Шилийн гол аймагтай хамтран ажиллана

2015 оны 10 сарын 21

БОНХАЖ-ын дэд сайд М.Хүрэлсүх өчигдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн засаг дарга Фу Ван Хуй тэргүүтэй албаны 10 гаруй төлөөлөгчийг хүлээн авч уулзав. Монгол Улсын зүүн бүсийн аймгууд урд хөршийн Шилийн гол аймагтай уул ус, хэл соёл, ёс заншлын хувьд төстэй, эртний баялаг түүхтэй, аялал жуулчлалын өргөн нөөц бололцоотой газар нутагтай тул цаашид хоёр тал аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах асуудлаар талууд санал солилцов. Хоёр талаас сайтар зѳвлѳлдсөний дүнд хамтран ажиллах журмыг үндэслэн протокол боловсруулсан байна. Үүнд талууд аялал жуулчлалын ажлын хэсэг байгуулж, Улаанбаатар болон Шилийн хотуудад төлөөлөгчийн газар байгуулах тухай тусгажээ.

Хоёр талаас аялал жуулчлалын нѳѳц бололцоо болон замналыг улам сайжруулахын тулд Шилийн хот-Эрээн-Улаанбаатар хоорондын аялал жуулчлалын замнал бий болгон, Хятад, Монгол Оросын хил дамнасан аялал жуулчлалыг хамтаар хөгжүүлэх гэнэ. Монголын талаас холбогдох байгууллагууд аялал жуулчлалын замналын дагуух зам харилцаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон дэд бүтцийг сайжруулах ёстой аж. Хил дамнасан аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах үүднээс Шилийн гол аймгийн Тусгай мэргэжлийн дээд сургуульд жилд 30 хүнийг богино хугацааны сургалтад хамруулахад Шилийн гол аймаг туслах гэнэ.

Үүнээс гадна Шилийн хот-Улаанбаатар болон Шилийн хот-Чойбалсан-Чингис-Дээд нийслэлийн хооронд агаарын зам нээх, Шилийн гол аймгийн холбогдох байгууллагууд ирэх оны гуравдугаар сард ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгуулдаг олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд хоёр орон хамтран аялал жуулчлалын бүтээгдэхүүн танилцуулахын тулд ирэх оны тавдугаар сард Хятад, Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүн танилцуулах форумыг Шилийн хотод зохион байгуулах аж. Мөн Монгол Улсын Бичигт болон БНХАУ-ын Хатавчийн боомтод дээр хоёр орны аялал жуулчлалын мэдээллийн төв хамтран байгуулахыг протоколд тусгажээ.

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.