Ц.ШИНЭН: “ДӨРВӨН ҮҮЛДРИЙН ТЭМЭЭГ НЭГ ХОТОНД ТӨВЛӨРҮҮЛЖ ЧАДЖЭЭ” ГЭЖ УРАМ ӨГСӨН

2015 оны 09 сарын 29

Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, хамгийн олон тэмээтэй малчин Цэдэнгийн Шинэнтэй ярилцлаа. Түүнийг монголчуудын олонх нь мэдэх байх. Жил өнжиж ботголдог, уяж номхруулах, саалинд сургах, уналга, эдэлгээнд ашиглах, ноос үсийг нь авахаас эхлээд тэмээ өсгөх нь тэвчээр, бяр, хүн хүч шаардсан, амаргүй ажил.

Гэсэн ч халширч зугтаагүй, өдий хүртэл ажилласаар иржээ. Үүнийхээ төлөө тэрбээр сумын, аймгийн, улсын сайн малчин болсон. Мөн 2013 онд гавьяат цол хүртсэн юм. Ц.Шинэн гуайнх 2000 гаруй малтай, түүнд нь таван хошуу мал багтсан.

Мэдээж тэр дундаа хамгийн олон нь тэмээ. Өдгөө 1200 гаруй тэмээтэй. 1990 оны эхнээс мал маллаж эхэлсэн тэрбээр өмч хувьчлалаар өнчин ишиг ч аваагүй, өөрийн мэдлийн хэдхэн малтайгаар гараагаа эхэлжээ.

-Та 20 гаруй жил мал маллажээ. Өмч хувьчлалаар өнчин ишиг ч аваагүй хүн энэ хугацаанд малынхаа тоог хэрхэн 2000-д хүргэв?

-Би хэзээнээс олон малтай байгаагүй. 16 малтай, түүний гурав нь тэмээ байлаа. Буурлын буян юм, гурван тэмээ маань 1000 хүрч өссөн. Малжих зорилгоор эм тором, ишиг, борлон худалдан авч, өсгөн үржүүлсэн. Тэр дундаа тэмээ түлхүү өсгөхөөр энд тэндээс тором, ботго худалдан авч нэмэрлэсээр өдий хүрлээ.

-Голдуу тэмээ өсгөх болсон шалтгаан юу байв. Наад зах нь ажил их, хүч хөдөлмөр шаарддаг, жил өнжиж ботголдог тул өсөхдөө удаан зэрэг хүндрэл цөөнгүй.

-Өөрөө өсдөг мал байхгүй. Би хэдийнээс малд хайртай байсан. Малын дэргэд төрсөн, өссөн. “Яаж маллана аа” гэж няцаж явсангүй. Няцах байтугай 1000 тэмээтэй болно гэж амлан, түүндээ хүрэхийн тулд зүтгэсэн. Намайг 400 гаруй тэмээтэй байхад орон нутгийн засаг захиргаа “Та 1000 тэмээтэй болох амлалт ав. Танд бааз нь байна” гэсэн юм.

Амласнаасаа хойш 5-6 жилийн дараа энэ зорилтдоо хүрсэн. 1000 гаруй тэмээтэй болоод дөрөв орчим жил өнгөрлөө. Жилд 200 ингэ ботголуулж байгаа. Мал эзэн хүнийхээ сэтгэлээр өсдөг гэдэг дээ. Сэтгэл байвал бүтэхгүй ажил үгүй. Энэ хэмжээнд хүрсэн нь зөвхөн миний хүч, чадал гэж би боддоггүй. Санаа зөв бол заяа зөв гэж үг бий.

Буурлуудын маань буян заяа, өөрийн хувь заяа тэтгэнэ. Гэхдээ “Би буянтай хүн” гээд ажил хийхгүй, дээшээ харж хэвтчихээд байж болохгүй. Зөв бөгөөд зөөлөн сэтгэлтэй байх ёстой гэж боддог юм. Хар санаа хад мөргөнө, буруу санаа бут мөргөнө гэж манай хөгшчүүл ярьдаг байлаа. Энэ нь үндсэндээ сэтгэл цагаан байж амьдралын буяныг эдэлнэ, хөдөлмөрлөж байж л түүнийхээ үр шимийг хүртэнэ гэсэн үг.

-Тэмээнийхээ тоо толгойг цаашид өсгөх үү. 1000 хүргэчихлээ, цаашид 2000 болгоё гэсэн хүсэл төрөх юм уу?

-Өсгөх боломж бий. Гэхдээ нас маань явж байна. Үр хүүхдэдээ малаасаа тасалж өгсөн. Дахиад нэмж өгнө. Тооны хойноос хөөцөлдөж болохгүй. Нэгэнт би 1000 хүргэсэн. Даравч далдайна, булавч бултайна гэгчээр манай тэмээний тоо 1500 хүрэх нь гарцаагүй. Түүнээс илүү гаргана гэж зүтгэхгүй. 1000 болгох боломж ч бага байдаг юм.

