АВТОМАШИНЫ “АМЬСГАЛ” ДОТООДОД ҮЙЛДВЭРЛЭЖ БАЙНА

2015 оны 03 сарын 23

Удаан ашиглаж, техникийн бүрэн бүтэн байдал нь алдагдсанаас автомашинаас их хэмжээний утаа ялгаруулдаг гэдэг. Манай улсад өмнө нь ашиглаж байсан, гадаадаас оруулж ирсэн машин цөөнгүй байдаг учир тэд нийт агаарын бохирдлын 23 орчим хувийг бүрдүүлдэг гэх тоо бий. Тэгвэл автомашины бүрэн бүтэн байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулах, импортыг орлосон бүтээгдэхүүнийг “Альфа филтер” компанийнхан үйлдвэрлэж байна. Энэ нь автомашины “амьсгал” гэж нэрлэдэг агаар шүүгч юм. Хөдөлгүүр лүү орж ирэх элс, шороо, утаа, хөө тортгийг шүүх зориулалттай уг эд ангийг гурван жилийн өмнө манай улсад огт үйлдвэрлэдэггүй, бүгдийг нь импортолдог байв.

Зарим аж ахуйн нэгж техник, тоног төхөөрөмждөө таарахыг нь авахын тулд хоёр улс дамжин хайдаг байсан гэнэ. Улаанбаатар хотод өвөл агаарын бохирдол ихтэй учраас шүүгч амархан бохирдож, тодорхой хугацаанд солих шаардлагатай болдог аж. Энэ нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд чухал нөлөөтэй байдаг бөгөөд шүүсэн цэвэр агаар хөдөлгүүрт очин хэвийн ажиллагааг нь хангадаг юм байна. Агаар шүүгч муудаж, гэмтвэл түлш зарцуулалт ихсэх төдийгүй яндангаас бохир утаа хаях, тоос шороогоор үлээх, доголдох зэрэг сөрөг нөлөөтэй гэнэ. Хөдөлгүүрт гэмтэл учруулж болзошгүйгээс гадна агаарт хорт хий ялгаруулдаг гэдгийн учир нь энэ. Манайхны олонх нь агаар шүүгчээ хэдийд солихоо мэддэггүйгээс гадна чанаргүй бүтээгдэхүүн хэрэглэдэг аж.


ХЯМД ҮНЭ, ЧАНАРТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН

Бүх төрлийн автомашины агаар шүүгчийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, дотооддоо хямдаар нийлүүлэх зорилготой “Альфа филтер” компанийнхан Европын стандартыг хангасан техник, тоног төхөөрөмж суурилуулсан нь хамгийн сүүлийн үеийнх юм байна. Сайн, чанартай агаарын шүүгч нь автомашины хөдөлгүүрийн ашиглалтын хугацааг уртасгахаас гадна түлшний зарцуулалтыг багасгадаг аж. Бүтээгдэхүүнийхээ чанарт анхаарч, тусгай хэмжих багаж, хэрэгсэл бүхий лабораторитой болсон байна. Тухайн хөдөлгүүрийн багтаамж, онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бүрдүүлсэн аж. Тэдний бүтээгдэхүүн нь импортынхоос харьцангуй хямд үнэтэй. Дунджаар 30, дээд тал нь 60 хувь хямд мөртлөө чанар нь илүү учраас “Хэмнэлттэй байдаг” гэж харилцагчид нь үнэлдэг гэнэ. Одоогоор 85 нэр төрлийн агаар шүүгчийг “Альфа агаар шүүгч” кодтойгоор үйлдвэрлэн борлуулж буй аж. Мөн хэрэглэгчийн захиалгаар хүссэн загвар, хэмжээгээр нь үйлдвэрлэдэг гэнэ. Тус компани Экспортыг дэмжих, импортыг орлох 888 төсөлд хамрагдан 300 сая төгрөгийн зээл авч, үйлдвэрээ өртгөтгөжээ. Сард 22.000 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр хүчин чадлаа ихэсгэсэн ч борлуулалт харьцангуй бага тул одоогоор дунджаар 1500-2000-ыг л хийж байгаа гэнэ.


