“Буянт-Ухаа 2” хорооллын захиалга 80 хувьтай байна

2015 оны 09 сарын 25

“Төрийн орон сууцны корпорац”-ийн захиалгаар, улсын хөрөнгөөр барьж буй “Буянт-Ухаа 2” хорооллын захиалгыг эхлээд хоёр долоо хонож байна. Тус хорооллын эхний ээлжийн 1620 айлын орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг энэ сарын 7-ноос бүртгэж эхэлсэн юм. Одоогоор захиалга 80 гаруй хувьтай байгаа аж. Эхний ээлжинд “Буянт-Ухаа 1” хороололд байр авах журмын нөхцөлийг хангасан ч сугалаа явуулахад шалгарч чадаагүй 4395 иргэнийг давуу эрхтэйгээр бүртгэсэн. Тэдний 30 хувь нь захиалга өгсөн байна. Харин шинээр байр авах хүсэлтэй иргэдийг энэ сарын 14-нөөс бүртгэсэн юм. Тус хорооллын байрны үнэ зах зээлийн ханшаас харьцангуй хямд тул бүртгүүлэх хүмүүс цөөнгүй ирж, дараалал ч ихсээд байгаа аж. Дашрамд дурдахад, эхний ээлжийн 1620 айлын орон сууцыг ирэх сарын 31-нд хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн. 

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.