ЗАЛУУ МАЛЧДЫН ТОО ЭРС ЦӨӨРСНИЙГ САНУУЛАВ

2015 оны 09 сарын 28

Аваргууд Улаанбаатарт цуглалаа. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумаас ирсэн малчин Д.Нямсүрэн гуай өдгөө 90 хүрэх гэж яваа. Тэрбээр 10 настайгаасаа эхлээд 70 гаруй жил мал малласан. “Би 1960 оноос эхлээд гавьяа шагнал, урамшууллаас салаагүй. Хөдөө аж ахуйн салбарт хийгээгүй ажил байхгүй. Энэ ажлыг би хэнээр ч заалгаагүй, хөдөлмөрөөрөө л бүтээсэн” гэж өөрийгөө тодорхойлсон тэрбээр сургуульд сурч байгаагүй.

Гэсэн ч малаа хариулах завсартаа бие даан бичиг үсэг сурсан төдийгүй малын шинэ үүлдэр угсаа гарган авч байжээ. Түүн шиг хөдөлмөр, бүтээлээрээ шалгарсан, хөдөө аж ахуйн салбарын одууд Улаанбаатарт цугларч, яамны хурлын танхим гоё дээл, одон тэмдгээрээ гангарсан хүмүүсээр дүүрэв. Туршлагыг нь олон нийтэд сонсгох, яамнаас хэрэгжүүлж буй ажлуудад санал, хүсэлтийг нь тусгахаар Хүнс, хөдөө аж ахуйн яам тэднийг нийслэлд “залсан” юм.


Хөдөлмөрийн баатар, гавьяат, улсын сайн малчид нийлсэн 44 малчин 21 аймгаас “Аваргуудаа сонсъё” уулзалтыг зорин иржээ. Энэ удаа нэг аймгаас хоёр малчин урьсан гэнэ. Тэд бие биеэ танихгүй ч ирэхийн өмнө утсаар урьж, уулзалдан, хамт ирсэн тухайгаа хөөрөлдөж байв. Хоёр нарны хооронд өглөөнөөс шөнө хүртэл ядрахаа мартан ажилладаг тэднийг бусадтай нь уулзуулж, туршлага солилцох боломж олгосонд талархаж байлаа.

Малаас өөрийг мэддэггүй, соёлоос хоцрогдсон амьтад гэж малчдыг төсөөлөх хүмүүс бий. Гэтэл тэд төр, засгаас хэрэгжүүлж буй бодлогыг ягштал сайн мэддэг, цаашид юу хийх вэ гэж хардаг, ийм ажил хийгээсэй гэж хүсдэг нь ажиглагдаж байв. “Асуух зүйл олон байна” гэсээр салбарынхаа сайдтай уулзсан. Махны экспортын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил зэргийг тэд сонирхлоо.

Түүнчлэн малчдад тулгамддаг гол асуудлуудын нэг болох малын хулгайд салбарын яамнаас анхаарал тавих болсныг тэмдэглэсэн юм. Тулгамдаад буй томоохон асуудлын нэг нь махаа эдийн засгийн эргэлтэд оруулах гэнэ. Мах үнэд хүрсэнд малчдыг буруутгах хүн цөөнгүй. Гэтэл малчид “Биднээс хямд үнээр авчихаад дамлаж зардаг ченж нараас болж ийм байдал үүсэж байгаа. Үнэндээ бол бид мал, махаа эдийн засгийн эргэлтэд оруулж дөнгөхгүй байна” гэв.

Мөн залгамж халаа, бэлчээрийн даац, малчдын тэтгэвэр зэрэг асуудал бий гэлээ. Зарим аймаг, суманд залуу малчдын тоо эрс цөөрсөн гэдгийг ахмад малчид сануулж байна. “Мал маллах сайхан. Заавал хатуу зорилттой бай. Түүнийхээ төлөө сэтгэлээсээ тууштай зүтгэдэг байх ёстой” гэж залуу малчдад зөвлөсөн юм.

Р.Бурмаа сайд гавьяат, улсын сайн малчин зэрэг цол, тэмдгийг эхнэр, нөхөрт хоёуланд нь олгох санал гаргасан нь тэдний талархлыг хүлээсэн. Тэрбээр “Цаашид улсын гавьяат малчин, сайн малчин зэрэг цол тэмдгийг эхнэр, нөхөр хоёрт хамтад нь олгохоор ярилцаж байна. Мал маллах нь ганц хүний биш өрх гэрийн ажил. Тиймээс хоёуланд нь олгох зүйтэй” гэсэн юм.

Ч.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.