Тэмээг морьтой хамт уралдуулбал АЛЬ НЬ ТҮРҮҮЛЭХ БОЛ

2016 оны 03 сарын 17

Саяхан даа, энэ сарын эхээр Монгол Улс түүхэндээ анх удаа Өмнөговь аймагт “Монгол тэмээ 999” баяр зохион байгуулж, мянган тэмээ уралдуулан, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэв. Сайхан, бахархмаар үйл явдал. Өвлийн аялал жуулчлал хөгжүүлэх нэг томоохон боломж бол энэ.

Монгол оронд өвөл болохгүй өнжих биш, өвөл морь уралдуулан хэл ам таталж байхын оронд хавар хурдан морь, тэмээгээ хамт уралдуулж, гадаад, дотоодын жуулчдын халаасыг “шоглож” байя. Ингэхдээ мэдээж хүүхдээр биш, ижил жинтэй том хүнээр унуулна. Гэхдээ хол зайд, 45-50 км-т уралдуулъя.

Тэгж гэмээнэ монгол морь, тэмээний тэвчээр, шандсыг харуулах болно. “Монгол тэмээ 999”-т түрүүлсэн тэмээ 15 км замыг 35 минутад туулсан бол Улсын баяр наадмын их насны түрүү морь 25 км замыг мөн л дунджаар 35 минутад туулдаг байх юм. Үүнээс үзвэл уралдааны зам нь урт байх тусам тэмээ тэнхээгээ харуулах боломжтой байж мэднэ.

Тэгэхээр морь, тэмээгээ хамтад нь хол зайд уралдуулбал аль нь түрүү магнай болж, торгон жолоогоо өргүүлэх нь сонирхолтой. Ийм төрлийн уралдаан дэлхийн хаана ч болоогүй. Боломж нь зөвхөн монголчууд бидэнд л байна. Оролдоод үзэх үү? Хэрэв морь, тэмээ хамт уралдвал би тэмээ түрүүлнэ гэж бооцоо тавина. Харин та?

Үүний зэрэгцээ тэмээгээ зөвхөн “Гиннес”-ийн ном гээчид бүртгүүлээд өнгөрөх биш, амьдрал ахуйдаа хэрэглэх зүйл байгааг “мөнгө” болгоё гэж хэлэх гэсэн юм. Дээрх уралдааны үеэр тус аймагт зочид буудал нүдний гэм болжээ.

1000 тэмээний уралдаанаас гадна тэмээн поло, эмнэг хангал сургах, буйл, бурантаг хийх, сайхан тэмээтэй хос шалгаруулах, тэмээнд ачаа ачих, тэмээн хөсөг гэх мэт үзэж харах зүйл ихтэй энэ баярт гадаад, дотоодын олон хүн цугласан.

Өмнөговь, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Төв, Увс, Өвөрмонголын Алшаа зэрэг аймгаас 5000 орчим тэмээтэй, хоёр сая гаруй хүн зорин иржээ. Зөвхөн Улаанбаатар хотоос 6000-аад машин, гадаадын 5000 гаруй жуулчин ирсэн гэж зохион байгуулагчид нь мэдэгдэж байв.

Оршин суугаа хаягаасаа 24 цагаас дээш хугацаагаар өөр газар яваа нөхрийг жуулчин гэж үзнэ гэдэг томъёоллоор бол энэ гурав, дөрвөн өдөр Өмнөговь аймгийн төв жуулчдын хөлд дарагдсан гэсэн үг. Энэ олон жуулчин хээр хонож, хоол идэлгүй байсаар буцаагүй нь ойлгомжтой. Гэр буудал, цайны газар ажиллуулсан нэг хүн баярын эхний хоёр өдөр гурван сая гаруй төгрөгийн орлого олсон гэж танилдаа хуучилжээ.

Ойрхи Дорнодод МЭӨ 3000-аад, Европт 6000-аад онд гэрийн тэжээвэр амьтны сүүг “Амьдралын эх сурвалж” гэж нэрлэн, хоол тэжээл болгоод зогсохгүй эмчилгээнд хэрэглэж байжээ (“Химия и жизнь” журнал. 1983. 5. стр 21-22) Монгол ингэний сүүний бүтэц, найрлагыг яг таг судалж тогтоогоод цаасан дээр бичиж хадгалсан зүйл одоо үгүй ч хүүхдийн хоол тэжээлд ашиглах, эмчилгээний зориулалтаар хэрэглэхэд бусад малын сүүнээс давуу гэдгийг манай монголчууд сайн мэддэг.

Тэр ч утгаараа “Монгол тэмээ 999” наадмын хамгийн их гүйлгээтэй хүнсний бүтээгдэхүүн нь ингэний хоормог байсан гэнэ. Нэг литр нь 5500 төгрөгийн үнэтэй.

Гадаад, дотоодын дээрх тооны жуулчин хамгийн багадаа нэг литр хоормог уугаад, ахин нэг литрийг аваад буцсан гэж тооцвол зөвхөн ингэний хоормог гэдэг ”шидэт” ундаанаас Өмнөговь аймагт чамлахааргүй мөнгө үлдсэн байгаа биз. Аливаа баяр наадмаас энгийн иргэдэд наалдах өгөөж нь энэ. Манай орны өвлийн улирлын давуу тал ч бас мөн. Байгаа юмаараа мөнгө “хийж” суръя л даа.

Б.БАЯРМАГНАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
112.72.11.67 Би хувьдаа энэ саналыг дүүрэн дэмжиж байна .Жилдээ нэг удаа говийн аймгуудаар сэлгэн хийж байвал яасан юм бэ.
183.81.171.135 морь нь түрүүлэлгүй яадаг юм,
43.228.130.237 дэмжиж байна. жилд нэг удаа хольж уралдуулаад шоу хийж мөнгө олоход юу нь буруу байх вэ? тэр нутгийн хүн ард мөнгө олно биз
27.123.214.80 Яахав хүүхдийн санаа л байна