгээр сард ёроолдоо хүртэл хөлдөж, ул хөрсний усаа тэжээж чадахаа болино.

Түүнээс хойш тавдугаар сар хүртэл гүний усны түвшин буурдаг. Энэ болон ирэх сард ул хөрсний ус хамгийн доод түвшиндээ хүрчихсэн байгаа хэрэг. Одоо бол гол мөсөн бүрхүүлтэй, голдирлоос доош хөлдүү буюу ул хөрсний усны түвшин, Туулын урсац ямар нэгэн холбоогүй, тасарсан, завсрын үе юм.

-Холбогдох байгууллагууд голын усны горимыг сайжруулахад анхаарахгүй байгаа юм шиг санагддаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авбал зохилтой вэ?

-Сав газар дахь ой, бэлчээр буюу байгалийн нөөц, нөхцөлийг сайжруулах шаардлагатай. Энэ нь хамгийн зөв зам мөн. Гэхдээ их хугацаа зарцуулна. 1940, 1960-аад оны үед Туул гол харьцангуй удаан үерлэж, дээд түвшиндээ хүрээд, урт хугацаагаар татардаг байсан. Одоо бол хөрс ургамал нь талхлагдаад, ойн нөөц нь хомсодсон учир хур тунадас нүцгэн шахуу хөрсний гадаргуугаар урсаад, торох зүйлгүй Туул голд орж, огцом үерлүүлж байна.

Нэгэнт сав газартаа хуримтлагдаж, хур бороо шингээгүй учраас үерийн ус маш богино хугацаанд татардаг болчихсон. Ингэж өөрчлөгдсөн горимыг сэргээхийн тулд сав газрын байгалийн нөхцөлийг сайжруулах шаардлагатай ч маш их хугацаа зарцуулна. Тухайлбал, ОХУ-д ой хэдэн настайдаа голын усны урсацыг нэмэгдүүлдгийг судлахад 60 жилийн дараа навчит ой шилмүүст ойгоор солигдох үед голын урсац нэмэгдэж эхэлсэн гэсэн үр дүн гарчээ.

Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэн О.Чогний гуай Туул голын сав газрын ургамал, бэлчээрийг судлаад “20 гаруй жилийн дараа хашаалсан талбайд унаган ургамал нь ургаж эхлэх төлөв байна” гэж дүгнэлт хийсэн байдаг. Иймээс байгалийн нөхцөлийг нь сэргээнэ гэвэл урт хугацаанд, маш тогтвортой, зөв арга хэмжээ авах шаардлагатай юм.

-Туулын усан цогцолбор байгуулна гэж өдгөө ярьж буй. Энэ нь усны горимыг дэмжихэд хэр нөлөө үзүүлэх юм бол?

-Туул гол маш нарийн хөндийгөөр урсдаг учраас их хэмжээний ус хуримтлуулах сан байгуулах боломж хомс. Томоохон усан сан байгуулж, урсацыг нь олон жилээр тохируулж болно. Олон жилийн тохируулга хийнэ гэвэл элбэг устай байх 10, 20 гаруй жилд усаа сандаа хуримтлуулж байгаад бага устай 20-иод жилд нь нөөцөлсөн усаа зарцуулахыг хэлээд байгаа юм. Ийм сан байгуулах боломж хомс учраас жижиг оврын усан сан барихаар судалж байна. Жижиг сан байгуулахдаа хэрхэн тохируулга хийхээ зөв тооцох хэрэгтэй.

Мөн усан сан Туул гол дагуух газар доорх усны орд газруудад нөлөөлөхгүй байх ёстой. Ингээд усан сангаа байгуулчихлаа гэхэд түүний ажиллагааны горимыг оновчтой зохицуулж, голын экосистемд хамгийн багаар нөлөөлөх, ялангуяа тасарч байгаа үед нь устай байлгахаар зохицуулах шаардлага тулгарна.

Энэ тал дээр цаашид бүх тооцоогоо нягтлаад, шаардлагатай бол дахин тооцох нь зүйтэй. Долоо хэмжиж нэг огтол гэдэг дээ. Үүнийг магадгүй 14 хэмжиж, нэг огтлох шаардлагатай. Их ул суурьтай, олон дахин тооцоо хийж, зөв шийдлээ олсон төсөл хэрэгжүүлэх ёстой.

