ТӨРИЙН ШИЙДВЭР ТОГЛООМ БИШ

2015 оны 10 сарын 01

Цэгцтэй, цэвэр хотод амьдрахыг хүснэ. Улсын нийслэлийг ийм болгоход чиглэсэн зорилго, зорилт хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нь цөөнгүй бий. Түүний нэг нь Авто худалдааны цогцолбор барих. Энэ нь замын түгжрэл, ослыг бууруулах, хөрс, агаарын бохирдлыг багасгах зорилго бүхий том шийдвэр. Хамрах хүрээ, шийдвэрлэх асуудал нь том учраас эхэлсэн цагаасаа олны нүдний өмнө байлаа. Цогцолборын шавыг өнгөрсөн оны наймдугаар сарын 27-нд тавьсан.

Уг нь тухайн ондоо багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч дэмжиж, урагшлуулах ёстой хүмүүс гар хөдөлгөхгүй байсаар хугацааг нь жилээр хойшлуулсан юм. Тэр хэрээр эсэргүүцэлтэй тулж, “Барьж чадахгүй юм байна. Худал боллоо” гэсэн яриа ч гарч байв. Юутай ч жил орчим үргэлжилсэн цогцолборын эхний ээлжийн ажил дуусаж, энэ сарын 4-нд нээхээр болжээ.

Улаанбаатар хотын 27 га газрыг томоохон есөн зах, 34 цэг эзэлж, автомашин, сэлбэг хэрэгсэл худалддаг. Нээж байх үедээ хотын захад хамаардаг байсан тэр газрууд өдгөө төв орчимд тооцогддог болтлоо урт насалчихаж. Томоохон есөн захад 7000 түрээслэгч үйл ажиллагаа явуулж, өдөрт 100 орчим машин зардаг гэсэн албан бус тоо бий.

Албан бус гэдгийн учир нь авто худалдааны зах зээл хяналтгүй, ихэнх нь хувийн хэвшлийн мэдэлд байдаг учраас тооцоо судалгаа нь бүдэг бадаг, баталгаагүй, нэгдсэн биш байгаа юм. Тэр захуудаар өдөрт 8000-10.000 хүн үйлчлүүлдэг нь замын ачааллыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болдог гэдэг. Мөн үйл ажиллагаа явуулж буй газар нь стандартын шаардлага хангадаггүй, харуул хамгаалалт тааруу учраас хулгай гарах нь элбэг зэрэг олон саар тал нь тэднийг нэг газарт төвлөрүүлж, цэгцлэх гол шалтгаан болсон юм.

Улаанбаатар хотын 27 га газрыг томоохон есөн зах, 34 цэг эзэлж, автомашин, сэлбэг хэрэгсэл худалддаг. Нээж байх үедээ хотын захад хамаардаг байсан тэр газрууд өдгөө төв орчимд тооцогддог болтлоо урт насалчихаж. Томоохон есөн захад 7000 түрээслэгч үйл ажиллагаа явуулж, өдөрт 100 орчим машин зардаг гэсэн албан бус тоо бий.

Цогцолбор барих ажлыг “Авто худалдааны цогцолбор” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар зохион байгуулж буй. Тэднийх улс, нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг авдаггүй, үйл ажиллагааныхаа орлогоор санхүүждэг. Цогцолборт зогсоол авах иргэдийн мөнгийг хуримтлуулж, бүтээн байгуулалтаа эхлэхээр тооцож, автомашин зарах зориулалт бүхий зогсоолуудаа худалдаж эхэлсэн.

Харамсалтай нь нэг талаас эдийн засаг хүндэрч таарсан, нөгөө талаас захынхан нүүх хүсэлгүй байсан нь тэдний борлуулалтад нөлөөлж, ажил жилээр хойшлоход хүргэжээ. Харин хэд хэдэн байршлын газраа дуудлагаар худалдаж, орлогыг нь ажилдаа зарцуулснаар урагшилсан. Ингээд нийт 20 тэрбум төгрөгөөр эхний ээлжийн ажлыг дуусгаад байна.

