ХИЙН ХӨШИГ зузаарсаар байна

2015 оны 09 сарын 30

Дэлхийн хөшиг болсон хүлэмжийн хий хүний үйл ажиллагаанаас шалтгаалан хэмжээнээсээ хэтэрч, уур амьсгал өөрчлөгдөн, агаарын температур дулаарахад хүргэж буй. Японд 146 жил үзэгдээгүй халуун энэ жил “айлчилснаас” эхлээд байгалийн элдэв үзэгдэл, өмнө нь тохиолдож байгаагүй гамшгийн буруутан нь тэр. Аль орон хэр их хүлэмжийн хий ялгаруулж байгаа нь чухал биш.

Хор нөлөө нь дэлхий дахинд мэдрэгддэг учраас хүлэмжийн хийтэй тэмцэх нь дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа гэж үздэг. Өндөр хөгжилтэй орнуудаас ялгарсан хүлэмжийн хий дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн гол буруутан мөн боловч “Манайх гаргаагүй юм чинь” гэж хойш суухгүй, туслах нь бидний үүрэг гэсэн үг.

Ялгаруулж буй нь дэлхийн бусад улстай харьцуулахад бага ч уур амьсгалын өөрчлөлт манайд эмзэгээр тусаж, агаарын температур л гэхэд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдчихээд байгаа нь биднийг ажиллах ёстойг сануулсан дохио.

Манайхан дэлхийн жишгийг дагаж, хүлэмжийн хийгээ тоолдог болсон. Хэр хэмжээний “юм” ялгаруулж байгааг тодорхойлогч нь БОНХАЖЯ-нд Уур амьсгалын өөрчлөлтийн алба байв. Төсөв хүндрэлтэй гэх шалтгаанаар өмнөх Засгийн газрын үед уг албыг татан буулгаж, мэргэжилтнүүдийг нь цөөлж, хоёр хүн үлдээгээд бусдыг нь Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгж болгон Байгаль хамгаалах санд шилжүүлжээ.

Сангийн хүлэмжийн хийн тооллогын мэргэжилтэн Э.Санаагаас манай улс энэ тал дээр хэрхэн анхаарч, ямар ажил хэрэгжүүлж буйг тодруулахад “1993 онд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцид элсэж, дөрвөн жил тутамд үндэсний тайлан илтгэлээ гаргадаг болсон. Өдгөө бид гурав дахь илтгэлээ гаргахаар ажиллаж байна. Үүнээс гадна улс бүр хоёр жил тутамд хүлэмжийн хийг тоолж, сааруулах талаар хэрхэн ажиллаж буйгаа нэгтгэсэн тайлан гаргадаг.

Хүлэмжийн хийг эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, газар ашиглалт ба ой, хог хаягдал гэсэн таван салбараар тооцон гаргаж байна. Тооллого гэдэг нь нэг бүрчлэн, эх үүсвэрээс нь тооцож буй хэлбэр. Зарчим нь их энгийн. Хөдөө аж ахуйн салбарт гэхэд л нийт хэдэн малтай, түүний хэд нь хонь, үхэр байгааг тогтооно. Хивэгч мал метан хий их ялгаруулдаг.

Нэг үхрээс ялгарах хийн хэмжээг үхрийнхээ тоонд үржүүлнэ. Хог хаягдлын тухайд гэхэд л Улаанбаатар хотын нэг хүн хоногт хэр хэмжээний хатуу хог хаяж байгааг тогтооно. Түүний 65 хувь хогийн цэгт очдог гэж үздэг. Тэр хогийг ямар аргаар устгаж буйгаас шалтгаалж, хэр их хүлэмжийн хий ялгаруулахыг нь тооцдог” гэсэн юм. Манайхан тооллогоо хийчихдэг болсон нь сайн хэрэг ч үндэслэх тоо баримт нь олдохгүй, хэцүүддэг гэж албаныхан хэлж байлаа. Аргагүйдэж, танил талаасаа асуух, “Шүүгээгээ ухаж хараад өгөөч” гэж гуйх нь ч бий гэнэ. Тооллого хийх бүрт үзүүлэлтүүдээ хайгаад явах боломжгүй тул цаашид цэгцэлж, мэдээллээ ойлгомжтой, ил тод, нээлттэй болгох шаардлагатай аж.

