ДЭЛХИЙН АДАЛ ЯВДАЛТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ МОНГОЛД БОЛНО

2015 оны 03 сарын 23

Монголын аялал жуулчлалын салбарынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд чуулж, “ITM Mongolia 2015” үзэсгэлэн яармаг зохион байгууллаа. Энэ жилийн үзэсгэлэн нь дэлхийн аялал жуулчлалын “олимп” болох “ITB Berlin 2015”-д манай улс анх удаа түншээр оролцсоны дараах шинэ улирлын бэлтгэл хангах хүрээнд тохиож буйгаараа онцлогтой гэж зохион байгуулагчид болох БОНХАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбооныхон дүгнэж байна. Тиймээс тус салбарынхан жуулчдыг хүлээн авах бэлтгэл, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулах сэдвийг хөндсөн юм. Уг үйл ажиллагааг “ITB Berlin”-ий загвараар зохион байгуулах болсноор сүүлийн жилүүдэд орон нутгийн тур оператор компани, жуулчны баазууд аймгийнхаа Аялал жуулчлалын газраар дамжуулан нэгдсэн зохион байгуулалттай оролцдог уламжлал тогтжээ.

Энэ жил 14 аймаг, нийслэлийн 130 аж ахуйн нэгж оролцов. Түнш аймаг нь Архангай тул тэндхийн үзмэр, түүхэн дурсгалт газар, зочид буудал, жуулчны бааз зэргийг түлхүү сурталчиллаа. Энэ үеэр цөөнгүй хүн цугларсан байсан бөгөөд зохион байгуулагчид 1000 орчим хүн талбайд ажиллаж байгаа гэж мэдээлсэн юм. “ITB Berlin 2015”-д түншээр оролцсоны дараа тус салбарынхан жуулчдын тоо эрс нэмэгдэнэ гэж таамаглаад байгаа. Урьдчилсан мэдээллээр энэ онд зөвхөн Германаас 60.000 орчим жуулчин ирж магадгүй гэнэ. Тус улсаас жилд 10.000 орчим хүн ирдэг байсан аж. Манай улс Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран Дэлхийн адал явдалт аялал жуулчлалын чуулга уулзалтыг энэ оны эцсээр юм уу, ирэх оны эхээр зохион байгуулах болсон нь “ITB Berlin 2015”-ын дараа улсаа дахин сурталчлах боломж гэнэ. Уг арга хэмжээг орон нутгийн баазуудад түшиглэн явуулах нь зүйтэй гэж салбарын яамныхан үзэж буй бөгөөд адал явдал хайгч жуулчдыг татахад томоохон дэмжлэг болох юм байна.

Манай улс ийм төрлийн аяллын төрлийг нэвтрүүлэх нөөц бололцоотой тул үүнийг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулахыг хөдөөгийн жуулчны баазуудад уриалав. Жуулчдыг хүлээн авах бэлтгэлээ базаахад тулгарч буй томоохон асуудлын нэг нь Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар, Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг Засгийн газраар батлуулаагүй байгаа нь аж. Эдгээр баримт бичигт уг салбарыг хэрхэн хөгжүүлэх, ямар замаар явахыг тодорхойлох гэнэ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан өрсөлдөх чадварын индексээр манай улс 140 орноос 99-д бичигдсэн байдаг аж. Тэгвэл уг хөтөлбөрийг баталж хэрэгжүүлснээр 2020 онд 80 дугаар байр руу урагшлах, өдгөө аялал жуулчлалын салбар ДНБ-ий 5.3 хувийг бүрдүүлж буйг 14 хувьд хүргэх, жуулчдын тоог хоёр сая болгох зорилготой юм байна. Үүний тулд одооноос дэд бүтцээ сайжруулах, хүний нөөцийн хөгжлийг дээшлүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бүсчилсэн байдлаар төрөлжүүлэн хөгжүүлэх шаардлагатайг төрийн байгууллагын зүгээс хувийн хэвшлийнхэнд дуулгасан юм.

Ч.МӨНХЗУЛ

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.