Тэмээ өсгөх чинь гарын үзүүрээр хийдэг ажил биш. Хүч бяр их шаарддаг, бог мал өсгөхтэй зүйрлэхийн аргагүй. Би одоо 60 нас хүрэх гэж байна. Энэ бүхнийг амжуулах залуу идэр нас алга. Юу ч бодолгүй, тоодоггүй ажилладаг үе байлаа. Одоо бол малынхаа хөлнөөс гарч чадахгүй болчихлоо.

-Арга туршлагаа өвлүүлэх, залгамж халаагаа бэлдэхэд анхаарч байна уу. Танай хүүхдүүд малаа маллаж байгаа юу. Эсвэл хот суурин газар бараадсан уу?

-Манайх таван хүүхэдтэй. Хоёр нь гэр бүлтэй болоод тусдаа гарсан. Гурван хүүхдийн маань нэг нь суманд, нөгөө хоёр нь хотод бий. Нэг хүү маань айл болсон ч надтай хамт тэмээгээ малладаг, удам залгасан тэмээчин болж байна. Ач зээ нар маань ч мал маллах байх гэж итгэдэг. Мэддэг зүйлээ харамгүй хэлээд өгөх санаа бий. Мал маллах сэтгэлтэй хүмүүс олон зүйл асууна.

-Мал маллах ажил дуусахгүй. Өглөөнийхөө ажлыг орой давтана, оройныхоо ажлыг маргааш нь давтана. Дуусахгүй үргэлжилнэ. Үүнээс болоод, бас хүнд хүчрээс нь халшраад мал аж ахуйтай ойртох хүн цөөрч байх шиг.

-Мал маллах хүсэлтэй залуучууд бий. Гэхдээ суурин газар бараадах санаатай, ажлаас няцдаг нь олон юм. Хүнд хүчир ажлаас няцаж, даарч хөрөхөөс айж байна. Бид өвлийн хүйтэн байсан ч ороолтгүй явдаг л байлаа. Залуу сайхан нас жавар даадаг юм.

Өдрийн богинод гэрээрээ орох завгүй ажилладаг байв. Сүүлийн үеийн хүүхдүүдийг сайн ойлгохгүй л байна. Хонь ямаандаа морь, тэмээгээр явахаа больчихсон. Нийгэм нь ийм болчихсон юм уу даа. Уг нь монгол хүн малаа эдэлж, ашиг шимийг нь хүртэж, хайрлаж хамгаалах ёстой. Бас сайн хөдөлмөрлөх хэрэгтэй.

-Зөвхөн хөдөлмөр биш, арга барил, мэдлэг чадвар ч хэрэгтэй биз дээ.

-Мал маллах амар биш. Малчин болъё гэж бодсон хүн наад зах нь ямар мал өсгөхөө шийдэж, дараа нь нутаг усаа зөв сонгох ёстой. Тэмээний нутаг дээр ямаа маллаж чадахгүй, ямааны нутаг дээр тэмээ маллахад хүндрэлтэй. Нутгаа зөв сонгоно гэдэг чинь энэ. Малаа мэддэггүй, мэдэрдэггүй малчны сүрэг өсөхгүй. Нэг бүрчлэн хянаж, өвдсөн үү, тарга тэвээрэг авч байна уу гэдгийг нь нарийн мэдрэх ёстой.

Би олон малтай болмоор байна гэсэн сэтгэлтэй хүмүүс олон ч хэрэгжүүлж чадахгүй байгаа нь цөөнгүй. Яагаад зорилтдоо хүрэхгүй байна гэж тэд бодож байгаа. Хамгийн гол нь нутаг усаа зөв сонгож, малынхаа тарга хүчийг авахуулж чадахгүй байгаа юм.

Эдгээр зүйлс дээр залуу малчид их алдаж, туршлага, мэдлэг дутдаг. Малаа өсгөх сонирхолтой хэрнээ ажлаа хийж чадахгүй. Хөдөлмөр гаргаж байж л энэ бүхэн чинь бий болсон юм. Үүнийг ойлгож, мэдэрч чадаж байж л чи малчин болно.

-Туслах малчин авдаг уу. Хэр их хөлс төлдөг вэ?

-Богоо айлуудаар маллуулж, гарсан төлийнх нь 60 хувийг тухайн айлдаа өгдөг. Гол нь тэднийг малжуулах зорилготой. Жилд хэдэн зуун төл авдаг учраас туслах малчид ганц, хоёрхон жилийн дотор малжих бүрэн боломжтой. Бод малын тухайд ажил ихтэй, хүч шаардлагатай үед нэмж хүн ажиллуулна. Тэдэнд ч бас амьжиргааны хэдэн “юм” өгөлгүй яахав.

-Малынхаа чанарт хэрхэн анхаарч байна вэ. Тооноос илүү чанарыг чухалчилъя гэж хаа сайгүй л ярьж хэлдэг цаг ирсэн байна.

-Маш их анхаардаг. Таван хошуу малаа бүгдийг нь сайжруулахаар шилдэг омгийн хээлтүүлэгч авчирч тавьсан. Үхрээ мах, сүүний чиглэлийн сементал, хонио сутай, илүү нугаламт, ямаагаа Сүхбаатарын улаан, Залаа жинстийн цагаан үүлдрээр сайжруулсан. Ханын хэцийн хүрэн, Галбын говийн улаан, Төхөм тунгалагийн хос зогдорт гээд угшил, омог нь батлагдсан гурван үүлдрийн тэмээ манайд бий.

Мөн удахгүй үүлдэр, угсааг нь батлуулах гэж буй Ламын гэгээний жижиг улаан тэмээ ч бий. Зөвхөн тоо толгой хөөцөлдөх биш, цус сэлбэх, үүлдэр, угсаа сайжруулах тал дээр их анхаарч байна даа. Ингэснээр нэг малаас авах ашиг шим нэмэгдэж, малын амьдрах чадвар сайжирдаг юм.

Ламын гэгээний жижиг улаан тэмээний угшлыг батлах гэж ирсэн хүмүүс “Монголын тэмээний цөм сүргийг та бий болгосон байна. Дөрвөн үүлдрийн тэмээг нэг хотонд төвлөрүүлж чаджээ” гэж урам өгсөн.

-Өнгөрсөн зун нийт нутаг гантай, зуншлага тааруу байлаа. Танай нутгаар хэр зусав. Цас ихтэй, мичин жилийн зуд болох төлөвтэй гэх болсон байна.

-Сумын нутаг гандуу байгаа. Энэ сард зарим газраар бороо орлоо. Орсон газруудад ясны мөлжүүр шиг хэнз ногоо гарсан ч өвөлжөө даах боломж тааруу. Гэхдээ хангай дэлхий маань баян юм байна, түмэн олон маань хэл амаа ололцоод яаж ийгээд л өвөлжих байлгүй. Мичин жил бүр зуд болж байгаагүй. Гэхдээ байгалийн давтамж байдаг л байх. Тэр бүрийг би мэдэхгүй юм. Цаг агаар ажиглаж, мэдэрдэг хүмүүс дээр үед олон байсан. Одоо бол бараг алга.

Хониндоо явахын өмнө цаг агаарын мэдээ сонсдог байх хэрэгтэй. Тэнгэр өглөө сайхан байсан ч орой болтол яаж ч өөрчлөгдөж мэднэ. Манай хөгшчүүл мичин жилийн зуд маш хүнд өнгөрч байсан тухай “Нэхий чирэхэд наалдах өвсний хог байгаагүй” гэж ярьдаг байсан юм. Босоо юм битгий хэл, наалдах өвсний хог байгаагүй, хүнд байсан гэж байгаа нь тэр.

Уг нь мал тарга хүчээ авчихвал цагийн бэрхийг туулна. Харин малын хүч нимгэн үед цаг хүндэрвэл амаргүй. Зовж байж л хэдэн малтай хоцорно. Энэ жил манай нутагт малын хүч нимгэн, өвөлжөөний бэлчээр бага, нэлээд хатуу өвөл болох шинжтэй. Өвлийг давлаа ч өнжсөн чийг бага учир зун ногоо ургах цаг хүртэл амаргүй байх нь.

-Өвөл хүндрэх учраас малынхаа тоог цөөл гэсэн зөвлөмжийг төр, засгаас гаргачихаад байгаа. Энэ зөвлөмж танд хүрэв үү. Танайх малаа цөөлөх үү?

-Хэдэн мал эдийн засгийн эргэлтэд оруулах бодол бий. Зурагт харж байхад Ерөнхийлөгч “Манай Монголын мал 70 сая дөхсөн байхад бэлчээрийн даац 40 сая байна. Энэ асуудлыг малчид анхаараарай. Улсын хэмжээнд гандуу, гантай байна. Малчид өөрсдөө малаа эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол цаг хугацаа авчихдаг тал бий шүү” гэж анхааруулж байна лээ. Яах аргагүй үнэн.

Ер нь бид малаа өсгөөд л байя гэж бодохгүй байна. Үржлийн бус малыг эргэлтэд оруулах нь зөв. Ний нуугүй хэлэхэд зах зээл алга. Мах үнэтэй байгаа. Гэхдээ биднээс авч буй үнэ хямд, цааш зарж байгаа нь өндөр. Энэ хооронд ченж ажиллаад байна. Улаанбаатарт малаа авчраад борлуулдаг хүн алга. Ченж нар очоод хямдхан авна. Ингэхээр малаа өсгөөд байгаагийнхаа хэргийг бид гаргаж чадахгүй.

Малаа борлуулах гэсэн хүн олон ч үнэ хямд. Цаг хүндэрч мэдэх энэ үед төр, засаг мал, мах борлуулах гарц олж, мал, мах экспортлох боломж нээвэл малчид амьдралаа залгуулах, үлдсэн хэдэн малаа тэжээх өртөгтэй болно.

Ч.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.