Хадлангийнхаа 50 хувийг бэлджээ

2015 оны 09 сарын 25

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар улсын хэмжээнд 1.2 сая тонн өвс, 150.000 тонн үйлдвэрийн болон гар тэжээл, ногоон тэжээл, 94.000 тонн давс, хужир бэлтгэх болсон. Өнгөрсөн зун хур бага, олон аймагт зуншлага тааруу байснаас шалтгаалж, зарим газар хадах өвс бага байгаа. Тиймээс Засгийн газраас тогтоол гаргаж, зуншлага тааруу байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгийнхныг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг дахь 635.000 га талбайгаас хадлан бэлтгүүлэх болсон. Тэд Дорнодод 60, Сүхбаатарт 50, Хэнтийд 20 гаруй хадлангийн салаа гэрээний дагуу ажиллуулж буй юм байна.

Малчид өдгөө хадлан 591.900, гар тэжээл 9900, ногоон тэжээл 6200 тонныг бэлджээ. Энэ нь хадлангийн 50.1, тэжээлийн 22.5 хувийг бүрдүүлж байна. Өвс, хадлан өмнөх долоо хоногоос 223.600, тэжээл 3100 тонноор нэмэгджээ. Үүнээс гадна аймаг, сумын аюулгүйн нөөцөд 9800 тонн өвс бэлтгэхээр төлөвлөсний 33.3, тэжээлийн 10 хувийг бүрдүүлээд буй гэнэ.

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.