-Туул гол ширгэлээ гэх боллоо. Өмнө дурдсанчлан байгалийн нөхцөлийг нь сэргээхийн тулд багагүй хугацаа шаардлагатай гэсэн. Тэр хүртэл тэсэх үү?

-Яг үнэндээ Туулын усны горим өөрчлөгдсөн болохоос биш, жилийн урсац нь төдийлөн багасаагүй. Харин хур тунадасны усаар тэжээгдэж, тэр нь ул хөрсөндөө хүртэл нэвчдэг нь үгүй болсон. Газар доорх усны горим нэлээд алдагдсан. Өмнө нь газар доорх ус нь Туул голоо тэжээдэг байсан.

Өөрөөр хэлбэл, харилцан тэжээгддэг байсан бол одоо зөвхөн Туул гол гүний усыг тэжээдэг болчихлоо. Усан сан байгуулахдаа ус шүүрүүлэх буюу усан сан ул хөрснийхөө усыг тэтгэх, эсвэл сангийн доод талд нь жижиг цөөрөм байгуулж, гүний усаа тэжээх нөхцөл бүрдүүлэх боломж бий.

-Нийслэлчүүдийн ундны усны хэрэглээ сүүлийн жилүүдэд хэр нэмэгдэж байгаа вэ. Зөвшөөрөгдсөн нөөцөөс давах тохиолдол бий юү?

-Хэрэглээ өсөөгүй. Харин тоолууржуулсны ачаар орон сууцанд амьдардаг иргэдийн хэрэглээ багассан. Аливаа гол мөрний усны нөөцөөс авч ашиглаж болох усны хэмжээ 10 хувь байдаг. Одоогоор Туул голын урсацын 10 орчим, зарим тохиолдолд 12 хувийг нь хэрэглэж байна. Энэ хэмжээ 20 хувь хүрвэл хэрэглээг хязгаарлахаас өөр аргагүй. Бид нийт хэрэглээнийхээ ядаж 30 хувийг нь саарал усаар орлуулчихмаар байна. Нийслэлчүүд өдгөө хоногт 160.000-180.000 шоо метр ус ашиглаж байгаа.

Үүний 80.000-90.000-ыг нь саарал усаар орлуулчихвал бид нөөцөө илүү удаан ашиглана гэсэн үг. Туул голын газар доорх усны ашиглаж болох нөөцийн хэмжээ хоногт ойролцоогоор 275.000 шоо метр. Ус сувгийн удирдах газрын худгуудаас гадна хувийн үйлдвэрүүд олон худаг гаргасан байх нь бий. Хувийн худгуудын хэрэглээг нэмээд тооцоход зарим тохиолдолд усны хэрэглээ 275.000 биш, 300.000 шоо метр хүрч байж болзошгүй.

-Айл бүр гүний худаг гаргаад байна. Тэр нь усны нөөцөд төдий хэмжээгээр нөлөөлж байна гэгддэг. Энэ талаарх тоон мэдээлэл гаргасан байдаг уу?

-Бүрэн хэмжээний статистик байхгүй. Зарим тохиолдолд хоногт 300.000 шоо метр ашигладаг байж болзошгүй гэснийг дээр дурдсан. Манайхан худгийнхаа дэргэд жорлон барьчихдаг. Хэтдээ худаг нь, түүгээр дамжаад газар доорх ус нь бохирдоно. Гүний усыг цэвэрлэх боломжгүй. Уг нь дэлхийн хэмжээнд яривал манай бохирдсон хөрсний хэмжээ маш бага. Стандарт гаргаад, төрөөс дэмжлэгтэйгээр дэд бүтэцжүүлж, буруу жишгээ засах хэрэгтэй.

Хэдийгээр бид дөнгөж 10-хан хувийг нь хэрэглэж байгаа боловч бүх усаа бохирдуулах нь. Монгол орны гол мөрний нийт нөөцийн хоёр хувийг Туул гол эзэлдэг. Гэтэл тэр хоёр хувийг нь улаанбаатарчууд бохирдуулчихаж байна. Бохирдуулагч эх үүсвэрүүдийг шинэчлэх, цэвэрлэх байгууламжаа сайжруулах, хөрсний бохирдлыг бууруулах ёстой.

Бохирдсоны дараагаар дэд бүтэц тавьдаг хөгжлийн буруу жишиг манайд бий. Сэлбэ, Улиастай зэрэг Туулын цутгал голуудыг хамгаалахын тулд юуны өмнө шинээр суурьшил үүсэж буй зуслан орчмын хөрсний бохирдол, усан хангамжийг шийдэх шаардлагатай. Даанч төсөв хөрөнгө байдаггүй байх.

