Монгол, Канадын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2015 оны 03 сарын 18

 Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Канадын экспортыг дэмжих байгууллагын Орос, Монголыг хариуцсан менежер Леонид Элисеев  тэргүүтэй төлөөлөгчдийг  хүлээн авч уулзав. Р.Бурмаа сайд “Монгол, Канад хоёр орон сүүлийн жилүүдэд хамтын ажиллагаа өргөжүүлж, ялангуяа манай тариаланчид Канад улсаас трактор, комбайн худалдан авах нь ихэссэн. Хүнс, хөдөө аж ахуйн салбарт техник, технологийн шинэчлэл хийх болон эргэлтийн хөрөнгийн урт хугацааны, бага хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээл, лизинг болон санхүүгийн бусад үйлчилгээг нэвтрүүлбэл манай малчид, тариаланчид,хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид бизнесээ өргөжүүлэх боломж их байгаа” гэв. Мөн Канад улстай яам хоорондын санамж бичиг байгуулаад нэлээд  хугацаа өнгөрсөн ч хийсэн дорвитой ажил байхгүй тул цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах  хэрэгтэйг  цохон тэмдэглэлээ.

        Орос, Монголыг хариуцсан менежер Леонид Элисеев байгаль, цаг уур болон эдийн засгийн бүтцийн хувьд хөдөө аж ахуй, уул уурхай давамгайлсан Монгол, Канад хоёр орон хамтран ажиллах боломж их байгааг онцолсон байна. Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд Канадын экспортыг дэмжих байгууллага хэрхэн хамтран ажиллах боломж бий талаар хоёр тал санал  солилцлоо.

Ч.Мөнхзул

Чулуунбаатарын Мөнхзул 2012 онд МУИС-ийн Утга зохиолын ажилтны анги төгссөн. 2012 оноос "Өнөөдөр" сонины Нийгэм, шуурхай мэдээллийн албанд ажиллаж байгаад 2014 оноос Эдийн засаг, бизнесийн мэдээллийн албанд ажиллаж байгаа.