“Паркаа аваръя” хөдөлгөөн өрнүүлнэ

2015 оны 09 сарын 30

Монголын залуучуудын холбоо (МЗХ)-ны V их хурал 12 жил завсарласны эцэст өнгөрсөн гуравдугаар сард болж, залууст чиглэсэн цөөнгүй тогтоол гаргасны нэг нь Үндэсний залуучуудын зөвлөл байгуулах шийдвэр байсан. Уг шийдвэрийн дагуу Үндэсний залуучуудын зөвлөлийн анхдугаар хурал өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон юм. Тэгвэл II хурал нь энэ сарын 29-нд боллоо. Уг хурлаар “Хар, цагаан жагсаалт”, “Аравтын систем”, бүтцийн бүх шатны салбар нэгж байгууллагын санал санаачлага болон цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсөн юм. Мөн залууст болон нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлаарх тогтоолын төслийг танилцуулж, олонхийн саналаар батлав. Өршөөлийн хуулиар суллагдсан залуусыг ажлын байранд зуучлах, хөдөө аж ахуйн салбарт оруулах, малчин болох сонирхолтой залуусыг малчин айл өрхүүдэд өвөлжилтийн үе, хаврын мал төллөлтийн үеэр ажиллуулах “Илгээлтийн эзэн 2” хөтөлбөр хэрэгжүүлэх, гэр хорооллын ард иргэдэд хүртээмжтэй, ил тод түгээж хэрэгжүүлэх “Шилэн нүүрс” хөтөлбөр, “Паркаа аваръя” хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр болжээ. 

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.