Р.Бурмаа сайдын машин осолдоогүй

2015 оны 10 сарын 26

УИХ-ын 75 дугаар тогтоолоор Халх гол суманд Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан. Тэгвэл энэ сарын 16-ны өдөр Өргөдлийн байнгын хорооны хурал дээр Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа “Халх гол” төслийг танилцуулах мэдээлэл хийсэн юм. Тус хуралд Дорнод аймгийн иргэдийг төлөөлөн Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Халх гол сумын Засаг дарга В. Мөнхтайван болон иргэн Н.Цэрэндулам нар оролцож нутагтаа очиж мэдээлэл өгөхийг хүссэн. Үүний дагуу “Халх гол” төслийн ажлын алба өнгөрсөн бямба гарагт Дорнод аймгийн Халх гол сумыг зорьсон юм. Энэ үеэр Р.Бурмаа сайд орон нутгийн удирдлага болон иргэдтэй уулзаж санал бодлыг сонсож, ажлын явцын талаар танилцуулж байна.  Хүнс, хөдөө аж ахуйн сайдыг тус аймагт ажиллаж байх үеэр зарим мэдээллийн сайтууд дээр “Р.Бурмаа сайдын ажлын албаны машин осолдлоо” гэх мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл нь  бодит эх сурвалжгүй, худал мэдээлэл болохыг Хүнс хөдөө аж ахуйн яамны хэвлэлийн албанаас албан ёсоор мэдэгдлээ. 

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.