Энэ нь авто техниктэй холбоотой бүхий л үйлчилгээг багтаасан, нэгдсэн харуул хамгаалалт бүхий нэг цэгийн худалдаа, үйлчилгээний төв юм. Уг төв авто худалдаа, сэлбэг хэрэгслийн бизнес эрхлэгчдийн ажил, үйлчилгээг баталгаажуулж, албан ёсных болгохоос гадна ажлын байрны нөхцөлийг сайжруулна.

Мөн ОХУ, Казахстан зэрэг улс руу автомашин болон сэлбэгийн реэкспортыг нэмэх төлөвлөгөөтэй. “Сонгууль дөхөж байна. Улстөржүүлээд харлуулчихгүй бол цогцолбор барих ажил хот тэлэхэд, цэгцтэй хөгжихөд чухал нөлөө үзүүлнэ” гэж цогцолборынхон үзэж байна.

Эхэн үед эсэргүүцэж байсан бизнес эрхлэгчид нэлээд ойлгож, нэг үеэ бодоход дэмждэг болсон. Үүнтэй холбоотойгоор “Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг захууд газрын зориулалтаа өөрчилж, орон сууц, сургууль, цэцэрлэг болгох сураг ч дуулдана. Гэхдээ сайны хажуугаар саар гэгчээр ажилд нь саад учруулж буй хэсэг өнөө хэр байсаар.

Эсэргүүцэгчид “Цогцолбор барих газар маш хүйтэн, талбай нь үнэтэй, өдөр бүр тийм хол газар руу ирж, очиж чадахгүй. Гэр энд байхад би тэнд яаж очих юм” гэх зэрэг өчүүхэн шалтгаан тоочно. Өнгөрсөн оны тавдугаар сарын 14-31-нд авто худалдаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, тэдэнд түрүүлж байршил сонгох давуу эрх олгосон.

Мөн томоохон хэмжээний бүтээн байгуулалт гэдэг утгаар нь арилжааны банкууд ч дэмжин, уян хатан нөхцөл бүхий бага хүүтэй, зарим нь барьцаагүй зээл тусгайлан гаргасан нь ч бий. Ингээд “Ирээч” гэж гуйсан ч тэд хүлээж аваагүй. Дэмжиж тэтгээд байхад илүү зүйл нэхээд, залхуураад байгаа юм. Уг нь тэд нийтийн төлөө нүүх ёстой.

Төрийн шийдвэр тоглоом биш. Хэдийнэ зарцуулчихсан 20 орчим тэрбум төгрөг, 30 орчим га газарт хийсэн бүтээн байгуулалтыг үнэгүйдүүлэх эрх хэнд ч байхгүй. Төр нэгэнт шийдвэрээ гаргасан, түүнийг биелүүлэх нь бидний үүрэг.

Ч.МӨНХЗУЛ

ГАЗАР ДЭЭРЭЭС НЬ


Авто худалдааны цогцолбор

ажиллаж эхлэхэд бэлэн байна

Авто худалдааны цогцолбор ашиглалтад ороход бэлэн болжээ. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд орших тус цогцолбор нийт 130 га газрыг хамарч буй ч эхний ээлжинд 30 га талбайд үйл ажиллагаагаа эхлэх юм.

Тус цогцолборт ажиллахаар Авто тээврийн үндэсний төвийн салбар, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэс, авто хэрэгслийн улсын дугаар олгох байгууллага нэг, нотариатын газар хоёр, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, ХААН болон “Хас” банк, “Бодь” даатгалынхан гэрээ хийж, “Монре”, “Монгол” даатгалынхан хүсэлтээ өгөөд байгаа аж.

Мөн цайны газар 22, нийтийн бие засах газар тав, хүнсний дэлгүүр хоёр, авто угаалгын дөрвөн төв тус тус ажилдаа орохоор бэлтгэлээ хангаад байна. Дээрх албан байгууллагууд цогцолборын баруун хэсгийн явуулын буюу түр байранд байрлах бөгөөд зүүн талд нь дөрвөн тусдаа талбай бүхий 6375 машины зогсоолтой.

Нэг зогсоол дөрвөн сая төгрөгийн үнэтэй ба зогсоол авахад зориулан “Хас” банк барьцаа хөрөнгөгүйгээр зээл олгох бол ХААН банк 15 хувийн урьдчилгаа авч, зээл өгч байна. Одоогоор нийт зогсоолын 30 хувийг борлуулаад байгаа аж.