ҮНДЭСНИЙ ГУРВАН КОМПАНИ

АГААР ШҮҮГЧ ҮЙЛДВЭРЛЭДЭГ

Манай орны цаг уурын нөхцөлд тохирсон материал, түүхий эдээр агаар шүүгчээ үйлдвэрлэж буй. Нарийн тоосыг ч нягт шүүх тусгай зориулалтын материалыг олон улсын шаардлага хангасан үйлдвэрээс нь захиалгаар авдаг бөгөөд хөдөлгүүр болон автомашин бүрт тохирсон шүүлтүүрийн материалыг сонгон үйлдвэрлэдэг нь тус компанийн бүтээгдэхүүний давуу тал юм. Мөн бүрэн автомат, өндөр технологи, чадварлаг боловсон хүчнээр хангагдсан нь тэдний сайн талыг илтгэж буй юм. Гурван жилийн өмнө л энэ төрлийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортолдог байсан бол одоогоор 20-30 хувийг нь дотоодын үйлдвэрээс хангаж байгаа гэх албан бус тоо байна. Энэ тоог тус компанитай нийлээд гурван аж ахуйн нэгж бүрдүүлж буй.

Нэг нь БНСУ-ын компани, нөгөөх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Батжинбат индастри” гэх компани байдаг юм байна. Тэднээс “Альфа филтер”- ийн ялгарах онцлог нь төрийн өмчит уул уурхайн компаниудад бүтээгдэхүүнээ голдуу нийлүүлдэг нь гэнэ. Тус компанийнханд мэргэжлийн үүднээс ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийн эрдэмтэн, судлаачид тусалдаг юм байна. Боловсон хүчний тухайд Монголд ийм үйлдвэр байгаагүй учраас гадаадаас мэргэжилтнүүд урьж авчирч ажилчдаа сургажээ. Үйлдвэрт өдгөө найман хүн ажилладаг. Тоног төхөөрөмжүүд нь хагас автомат ажиллагаатай учраас захиалга ихэссэн үед ажилчдынхаа тоог 15 болгож, өдөрт 500 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай гэнэ.


СТАНДАРТГҮЙ ҮЙЛДВЭРЛЭЛ

Сүүлийн жилүүдэд манай улсад импортыг орлох цөөнгүй үйлдвэр байгуулж, гадаадынхнаас дутахааргүй чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Гэвч Монгол Улсад өмнө нь байгаагүй үйлдвэр нээсэн тул, чанарыг нь үнэлэх норм, стандарт байхгүй гэсэн бэрхшээлтэй тулгарч буй. Ингээд үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанарыг баримт бичиг дээр нотлохын тулд тохирсон стандарт боловсруулж, түүнийг батлагдахыг хүлээх тохиолдол буй юм. Энэ жишгээр тус компанийнхан ч бүтээгдэхүүнийхээ стандартыг боловсруулж, батлуулахаар ажиллаж байгаа юм байна. ШУТИС-ийн эрдэмтэдтэй хамтарч Монгол Улсад анх удаа автомашины хөдөлгүүрийн агаар шүүгчийн судалгааг олон улсын стандартын дагуу хийж дуусгажээ. Энэ нь манай орны цаг уурын онцлогт тохирсон агаар шүүгчийн үзүүлэлтүүдийг баталгаажуулсан хэрэг.

Тухайн стандартын дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болох “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг, Эрдэнэт үйлдвэр, “Оюутолгой”, “Шивээ-Овоо” компанитай хамтарч 3-6 сарын хугацаагаар туршихад тэднээс стандартын шаардлагуудыг хангаж, хэрэглэх боломжтой гэсэн дүгнэлт ирсэн байна. Эдгээр дүгнэлт, судалгааны ажлын тайлан, холбогдох байгууллагуудын үйлдвэрт явуулсан шалгалтыг үндэслэн Стандартчилал, хэмжил зүйн газраас өнгөрсөн оны аравдугаар сарын 31-нд үндэсний тохиролын гэрчилгээг бүтээгдэхүүнд нь олгожээ. Гүйцэтгэх захирал А.Хэрлэнбаатар “Энэ үйлдвэрийг байгуулаад гурван жил болох гэж байна.

Ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэх норм, стандарт манай улсад байгаагүй. Түүнийг нь боловсруулахад бид өнгөрсөн онд зургаан сар зарцууллаа. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэх боллоо гэхэд туршиж үзчихээд тохирч байна гэсэн хэрнээ чанарын гэрчилгээ чинь хаана байна вэ гэж асуудаг. Чанарын гэрчилгээ гаргуулъя гэхэд манайд ийм стандарт байхгүй гэдэг. Байгуулаад удаагүй учраас одооноос л хэрэглэгчдэд бага багаар танигдаж байна. Манайх бүтээгдэхүүнийг маань хэрэглээд үз. Тохирч байвал худалдаж аваарай гэсэн санал тавьж, худалдан авагчдадаа манай бүтээгдэхүүнийг туршиж үзэх хугацаа олгодог” гэсэн юм.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.