Чацарганы 164.000 суулгацыг зээлээр олгоно

2015 оны 03 сарын 23

Улсын хэмжээнд нийт 400.800 га талбайд тариалалт хийхээр салбарын яам болон аж ахуйн нэгж, иргэд бэлтгэл ажилдаа ороод буй. Энэ жил 14 аймгийн 1190 иргэн, аж ахуйн нэгж үр тариа, тос, тэжээл, 370 аж ахуйн нэгж, 35.000 өрх төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих аж. Тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан шаардагдах үрийн орон нутгийн захиалгыг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас авч эхэлжээ.

Үүнд нийт 48.000 тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 42.000 тонныг нөөцөлсөн бөгөөд үлдсэнийг нь ТЭДС болон ОБЕГ-ын Улсын үрийн нөөцөөс гаргахаар төлөвлөсөн аж. Төмсний 33.900 тонн үр хэрэгтэй байгааг дотоодоос бүрэн хангахаас гадна 80 сая төгрөгийн үнэтэй, найман нэр төрлийн хүнсний ногооны үрийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд нийлүүлэхээр болсон байна.

Мөн жимс, жимсгэнэ тарих сонирхолтой иргэн, аж ахуйн нэгжид чацарганы 164.000 суулгацыг таван жилийн хугацаатай зээлээр олгох аж. Тариалалтад 2880 трактор, хөрс боловсруулах 4680 техник, үр тарианы 2170, төмс хүнсний ногооны 310 үрлүүр ашиглах бөгөөд техникийн засвар, үйлчилгээ 54 хувьтай байна.

Ч.ЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.