Түүнчлэн өндөр хурдны шилэн кабелийн “Скай нетворкс”-ын сүлжээ нэвтэрсэн бөгөөд задгай талбайд “Кевико” компани интернэтийн сүлжээ цацна. Талбай бүрийн өнцөгт дөрвөн зүг рүү чиглүүлсэн 64 хяналтын камер, лед гэрэл 216 ширхгийг суурилуулсан байв.

Энэ ажлын хүрээнд Авто худалдааны цогцолборыг хуучин 22-ын товчоотой холбосон 30 метр өргөнтэй, 1.5 км урттай замыг “Готик голд” ХХК-ийнхан тавьжээ. Харин хашаан доторх 2.5 км орчим урт замын суурийг хучиж арай дуусаагүй байгаа ч замын ажлыг цогцолборын үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр зохицуулсан байлаа.

Э.НАМУУН

ИНФОГРАФИК


АЛБАНЫ ХҮНИЙ ҮГ

Н.ГАНТӨМӨР: Захуудыг ирэх хавраас НҮҮЛГЭНЭ

Авто худалдааны цогцолборын ажлын явц, өнөөгийн байдлын талаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөртэй ярилцлаа.

-Авто худалдааны цогцолбор байгуулах ажил хэдэн хувьтай явж байна?

-Ажлын явц 70 гаруй хувьтай байна. Ер нь үйлчилгээ явуулахад дутуу юмгүй болсон. Одоогийн байдлаар автомашины 800 орчим зогсоол борлогдсон. Хүмүүсээс мөнгийг нь авчихсан учраас үйл ажиллагаагаа ойрын хугацаанд эхлүүлэх шаардлагатай байгаа.

Гэхдээ дотоод заслаа дуусгах хэрэгтэй. Иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхийн тулд Авто худалдааны цогцолборт төрөөс үзүүлдэг бүх үйлчилгээг төвлөрүүлэхээр зорьж байна. 130 га газар гэдэг хангалттай талбай. Тэнд 6375 авто зогсоол бэлэн болсон.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Захирагчийн ажлын албаныхны гаргасан саналын дагуу 18 ам метр талбайтай зогсоолыг дөрвөн сая, том буюу 36 ам метрийг нь есөн сая төгрөгөөр борлуулж байна.

-Аравдугаар сарын эхээр ашиглалтад оруулахаар ярьж байна. Амжих болов уу?

-Амжихын хувьд амжина. Харин өвөл үйлчилгээ яаж явуулах вэ гэдэгт санаа зовж байна. Авто худалдааны цогцолборт автомашины даатгал, дугаар олгох, оношилгоо, сэлбэг, банк, худалдаа гээд бүгдийг нь нэг дор төвлөрүүлэх учраас шат дараатай ажиллаж байна.

Авто машины худалдаа эрхлэгчид “Цаг хугацааны хувьд хэт шахуу байна. Хугацаа олгооч” гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхээр бэлтгэл ажлаа сайн хангаж байгаад ирэх хавраас авто худалдааны бүх төвийг нэг мөр нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ авто худалдааны томоохон захууд нүүх, эсэхээ өөрсдөө шийдэх юм.

-“Да хүрээ”, “Өгөөмөр” зэрэг захынхан нүүхийг эсэргүүцэж байгаа. Үүнийг яаж шийдэх вэ?

-Авто худалдааны цогцолбортой болох санал, санаачилгыг авто худалдаа эрхлэгчид өөрсдөө гаргасан юм шүү дээ. 2013 оны намар авто худалдаа эрхэлдэг томоохон компаниудын удирдлагуудтай уулзахад “Авто машиныг ил задгай худалдах нь буруу. Сургууль, цэцэрлэг, айлын хашааны дэргэд машинаа авчирч зарчихаад яваад өгдөг.

Үүнийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай байна” гэж ярьсан. “Да хүрээ” захыг тойрсон худалдааны зургаан цэг бий. “Да хүрээ”-гийнхэн болохоор “Эдгээр зах бидэнд хамаагүй. Манай захын нэрийн өмнөөс энэ олон компани борлуулалт хийгээд байна” гэдэг.

Үүнийг нь судалж үзсэн чинь оргүй зүйл биш байна лээ. Ил задгай байрлаж буй захынхан эрүүл, аюулгүй орчинд үйлчилгээ явуулахгүй байна. Тиймээс тав тухтай орчинд үйлчилгээ явуулах том талбай гаргаад өглөө. Хүсвэл очиж болно.

-Хүсэхгүй бол яах вэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллагынхан тэднээс хуулийн дагуу үйлчилгээ явуулахыг шаардана. Стандарт нормын дагуу үйлчилгээ үзүүлэх ёстой. Шаардлага хангахгүй байвал үйл ажиллагааг нь зогсооно. Эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл боломжоор хангасан шинэ цогцолбор байна, тийшээ нүүх эсэх нь тэдний сонголт.

Түүнээс нэг хэсгийг нь устгаад, нөгөөг нь барьж байгуулж байгаа юм биш. Ямар ч бүртгэл мэдээлэл, хяналт гэж байхгүй, хаана ч хамаагүй машинаа тавиад зарж буй нь иргэдэд хүндрэлтэй байна шүү дээ. Хулгайн болон хуучин машин угсраад зарах жишээтэй. Гэтэл худалдан авсан машин нь удалгүй эвдэрч гэмтэхэд гарахад бидэнд ханддаг. Хэн гэдэг хүнээс ямар машин авснаа ч мэдэхгүй хүн байна. Энэ бүхэн ил тод болчихвол үйлчлүүлэгч хохирохгүй.

Иргэдэд өөрт нь зориулсан үйлчилгээ үзүүлэх гэж байхад биднийг “хааж боолоо, хавчлаа” гээд байдаг. Эхний ээлжинд ил задгайгаар худалдаа явуулдаг захуудаа хотоос гаргая, дараа нь сэлбэгийн асуудлаа шийдье гэж байгаа. Авто худалдааны цогцолборт зориулж, 30 метр өргөнтэй 1.5 км зам тавьсан. Банк, даатгал, хоолны газрын зориулалттай 30 гаруй барилга барьж, дулаан, гэрэлтүүлэг, харуул хамгаалалт, хяналтын камер гээд аюулгүй орчин бүрдүүлсэн.

-Түрээсийн төлбөр өндөр гээд нүүх хүсэлгүй байгаа юм биш үү?

-Харин хамгийн хямд. “Да хүрээ” захын зарим газрын түрээс маш өндөр юм билээ. Авто худалдааны цогцолборын зогсоолыг нэг удаа дөрвөн саяар худалдан авсан байхад насан туршдаа хэрэглэнэ шүү дээ. Гэхдээ газрыг нь өмчлүүлэхгүй, байшин бариулахгүй, ухуулахгүй. Харин зарж борлуулж, барьцаанд тавьж болно.

-Дараагийн бүтээн байгуулалт хэзээ эхлэх бол?

-Хавар эхэлнэ. Нэмж 8000 орчим зогсоол болон сэлбэг, угаалга цэвэрлэгээний газар гээд автомашинд хэрэгтэй бүх зүйлийг тэнд төвлөрүүлнэ. Машин авахдаа чөлөөтэй унаж үзэх зам бэлдсэн. Гэтэл одоогийн нөхцөлд машинаа сайн шилж сонгох боломж алга.

Үүнээс болоод олон хүн хохирч байна. Яваандаа Авто худалдааны цогцолборыг битүү зах, олон улсын худалдааны төв болгоно. Ажлын зургийг нь ч анх тэгж гаргасан.

-Хэсэг газрыг дуудлага худалдаагаар зарсан шүү дээ. Тэдгээр аж ахуйн нэгж авсан газартаа ямар бүтээн байгуулалт хийх вэ. Нийслэлээс үүнд хэрхэн анхаарч байна?

-36 сая төгрөгөөс эхлэн дуудсан газрыг 530 сая төгрөгөөр авсан хүн бий. Дуудлага худалдаагаар зарах 14 газрын 11 нь эзэнтэй болсон. Манайхаас гаргасан зураг төслийн дагуу ирэх хавраас тэр газартаа 2-3 давхар барилга байшин, үйлчилгээний төв барьж эхлэх юм.