Дэлхий дахинд хүлэмжийн хийг бууруулах олон хөшүүрэг тавих болсон байна. Энэ нь гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй тэр хийг худалдах ажиллагаа. Өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийг сааруулах, дасан зохицуулах гэсэн хоёр төрлийн дэмжлэгийг хөгжиж буй орнуудад үзүүлэх үүрэг хүлээдэг. Бусад улсаас худалдаж авдаг. Үүнээс үүдэн нүүрстөрөгчийн зах зээл бий болсон. Хүлэмжийн хийг нүүрсхүчлийн хийд шилжүүлэн тооцдог тул зах зээлийг нь ийн нэрлэжээ. Хүлэмжийн хийн ялгаруулах эрхийн, эсвэл бууралтын гэрчилгээ тэнд бий. Манайхан ч үүнд оролцож, бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг.

Цэвэр хөгжлийн механизм. Хүлэмжийн хийг бууруулах хөшүүргийн нэг болсон уг хөтөлбөрийн хүрээнд манайхан бууруулсан хүлэмжийн хийгээ зардаг байв. НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцод манай улсаас нийт таван төсөл бүртгүүлсэн. Үүнээс Дөргөнө, Тайширын усан цахилгаан станц, Салхитын салхин паркийн төсөл бууруулсан хүлэмжийн хийгээ борлуулах эрхтэй.

Кредитийн өртөг нь анхандаа өндөр байсан ч Энэтхэг, Хятадын томоохон төслүүд олноороо гарч ирж, нийлүүлэлт нэмэгдсэнээр үнэ хямдарчээ. Үүнээс болоод манайхны энэ хөтөлбөр дэх оролцоо саарсан гэнэ.

Хамтарсан кредит олгох механизм. 2013 оны эхээр манай улс уг хөтөлбөрт нэгдэхээ илэрхийлж, гарын үсэг зурсан. Япон улс үүнийг санаачлан, хөгжиж буй орнуудын сайн төслийг хэрэгжүүлэхэд тусалдаг. Манай улсад 118 дугаар сургуулийн хажууд нам даралтын зуух суурилуулсан, Борнуур суманд бага оврын уурын олон зуух ашиглаж байсныг зогсоож, нэгдсэн уурын зуухтай болгосон зэрэг төсөл хэрэгжүүлсэн юм байна.

Японоос манайд санхүүгийн болон техникийн тусламж үзүүлдэг бол манай тал тэдний тусламжаар техник, технологио сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, Японы талд кредитээ өгдөг. Үндсэн зарчим нь Монгол, Японы аль нь хүлэмжийн хий бууруулах нь хамаагүй. Сааруулж байгаа нь чухал. Хамтын хөдөлмөрөөр зүтгэнэ гэдэг нь энэ. Япон зөвхөн манай улстай биш, одоогоор 14 оронтой ийм гэрээ байгуулсан байдаг юм байна.

Тус улс санхүүгийн жилээ эхлэнгүүт тендер зарладаг. Манайхаас олон сайн төсөл явуулж чадвал хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ аж ахуйн нэгжүүд төслийнхөө үр дүнг тооцон, хэр хэмжээний хий сааруулчихаад буйгаа илтгэх тал дээр асуудалтай байгаа гэнэ. Бас анхны хөрөнгө “босгох” тал дээр ч гацдаг аж.

Үүнээс гадна НАМА гэх хөтөлбөрийн хүрээнд манай улс хүлэмжийн хийн эсрэг төслүүдээ зах зээлд гаргаж тавьсан нь ч бий. Хөгжилтэй орнууд түүнээс нь сонгон авч хэрэгжүүлдэг учиртай. Юутай ч төслүүдээ бүртгүүлчихээд хүлээж суугаа гэнэ.

2009 онд Данийн Копенгаген хотод болсон Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын бага хурлаас дэлхийн дулаарлын дунджийг хоёр градусаас хэтрүүлж болохгүй гэсэн шийдвэр гаргасан. Уг зорилтоо биелүүлэхийн тулд дэлхийн хэмжээнд ялгаруулж буй хүлэмжийн хийн хэмжээг 30-50 хувиар бууруулах ёстойг анхааруулсан юм.

Түүнээс давчихвал байгалийн ямар гамшиг тохиолдохыг хүн төрөлхтөн одоогоор мэдэхгүй л байна. Муу юм болно, гэхдээ юу болохыг хэн ч мэдэхгүй гэснээс ялгаагүй хэрэг. Тэр хоёр градуст барихын тулд одоо байгаагаасаа ч эрчимтэй арга хэмжээ авах цаг дэлхий нийтийн өмнө тулгамдаад буй нь бидний энэ ажилд оролцох гол шалтгаан, хийн хөшгийг нимгэлэхэд оруулах хувь нэмэр.

Ч.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.