“ХУБИЛАЙ” ЦОГЦОЛБОР “ногоон” аяллын төв болно

2015 оны 10 сарын 26

Одот тэнгэрийг задгай талбайгаас “тольдох” шинэ цогцолбор байгуулах нь. Хүрэл тогоотын аманд Монголын одон орон судлалын оргил байрладаг, тэнд очиж од дурандаж болдгийг манайхан төдийлэн мэдэхгүй. Тус газарт тийм ч олон хүн очдоггүй, хүчин чадал нь ч бага.

Тэгвэл ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийнхэн Хүрэлтогоотод байдаг төвөө түшиглэн, шинжлэх ухаан, “ногоон” аялал жуулчлалын томоохон цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Энэ нь гадаад, дотоодын жуулчдад сансар судлал, одон орны ололт амжилтыг нээлттэй харуулсан танин мэдэхүйн төв гэнэ. Шинэ цогцолборыг “Хубилай” гэж нэрлэх төлөвлөгөөтэй юм байна.

Хубилай хаан одон орны төв байгуулж, тухайн үедээ мундагт тооцогдох тоног төхөөрөмж суурилуулж байсан, энэ салбарт үлэмж хувь нэмэр оруулсан тул ийн нэрлэх болжээ.

1957 онд Богд уулын Хүрэлтогоотын аманд одон орон судлалын станц байгуулжээ. Монголд ганцхан Одон орон судлалын оргил (ООСО)-ыг тэлж, хүүхэд, залууст одон орон, сансар судлалын шинжлэх ухааныг таниулахын зэрэгцээ аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн жилээс жилд мэргэжлийн дурангаар од харах хүсэлтэй хүн олширч буй тул томоохон цогцолбор байгуулах шаардлага тулгарсан гэнэ.

ООСО нь өдгөө нэг удаа 20 гаруй хүн хүлээн авах хүчин чадалтай бол өргөтгөснөөр хэдэн зуу, мянган хүнийг хүлээн авах юм байна.

Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд аялал жуулчлалын салбарыг хөгжлийн тэргүүлэх зургаан чиглэлийн нэг байхаар тусгасан. Туул голын сав газар, Тэрэлж, Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэх заалт ч бий. Энэ зорилтын хүрээнд байгуулсан амралт зугаалга, олон нийтийн газруудын нэг нь “Скай ресорт”.

Үүн шиг иргэдийн анхаарлыг татдаг, сонирхон очдог газар байгуулахыг зорьж буй нь “Хубилай” цогцолбор. ООСО нь хотын төвөөс 25 км, “Скай ресорт”-ын засмал замаас 2.7 км зайд, Богдхан уулын зүүн хойд салбар уулын оргил орчмын өндөрлөг, байгалийн үзэсгэлэнт газарт байрладаг.

Тэмээ хад хүрэхэд 15 минут, Цэцээ гүн рүү явган аялахад дөрвөн цаг зарцуулдаг зэргээр жуулчдын очдог бусад газартай ч ойр оршдог давуу талтай байна.

Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал эрс нэмэгдэж, иргэд чөлөөт цагаараа аялж зугаалахыг эрхэмлэдэг болсон. Хотын ойролцоо гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авах шинжлэх ухаан, “ногоон” аялал жуулчлалыг хослуулсан онц сонирхолтой амралтын цогцолбор байгуулах нь нийслэлийн ЗДТГ-ын “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэж төсөл санаачлагчид тэмдэглэж байна.

Тэнд иргэд гэр бүл, хамт олноороо идэвхтэй амрах, өдөр явган болон дугуйт аялалд оролцох, үдэш нь шинжлэх ухааны сонирхолтой лекц сонсож, судлаачийн зааврын дагуу тэнгэр, оддыг дурандах боломж бүрдүүлэх аж.

Одоогоор цогцолборын зураг төслийг боловсруулчихаад буй юм байна. Төслийг 2015-2030 онд буюу 16 жилийн дотор хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний ээлжийн барилгыг 2018 он хүртэлх дөрвөн жилд барьж, ашиглалтад оруулахаар тооцсон байна.

Нийт 50 га газарт уг цогцолборыг байгуулахаар төлөвлөж буй бөгөөд өдөрт 3000, хоногт 650-750 хүн хүлээн авах хүчин чадалтай байх аж. Өдөрт дунджаар 1500, жилд 80.000 орчим хүн уг цогцолборт очих болов уу гэж таамаглаж байгаа аж.

ООСО дээр дурдсанчлан байршил сайтай, Богд уулын дархан цаазтай нутагт байрладаг давуу талтай ч цэвэр усны нөөц багатай, барилга байгууламжууд нь хуучирч муудсан, зам, талбайн тохижилт тааруу зэрэг сул тал бий. ООСО-ын барилга байгууламжийг 50 гаруй жилийн өмнө барьсан. Дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ ихээхэн муудаж элэгдсэн байна.

Мөн цас их орчихвол цогцолбор руу очих уулын зам цасанд боогддог. Хавар цас хайлах үеэр шар ус, зун их борооны үеэр үерийн ус уулын сайжруулсан шороон замыг эвддэг тул тогтмол засах шаардлагатай зэрэг бэрхшээл цөөнгүй.

Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнгийнхэн эдгээр сул тал, бэрхшээлийг цогцолбор байгуулах үеэр бүрэн шийдэх гэнэ. Гудамж, замыг сайжруулан, цаашид автобусаар үйлчилдэг болох аж. Мөн “Скай ресорт”-оос ООСО хүртэлх 2.7 км сайжруулсан шороон замыг засахаар төлөвлөжээ. Иргэдийн ая тухтай, аюулгүй амрах орчныг бүрдүүлэх хүрээнд зам тээвэр, дэд бүтцийг сайжруулах, нийтийн бие засах газар, авто зогсоол, явган хүний зам тавих юм байна.

Жилийн дөрвөн улиралд үйл ажиллагаа явуулахын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ нэр төрлийг нэмж, иргэд өвөл очиж, чөлөөт цагаа өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэх нь цогцолборын бас нэг онцлог. Ингээд шинээр одон орон судлал, танин мэдэхүйн сургалт, үзвэр үйлчилгээ бий болгох, сансар судлалын төв, музей нээх аж.

Хүрээлэн буй орчинд ээлтэй цогцолбор болгон хөгжүүлэхийн тулд хог хаягдал, бохир усны асуудлыг бүрэн шийдвэрлэн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах гэнэ.

Баянзүрх дүүрэг, Жуковын музейн ард Астропарк, Сансрын музей бий. Тэнд шинжлэх ухааны ололт амжилт, хүн төрөлхтний сод ухаанаар бүтээсэн пуужин, одот тэнгэр, огторгуйн уудам дахь сонирхолтой үзэгдлийг зохиомол орчинд үзэж болдог. Тэгвэл шинэ цогцолборт энэ бүхнийг задгай талбайгаас биетээр үзэж, турших гэнэ.

Тухайлбал, цогцолбор нь үндсэн долоон бүсээс бүрдэх бөгөөд үүнд сансрын нисэгчдийн дасгал сургуулилалтын болон пуужин хөөргөх нисдэг онгоцны загвар турших талбай багтжээ. Сансрын пуужин болон нисэх онгоцны үндсэн бүтэц, хийцүүдийн талаар хүүхэд залуучуудад мэдлэг өгөх зорилгоор АНУ, ОХУ, БНХАУ болон бусад улсын сансрын хөлөг, нисэх онгоц, тэрэгний багасгасан загваруудыг тэр хэсэгт үзүүлбэр маягаар байрлуулах аж.

Харин пуужин хөөргөх тавцан, туршилтын талбайг аюулгүй ажиллагаа бүрэн хангасан газарт тусад нь тавих гэнэ. Одон орны задгай театр нь цогцолборын сонирхолтой хэсгүүдийн нэг. Задгай талбайд одон орны дуран байрлуулж, судлаачийн зааврын дагуу зуны шөнийн одот тэнгэрт нарны аймгийн гаригууд, сарны гадаргууг харах, ажиглах аж.

Мөн сонирхогчдод зориулсан талбай ч бий. Тэнд байгалийн сайханд амрангаа сонирхогчдын дурангаар од харж болох гэнэ. Үүнийг дагалдуулан дуран түрээслэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх үйлчилгээ нээх аж. 9.44 га-д сансрын эр

нисэгчдийн дурсгалын талбай, 4.12 га талбайд пуужин хөөргөх, нисэх онгоцны загвар турших талбай, 12.96 га-д одон орны задгай театр, 9.04 га талбайг одон орон сонирхогчдын талбай, 5.09 га талбайд авто зогсоол барихаар төлөвлөжээ. Олон нийтэд үйлчлэх газар учраас 500 гаруй автомашины зогсоол байгуулах аж.

Авто зогсоолд машинаа байрлуулсан хүмүүс бусад талбай рүү явганаар, эсвэл тусгай зөөврийн тэргээр явна. Мөн дугуй түрээсэлсэн хүмүүс тусгай зориулалтын уулын дугуйн замаар бусад талбай руу явж болох гэнэ.

Шинжлэх ухаан, аялал жуулчлалын томоохон төв, дээр дурдсанчлан олон шинэ үйлчилгээ нэвтрүүлж байгаа учраас тус цогцолборыг барьж байгуулахад багагүй хөрөнгө шаардагдах нь маргаангүй. Төслийн бэлтгэл ажлын хүрээнд л гэхэд 300 мянга гаруй ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн юм байна.

Тиймээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар зарим бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр тооцжээ. Худалдаа, үйлчилгээ, үзэсгэлэн, нийтийн хоолны газар, амралт чөлөөт цагийн үйлчилгээг хувийн хэвшлийнхнээр гүйцэтгүүлэх боломжтой аж.

Эхний ээлжинд цогцолборын газрын асуудлыг шийдэхээр төсөл санаачлагчид Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт ханджээ. Хүрэлтогоотын ам орчмын газрын ихэнх нь хөрөнгө бэлтэй хүмүүсийн гарт хэдийнэ орчихсон тул өдгөө багахан газар л үлдсэн байна. Тэр газар ч өмчлөгдөж, орон сууцны хороолол босохоос өмнө амралт, чөлөөт цагийн цогцолбор байгуулахаар өдгөө шуурхайлан ажиллаж буй юм байна.

Н.Батцэрэг сайд үүнийг нааштай хүлээн авч, шийдвэрлэхэд нь дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн гэнэ. Газрын асуудлаа шийдчихвэл энэ оноос эхлээд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар задгай талбайд од харах үйл ажиллагааг хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр шууд эхлүүлэхэд бэлэн аж.

Ч.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.