Хоёр жилийн дотор барих ёстой. Тэнд бохирын үнэр их үнэртдэг гэж хүмүүс шүүмжилдэг. ЖАЙКА-гаас хөрөнгөө шийдчихвэл 300 орчим сая ам.доллараар лагаа ил хатаадаггүй цэвэрлэх байгууламж барина. Ингэж чадвал элдэв үнэрийн талаар санаа зоволтгүй болно.

Ч.БОЛОРТУЯА

БАЙР СУУРЬ

-Та Авто худалдааны цогцолбор луу нүүхийг дэмжиж байна уу. Хэрэв дэмжихгүй байгаа бол яагаад?

ХУДАЛДАН АВАГЧ НАРЫГ ТАТАХ АЖИЛ ХЭРЭГТЭЙ

Б.ДОРЖ (Ченж) :

-Мэдээж бүх үйлчилгээ нэг дороо байвал хамаагүй дээр шүү дээ. Одоо бол яах нь сайн мэдэгдэхгүй байгаа нь хэцүү байна. Би энд таван машины зогсоолтой. Авто худалдааны цогцолборт эхний ээлжинд хоёр машины зогсоолын мөнгө төлчихсөн.

Гэхдээ тэнд худалдан авагч нарыг татах ажил муу хийсэн юм уу гэж харж байгаа. Учир нь тийшээ явах нийтийн тээврийн чиглэл ч байхгүй юм билээ.

Хувийн унаагаар очсон хүмүүст машинаа байрлуулах зогсоол байхгүй гэсэн. Тэр хол газар руу такси барих хэцүү. Тэгэхээр энэ мэт асуудлаа хурдан шийдээд өгөөч ээ.

ЗАРИМ ХҮН НҮҮХГҮЙ ГЭЖ БУЙГААС БОЛООД БИД ХОХИРЧ БАЙНА

(“Да хүрээ” захын нэрээ хэлэхийг хүсээгүй ченж):

-Би бол дэмжиж байгаа. Бүгдийг нь нэгдсэн журмаар нүүлгээд, зохион байгуулалтад оруулчихвал хаана хаанаа хэрэгтэй л байх. Ийм удаан яригдаж байж яаж шийдэх гэж буй нь сайн ойлгогдохгүй байна. Би өнгөрсөн жил тэнд дөрвөн сая төгрөгийн зогсоол арвыг авсан. Гэтэл одоо болтол асуудлаа шийдэхгүй байгаагаас болоод мөнгөө түгжүүлчихээд байна. Жил гаруй хугацаанд би 40 сая төгрөгөө эргэлдүүлж байсан бол нэлээд хэдэн төгрөгийн ашиг олох байсан шүү дээ. Энд бас давхар түрээс төлж байна. Саяхан “Да хүрээ” зах барьцаагаа нэмчихлээ. Шинэ худалдааны төв рүү нүүгээд өөрийн гэсэн зогсоолтой болчихвол сайн л байна. Гэтэл эндхийн зарим хүн нүүхгүй гээд байхаар завсарт нь бидэн шиг хүмүүс хохироод байна шүү дээ.

БҮГДИЙГ НЬ НҮҮЛГЭЖ ЭХЭЛБЭЛ НҮҮХ Л БАЙХ ДАА

Ш.МӨНХ-ЭРДЭНЭ (“Да хүрээ” захын ченж):

-Би дэмжихгүй байгаа. Учир нь “Да хүрээ” бол иргэдэд автомашин болон сэлбэг, бусад хэрэгслийн цогц үйлчилгээ үзүүлээд олон жил болж байгаа, бас л нэг цогцолбор газар. Энэ хавийг түшиж олон өрх амь зуулгаа залгуулж байна. Нэг гудамнаас л дор хаяж 10 хүн энд худалдаа эрхэлдэг. Би машины зогсоол түрээсэлдэг, одоо найман машинтай байна. Хамаг амьдрал минь энд байгаа болохоор нүүнэ гэдэг хэцүү л юм. Гэхдээ албан ёсоор бүгдийг нь нэгдсэн журмаар нүүлгэж эхэлбэл нүүх л байх даа. Хүмүүсээс сураг сонсоход тэр газарт цэвэрлэх байгууламжийн өмхий үнэртдэг гэсэн. Энэ нь хүний эрүүл мэндэд муу байх.

