Сонголтгүй эрх хэцүү

2015 оны 12 сарын 28

Монгол Улсын иргэд бид Үндсэн хуульд зааснаар тун дажгүй эрх эдэлдэг юм байна шүү. Мэдээж эрх эдэлж байгаа болохоор үүрэг хүлээнэ л дээ. Тухайлбал, хуулиар ногдуулсан албан татвар төлөх, эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах гэх мэт.

Харин эрхээ бүрэн дүүрэн эдэлж, үүргээ зохих ёсоор нь биелүүлж байна уу гэдэг нь жирийн иргэдийн хувьд эргэлзээтэй. 2012 оны сонгуулиар бил үү дээ нэг “ханхүү” цэргийн алба хаагаагүй гэсэн шалтгаанаар сонгогдох эрхээ эдэлж чадаагүйг лавтайяа санаж байна.

Хөөрхий тэр залуу дүйцүүлээд мөнгө төлчихсөн ч юм бил үү, бид яаж мэдэх вэ дээ. Хэдэн тэрбумаар нь, хэдэн жил татвараа төлөлгүй явж байгаад Өршөөлийн хууль батлаад бүх зүйл хуулийн дагуу болдог гажиг тогтолцоо манайд хэвшил болох шинжтэй.

Энэ нь иргэнийхээ үүргийг биелүүлж буй хэлбэр мөн үү? Үүргээ биелүүлээд цаг хугацаанд нь татвараа төлөөд явж байсан жирийн иргэн цэргийн алба хаахгүй гэвэл эрүүгийн хэрэгтэн, эх орноосоо урвагч болох магадлалтай. Үндсэн хуульд заасан үүргийн тухайд нэг иймэрхүү.

Гэхдээ өөдрөг бай. Үндсэн хуульд зааснаар ёсчлон биелүүлэх дөрвөн үүрэгтэй хэдий ч арван найман эрх эдэлдэг юм байна. Дажгүй байгаа биз.

Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гээд үргэлжилнэ. Жинхэнэ утгаар нь эрхээ эдэлж байна уу, үгүй юү гэдэг нь асуудал.

Таныг гудамжаар алхаж явахад чинь баригдаж буй барилга дээрээс төмөр ч юм уу, тоосго ч юм уу унавал дуусаа... Амьд явах эрхтэй гэж цээжээ дэлдээд яахав, дээшээ хараад явахад гэмгүй шүү.

Нээрээ бас таггүй траншейний нүх элбэг тул хааяа урдах замаа харж явах ёстой. Баруун, зүүн тийшээ бас анхаарлаа хандуулахад ч илүүдэхгүй шүү. Хаанаас ч юм автобус, автомашин ч гарч ирээд түс хийж магадгүй. За за та өөрөө л сэрэмжтэй байвал амьд явах эрхээ эдэлнэ дээ эдэлнэ.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэж байгаа. Энэ ч бас асуудал. Өвөлдөө утаагаар, зундаа шороогоор, хавар намартаа цэвэрлэх байгууламж гэдэг “гайхал”-ын үнэрээр амьсгалаад л явна.

Амьд л явж байвал энэ мэт нь дүүрч. Сүү сайн уугаад байвал болох л байлгүй. Та өөдрөг бай. Төрийн ордон дотор эрүүл аюулгүй амьдрах орчин жинхэнэ утгаараа бүрдсэн байдаг болов уу гэж би боддог. Тийшээ орсон хүмүүс гарч ирэх дургүй болчихдогийг анзаарахад тийм.

Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийн тухайд бас л асуудал дагуулсан эрх. Та сонгогдох эрхээ эдлэхийн тулд намдаа, намынхаа шинэ байранд ч юм уу багаар бодоход тавин сая төгрөг хандивлах мөнгөтөй байх хэрэгтэй.

Энэ сонгогдох эрхээ эдэлж байгаа хэлбэр үү, худалдаж авч байгаа хэлбэр үү, бүү мэд. Гэхдээ та бас өөдрөг л бай. Бидэнд сонгох эрх гэж бий.

Гэхдээ сонгох эрхийн тухайд тун эргэлзээтэй. Ёстой О.Дашбалбар агсаны хэлсэнчлэн нэг нь “бор халзан” нөгөө нь “шар халзан хонь” хөтлөөд ирнэ. За тэгээд л сонголтгүй юм чинь хоёр халзангийнхаа өрөвдөлтэй харсан ч юм уу, үнэмшилтэй “майлсан”-ыг нь сонгоод л явуулна.

Угтаа бол намууд маань “хар машин”-ны хоёр талд хэрэлдээд сууж байхын оронд манай нам дараагийн сонгуулиар танай тойрогт ийм ийм хүн нэр дэвшүүлэх гэсэн юм, та сонгох уу гээд явж байгууштай.

Манай намд бие жижигтэй ч боловсрол өндөртэй, барууны “школ”-тай, зэс эрдэнэ мэт сайхан хүү нэг байна. Нөгөө нь монголчууд бид ярьдагдаа, малд нүдтэй хүү гэж түүн шиг улс төрд гайгүй нүдтэй, моринд бол бүр мундаг, монгол боловсролтой, молор эрдэнэ мэт сайн хүү ч байна.

Та алийг нь сонгох вэ гээд асуугаад явдаг бол гоё оо. Алийг нь ч сонгохгүй гэвэл манай намд бэлэг сэлт тараах бэлтэй, түлээ нүүрс ойртуулаад өгөх чадалтай, ямаа самнаж, шал угааж, хана арчаад өгчих ажилсаг, тэвэг өшиглөж, жүдо барилддаг спортлог, дуу дуулж, бүжиг бүждэг авьяаслаг, барилдвал барилдчихдаг, шар нь хөдөлбөл шанаа өгчихдөг “шартай” горилогчид ч байна.

Гуйлтгүй гурав дөрөв сонгогдсон дархан түшээд ч байна. Та алийг нь сонгох вэ гээд асуугаад ирдэг бол бүүр гоё. Тэгвэл сонгох эрхээ жинхэнэ утгаар нь эдэлнэ дээ бид. Эдэлж чаддаггүй эрхээсээ болоод иргэд бид сонголтгүй сонголттой тулгарах юм даа.

Б.БАЯРМАГНАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД