Сургууль, цэцэрлэгийн барилгын эрсдэлийг шалгажээ

2015 оны 09 сарын 25

Дэлхийн банкны “Монгол Улсын гамшгийн эрсдэлийн менежментийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд энэ сарын 14-18-нд нийслэл дэх төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн 55 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийсэн байна. Ажлын хэсгийг АНУ-ын барилга бүтээц, газар хөдлөлт, эрсдэлийн үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Миамото” компанийн төлөөлөл ахалж ажилласан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Боловсролын газар, Барилгын хөгжлийн төв болон холбогдох бусад байгууллагын төлөөлөл оролцсон байна. Ажлын хэсгийнхэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх байдалд хурдавчилсан байдлаар өөрөөр хэлбэл олон улсын хэмжээнд ашигладаг хамгийн энгийн арга зүй болох төлөвлөлт болон үндсэн даацад үүсэж буй гэмтэлийн харагдах байдалд үнэлэлт өгөх аж. Ингээд барилга байгууламжуудыг эрэмбэлэх, шаардлагатай тохиолдолд хүчитгэх ажлыг хамгийн бага өртгөөр чанартай зохион байгуулах талаар тусгасан гарын авлага боловсруулах гэнэ. Манай сургуулийн цэцэрлэгийн олонх нь тоосгон ханатай, төмөр бетон хучилттай аж. Харин олон улсад ийм барилгууд газар хөдлөлтөд хамгийн эмзэгт тооцдог байна. 

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.