БИ НҮҮНЭ

Б.БАТБААТАР (“Дөрвөн өлзий” авто худалдааны төвийн ченж):

-Би нүүнэ гэж бодож байгаа. Тэгэхдээ бүгдийг нь нүүлгэх хэрэгтэй. Тал нь энд үлдэх юм бол нүүсэн хүмүүст нь хохиролтой. Худалдан авагч нар илүү ойрхон, дасаж сурсан газар луугаа л явна шүү дээ. “Да хүрээ”-гийн захирлууд нь түрээслэгч нараа “Битгий нүү” гээд байгаа гэсэн. Тэд ч бас ашгаа бодож байгаа байлгүй дээ. Уг нь энэ ажил чинь нийслэл хотын өнгө үзэмж, замын түгжрэл, эрүүл ахуй гээд олон талын ач холбогдолтой юм чинь зөвхөн өөрсдийгөө бодоод байлгүй, дүрэм журмаа биелүүлчихвэл хэн хэндээ л хэрэгтэй.

20 ГАРУЙ ЖИЛИЙН АЖЛЫГ МААНЬ СҮЙТГЭЧИХ ВИЙ

Э.АРИУНЧИМЭГ (“Да хүрээ” захын маркетингийн менежер):

-Бид нүүхгүй гэсэн байр суурьтай байгаа. Учир нь зориулалтын бус талбай дээр автомашин худалдан борлуулж буй газруудыг нүүлгэнэ гэсэн байсан. Манайх албан ёсны зөвшөөрөлтэй. Одоо очих газар нь хотын төвөөс 30 орчим км зайтай.

Энэ нь үйлчлүүлэгчдэд ч хүндрэлтэй байх нь дамжиггүй. Энэ асуудал дээр өмгөөлөгч болон хуулийн ажилтнууд маань ажиллаж байгаа тул хуулийнхаа дагуу шийднэ гэсэн байр суурьтай байгаа. Бид энд 20 гаруй жил авто худалдааны төвийн цогц үйлчилгээ үзүүлэн ажиллаж ирсэн.

Энд бүх төрлийн үйлчилгээ бий. Хэдэн тийш нь нүүлгээд, олон жилийн хөдөлмөрийг үрэн таран хийх вий гэхээс айж л байна.

Х.АЗЖАРГАЛ

ДЭЛХИЙН ЖИШИГ ЦОГЦОЛБОР хэрэггүй гэнэ


Дэлхийн хөгжингүй улс орнуудад манайх шиг Авто худалдааны цогцолбор байдаггүй аж. Нийгмийн хөгжил, боловсролын түвшингээс шалтгаалаад “Да хүрээ” шиг техникийн зах ч ажиллах боломжгүй гэнэ. Тэгэхээр хөгжилтэй орны иргэд хэрхэн унаа тэрэг худалдаж авдаг хэрэг вэ? Автомашины өлгий нутаг Америк орноор жишээ авъя. Энд юуны өмнө манайх шиг “За зах гарч, нэг машин авъя” гэсэн ойлголт үгүй.

Хуучин, шинэ бүх машины зах зээлийг дилерүүд атгасан бөгөөд тэд асар том сүлжээтэй. Хувь хүнээс авахад хямд тусах ч дилерүүд илүү найдвартай. “CARMAX” мэтийн том сүлжээ таны хайсан машиныг ойрхон салбарт нь байхгүй бол сүлжээгээрээ үнэгүй татуулаад л аваад ирнэ. Дилерүүд хүний хуучин машиныг хямдхан аваад, мэргэжлийн сайн засварчнаараа засуулж, өнгө оруулан, илүү үнээр борлуулдаг ажилтай. Бараг бүх дилерийн компани цахим хуудас, онлайн самбартай.

Тэндээс харж, дуртай машинаа загвар, өнгө, насаар нь захиалах боломжтой тул цаг зарж, захаар хайх худалдан авагч ч угаасаа байхгүй. Америкийн хотуудад сэлбэгийн дэлгүүр бий ч жирийн америк хүн өөрөө машинаа засдаггүй, засварын газраар л үйлчлүүлэх тул суудлын бүрээс, шалавч, өнгөлөгч, цэвэрлэгч мэтийн жижиг сажиг зүйлс л зарна.

Монгол, мексик гэсэн гаднынхан л өөрсдөө машинаа засаж байгаа харагддаг. Америкт машин худалдан авах бас нэг арга бол үнэ хаялцуулах худалдаа. Гулсдаг шалаар машин урсан гарч ирж, хэдхэн минутын дотор далд орохын өмнө үнэ хаялцан, өндөр үнэ дарсан нь авдаг систем. Машин сайн мэддэг дилерүүд тэндээс бараа авах бөгөөд жирийн хүн тэр богинохон хугацаанд машинаа шинжээд, үнээ дарж бараг амжихгүй.

Нэг машиныг тавхан минутад зараад, дараагийн машин гараад ирдэг шуурхай ажиллагаатай ч сул тал нь зарагдсан барааг буцааж болдоггүй эрсдэлтэй.

Харин Өмнөд Солонгост хуучин, шинэ, гадаад машины худалдаа тусдаа явагддаг бөгөөд хуучин машины зах нь манай “Да хүрээ”-тэй төстэй. Энд очиж үйлчлүүлж ч болно, онлайнаар ч машин авч болно. Манайд шинээр байгуулагдах Авто худалдааны цогцолбор нь машины худалдаанаас гадна сэлбэгийн дэлгүүр, даатгал, дугаар өгөх газар, татвар, нотариат, лизинг олгох банкны салбарууд хамтаа байрласан, товчхон хэлбэл “Нэг цэгийн үйлчилгээ” гэгдээд байгаа. Харин тэгвэл Өмнөд Солонгост энэ олон байгууллага, ажилтан зэрэгцэн ажиллах ямар ч шаардлагагүй.

Цахим холбоо, онлайн сүлжээ сайн хөгжсөн газар тул дээр дурдсан бүх газар хоорондоо нягт холбоотой. Өөрөөр хэлбэл, иргэний үнэмлэхээ бариад очиход л машин зарж буй дилер утсаар, эсвэл цахимаар холбогдох газруудтай холбоо бариад л бүх ажил бүтнэ. Цагдаагийн газраас жолоочийн үнэмлэх тань зөрчилгүйг баталж, банкнаас элдэв өр ширгүй тул лизинг олгох, даатгалын газар бүртгэн авахаа зөвшөөрснөө мэдэгдэхэд машинаа унаад харьж болно.

Заавал хүн бүртэй биечлэн уулзаж, хүсэлт тавин, өргөдөл бичээд байх шаардлагагүй. Зав чөлөөгүй хүмүүст тохируулан үйлчилж байж, бараагаа зарна гэдэг зах зээлийн хууль энд л байна. Америкчуудын нэгэн адил Өмнөд Солонгост жолооч өөрөө машинаа засдаггүй тул сэлбэгийн дэлгүүр ажиллуулаад байх хэрэгцээ ч байдаггүй аж. Шинэ болон гадаад машиныг зах биш тусгай дэлгүүрээр зарах бөгөөд компани болгон тус тусдаа ажиллана.

Японд мөн адил техникийн зах байхгүй, дилерээс л машин худалдан авдаг. Дилер нь аль салбарт ямар машин байгааг нарийн тодорхой заах тул хайж явах хэрэггүй. Харин манай хойд хөршид л “Да хүрээ” шиг машины зах олон бий.

Ер нь худалдааны систем нь яг ижилхэн, түрээсэлсэн талбайдаа юугаа зарах нь түрээслэгчийн эрх. Захын захиргаа ямар ч хариуцлага хүлээхгүй. Том хотуудад машин зарах орчин үеийн төв нээгдэж эхэлсэн ч ихэнх нь хуучин захын системээр ажилласаар байна.

М.СУГАР-ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
208.54.38.157 Орос маягаар нэг том зах нээчихээд алалдаж байхаар Япон,АНУ,БНСУ ыг дуурайвал яасийм.
103.229.123.26 Дэмжиж байна, хурдан шинэ захдаа очоод дасаж баймаар байна. Тор томор нуурээ гаргах хэрэгтэй. Хамаг монго тугжээд хаяачих юм. Хэлхэн ченж улсын бодлого барина гэж юу байсан юм...

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.