“Оны залуу” лекцэнд 1000 гаруй оюутан бүртгүүлжээ

2015 оны 10 сарын 26

Монголын залуучуудын холбоо, “Залуу удирдагч” сан хамтран зохион байгуулдаг “Next Stop 2014” наадмаас тодорсон шилдгүүд энэ сарын 31-нд төрийн ордны их танхимд “Оны залуу” лекц унших тов зарлагдаад багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл нийгэм, улс төрийн “Оны залуу” Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Дэлхийд өрсөлдөх Монгол хүн”, бизнес эдийн засгийн салбарын “Оны залуу” UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшин “mm+BRANDING=MM” гэсэн сэдвээр лекц уншихаар болжээ. Нийгмийн нэр нөлөө бүхий, бизнесийн салбарт амжилттай яваа эрхмүүдийн лекцийг залуус онцолж байгаа бөгөөд 1000 гаруй оюутан залуус оролцохоор бүртгүүлжээ. Мөн УИХ-ын гишүүд, нийгэм, соёлын алдартнууд урилгаар оролцох болжээ.

Сонирхуулахад, 1992 оны анхны “Next Stop”-ын улс төр нийгмийн салбарын “Оны залуу”-аар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, эдийн засаг бизнесийн салбарын “Оны залуу”-аар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал нар шалгарч байжээ. Үүнээс хойш тус наадмаас “төрсөн” 28 залуу удирдагчийг эргэн харахад Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Ерөнхий сайд тав, Засгийн газрын гишүүн, сайд 14, УИХ-ын гишүүн 18, Монгол Банкны Ерөнхийлөгч хоёр төрөн гарсан нь “Next Stop” наадмын нэр хүнд, чансааг илтгэсэн үзүүлэлт гэж болохоор байна. Энэ ч утгаараа “Оны залуу” лекц жилээс жилд цар хүрээгээ улам тэлж, чанар чансаа нь сайжирч, оюутан залуучуудын сонирхлыг татсан, хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болоод буй. 

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.