ХЭРҮҮЛИЙН БУЗАР

2015 оны 12 сарын 21

Аливаа хүмүүсийн санаа бодол тохирохгүй харилцан маргаж, тэмцэл үүсгэх нь хэрүүлийн эх гэж үзэн монголчууд хүнтэй ам мурийхыг эрт дээр үеэс цээрлэж ирсэн. Тиймдээ ч эв эеийг хичээн, “Ухаант түшмэд эвийг хичээх, мулгуу түшмэд хэрүүл өдөөх...” гэж сургадаг уламжлалтай, ухаант ард түмэн.

Харин өнөөдөр монголчууд бид “мэргэжлийн хэрүүлчид” болсон байна. Тэр тусмаа бидний хамгийн ухаантай, улс орноо, биднийгээ залж, чиглүүлээд явна гэж найдсан түшмэд маань. Ер нь хэрүүл хийдэггүй, өдөөдөггүй, гуйдаггүй, шуугиан тарьдаггүй хүн гэж байхгүй болсон ч юм шиг.

Бидэнд хэрүүлийн бузар шингэжээ. Бүр “хэрүүлийн алим” гэдэг үг бий болтлоо шүү. Хамгийн харамсалтай нь нам, улстөрчид, аливаа бүлэглэлийн хоорондох хэрүүлийн хохирогч нь жирийн иргэд болоод удаж байна.

Цахилгаан станцад осол гарлаа гэхэд л учир шалтгааныг тогтоож, шуурхай арга хэмжээ авахаасаа урьтаад л танай, манай намын гээд л хэрэлдэж эхэлнэ.

Сонгуульд оролцсон иргэдийн саналыг автоматаар тоолох “хар машин”-аас үүдээд улстөрчид хэрэлдээд удаж байна. Энэ “хар машин” шидтэй эд юм байх аа. Аль намын хэн гэдэг нэр дэвшигчийг таална, тэр нь ялдаг бололтой.

Ямартаа л “хар машин”-ы таалалд багтаагүй хорин хэдэн намын төлөөлөл түүнийг шатааж өшөө хорслоо тайлах вэ дээ. “Хар машин”-аар луйвар хийдэг бол би Ардчилсан намынхныг хохь чинь гэж хэлмээр байна.

Нэгэнт луйвардсан л юм бол олигтойхон шиг хийгээд үнэмлэхүй олонх болчихгүй. Тэгсэн бол зөвшилцөнө, хамтарна гэхгүй амар байхгүй юу. Ингээд бодохоор “хар машин”-аар луйвар хийгээгүй ч юм шиг.

Гараар давхар тоолъё гэхээр үгүй гээд гүрийгээд байгааг нь харахаар ганц найдвар нь “хар машин” ч юм шиг. Мань мэт ойлгохгүй юм.

Магадгүй сонгууль ойртоод сайнаар ч бай муугаар ч бай, хэрэлдээд ч болсон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгогчдодоо харагдаж байх сонирхол горилогчдод байдаг бололтой.

Ер нь хэрүүл хийх нь улс төр, эдийн засгийн тухайд зарим хүнд ашигтай байдаг юм шиг ээ. Тийм ч учраас хэрүүл шуугиан эхлүүлэх сэдэв мундахгүй, түүнийгээ хэрхэн өдөөх, хэнээс хэрүүл гуйх, хэн хэнийг татан оролцуулах, хэдий хугацаагаар үргэлжлүүлж, ямар үр дүнд хүрэх вэ гэдэг нь шинжлэх ухаан болтлоо хөгжиж, түүндээ цүнх баригч, дагаж далдагнагч, хоёр нүүртнүүдээ сургаад авдаг бололтой.

Ямар ч байсан бидний өвөг дээдэс маань хэрүүлийн бузар шингэсэн “амьтнаас” дөлдөг байсан. Хэрүүл хийснээс хэлэлцсэн нь дээр, хий таамагласнаас үзсэн нь дээр гэдгийг монголчууд маань маш сайн мэднэ шүү.

Б.БАЯРМАГНАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
183.81.169.58 өнөөгийн дэлхий нийтийн улс төрчид бол хар чөтгөр шулам шүгэлж ”зомбичлогдсон