-Нийслэлийн иргэд ундны усгүй болно гэсэн таамаг нэлээд олныг харж байлаа. 2015 он, 2020, 2040 гэх зэргээр хугацаа заасан нь ч бий. Хэр үнэн юм бол?

-Цөөнгүй тайланд улаанбаатарчуудын усны хэрэглээ ирээдүйд ийм болно гэсэн тооцоо бий. Тэдгээрийн дотор Туул голын газар доорх ус улаанбаатарчуудыг хангаж чадахаа болино гэсэн итгэл үнэмшилтэй хугацаа байхгүй гэж би ойлгодог. Усаа хэмнэж болно. Жишээ нь, УСУГ машин угаадаг хүмүүст зөвшөөрөл олгохоо болино гэсэн. Энэ мэтээр менежментээ боловсронгуй болгоод, усаа хэмнэх ёстой.

Ч.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
122.201.21.167 Mashin ugaalgiin gazruud usiig unheer gamgui hereglej baigaa l daa
202.70.46.235 Монгол улсын завхралын 1 жишээний дүр зураг..... салбар бүрт монополь эрхтэй эрдэмтэн нэртэй хүмүүс....залуу хойч үедээ мэдээлэл, мэдлэг туршлагаа өвлүүлэх бодолгүй хүмүүс....орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтыг гадаад очихдоо алгаа өвдтөл ташаад сайхан судалгаа байна гэнэ...Монголдоо ирээд өө энэ бүтэхгүй юм байгаа нь миний хийсэн ажлууд зөв бусдын хийсэн ажлууд буруу гэнэ... ийм бодит байдал байгаа болохоор шинжлэх ухаан Монголд хөгжихгүй байгаа юм даа
202.70.46.235 Монгол улсын завхралын 1 жишээний дүр зураг..... салбар бүрт монополь эрхтэй эрдэмтэн нэртэй хүмүүс....залуу хойч үедээ мэдээлэл, мэдлэг туршлагаа өвлүүлэх бодолгүй хүмүүс....орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтыг гадаад очихдоо алгаа өвдтөл ташаад сайхан судалгаа байна гэнэ...Монголдоо ирээд өө энэ бүтэхгүй юм байгаа нь миний хийсэн ажлууд зөв бусдын хийсэн ажлууд буруу гэнэ... ийм бодит байдал байгаа болохоор шинжлэх ухаан Монголд хөгжихгүй байгаа юм даа
103.9.90.194 тэгвэл сайжирах гээд байна! даанч бид тэгж чадахгүй, боломжгүй, хугацаа их шаардана л гэж юм! ер нь Монголд болдог бүтдэг юм гэж байна уу???? нэг зоригтой хөдлөөд хийх ёстой ажлаа жинхэнэ утгаар нь биелүүлбэл манайх уг нь мандан бадрах гээд л байдаг
103.57.94.153 Mash saihan niitlel bolson baina bayrlalaa
103.9.88.210 Шинжлэх ухаанд амьдралаа зориулана гэдгийг энэ хүний үлдээж буй мөрөөc харч болно. Хийcэн үл, хэлэх үгээ бодож, түүндээ эзэн болж чадах хүн. мэдэхгүй байж, танихгүй байж цагаан цааcан дээр мөр гаргахдаа ичиж бай
103.9.88.210 Энэ хүний залгамж халаа гэж байна уу байвал хэн гэдэг хүн байна
  • 2017 оны 04 сарын 14
202.70.46.234 Irgeded oilgogdhoor engiin tsegtstei bichjee.
202.55.191.130 Нэг л их эрдэмтэн хүн. Нас өөд болсон эрдэмтэдийнхээ ажлаас иш авч өөрийн нэрээр алдаршаад л. Залуучуудаа хавцсан том хүн
202.55.191.130 Чи ядаж хийсэн бүтээсэн судалгааных нь ажлын хэсэгхэн хэлтэрхийг нь олж уншчихаад дараа нь олон юм яриарай!
  • 2017 оны 04 сарын 14
202.55.191.130 Тулж харьцаад уулзаад хамтран ажиллаад үзвэл чиний бодол өөрчлөгдөх байх даа
  • 2016 оны 04 сарын 14
202.55.191.130 Chi yag yu ve hhisen buteesen zuil bnuu? Muu nuuree nuusan bandia. Tamiin togoonii ulger
  • 2016 оны 04 сарын 14
183.81.171.135 ус бол лус гэдэг, усны нэр барьж мөнгө хусдаг нөхдүүд болгоомжтой л байгаарай
183.81.171.135 Ер нь усны асуудал их өгөөжтэй юм шиг байгаамаа, ус яриад л мөнгө хусаад л мөн ч олон хүний амьдрал ахуй засарч бгаа даа хөөрхий. Хамгийн харамсалтай нь ус маань өөрөө юу ч үгүй үлддэг өрөвдөлтэй ч юм даа. гэхдээ ус гэдэг маань лус гэсэн үг, усны нэр барьж мөнгө цохисон хүмүүс эвгүйтэнэ шүү
199.49.15.128 Усан сан байгуулж Туул голын усыг хуримтлуулах хэрэгтэй. Үерийн усыг урсгаад Байгал нуур руу явуулах нь буруу харин усан сан руугаа барьж аваад хэрэглээ их өглөө, оройд тохируулга хийдэг байвал зөв болно. Ядаж л Улаанбаатарын агаар чийгтэй болно. Залуудаа ЗХУ-ын Киев хотод сурч байхад оросууд Днепр гэдэг мөрөнг түшиглээд Киевское море гэдэг хиймэл далайг бий болгосон. Уур амьсгал нь чийглэг, далай эрэг дээр байгаа юм шиг болгосон шүү. Түүнийг дагаад мод, хүнсний ногоо тариад хүмүүсийн амьдрал ч сайжирдаг юм бна лээ.
202.9.41.196 ...урсаад л ,урсаад л урсаад байна даа гээд л дуулцгаадаг даа
202.170.69.58 тУУЛ ГОЛЫН ЖИЖИГ ТОМ ЦУТГАЛУУДЫГ НАРИЙН ТООЛЖ БҮРТГЭЛЖҮҮЛЖ ХАРИУЦАХ ЭЗЭНТЭЙ БОЛГОЖ НУТГИЙН ИРГЭДИЙГ ХАРЖ ХАМГААЛУУЛАН МОДЖУУЛЖ БУТЖУУЛАХ АЖЛЫГ ХИЙГЭЭЧ ГЭЖ БАРАГ 20 ЖИЛ ДУУГАРЛАА. ХӨДӨЛДӨГГҮЙ ДЭЭ. ТУУЛ ГОЛ МИНЬ ХАЙРАН ТУУЛ МИНЬ ГЭЖ МАТРЫН НУЛИМС УНАГАН ТУУЛ ГОЛООС ОРЖ ИРЭХ ИХ МӨНГИЙГ ЦУСАЛЖ ЭРГЭЛТЭНД ОРУУЛАХАА Л БОДХООС ЁСТОЙ ХАЙРАЛЖ ХАМГААЛНА ГЭЖ ҮГҮЙ ЮМАА. ЮМ Л БОЛ УСАН ЦОГЦОЛБОР БАРИНА. ГЭНЭ.ТЭГЭХДЭЭ УСАН ЦОГЦОЛБОР БАРИХ НУТГИЙН ИРГЭДЭД МЭДЭГДЭХГҮЙ ЯРИХГҮЙ ХЭЛЭХГҮЙ ЗӨВХӨН 800 ТЭРБУМ ГЭСЭН МӨНГӨНИЙ ДҮНД Л ТОЛГОЙ НЬ ЭРГЭЖ ЯААЖ ЭНЭ МӨНГӨНӨӨС УНАГАХ ВЭ? Л ГЭЖ ХЯРЖ ХЭВТЭНЭ.
202.131.7.199 Энэ нийтлэлийг манай хүнд гарууд буюу томчууд унших хэрэгтэй юм байна. Ер нь хүн бүр уншаасай гэж бодож, энэ мэтчилэн мэрэгжлийн шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар ойлголт маш чухал, үүний зэрэгцээ амны зоргоор, амны фигуртэй, бурдаг, таадаг, усны асуудлаар шоуддаг төр засгийн хийгээд мэрэгжлийн байгууллагын хүмүүсч байдаг шүү
202.131.7.199 ee medku de ene ch
  • 2016 оны 04 сарын 13
202.72.246.106 Энэ хогийн үйлдвэрүүдийг УБ хотоос гаргаачээ

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.