ЦАГААН МОРЬ ЗОДОГ ТАЙЛСАН НЬ

2015 оны 07 сарын 02

Наадам ойртоод л, сэтгэл догдлоод л нэг л сайхан байна, ойрын өдрүүдэд. Наадам, Цагаан сарыг сэтгэл догдлон хүлээдэггүй монгол хүн гэж хаа ч байхгүй. Тэр тусмаа наадам. Монголчууд маань жилийн жилд ёстой л дэлхийг донсолгож, дэнж хотойтол наадаж, тэр жилийн сонин хачныг дараа жилийн наадам хүртэл хуучилдаг. Наадам наадмаас сумын наадам бүр сайхан. Сурагч ахуйдаа мэдэрсэн тэр жилийн наадмын дурсамж санаанаас ер гардаггүй. Тэр миний хувьд онцгой наадам байсан юм.

Би арванхоёр, гуравтай хүү. Зуны амралтаараа даага шүдлэн унаж, ишиг хурга, үхэр тугал эргүүлэх ажилтай. Бас ч гэж хурдан морь унаж, хоёр ч удаа сумын наадамд уралдаад үзчихсэн сүрхий эр. Тэр жилийн наадмаар том ах Б.Гомбодоржийн уясан даага, их нас хоёрыг унаж хөрш зэргэлдээ Баян-Уул сумын наадамд явах төлөвлөгөөтэй байлаа. Ахынх, манайх хоёр Говь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн нутаг Уртын гол гэдэг газар зусаж, наадмын тухай яриа хэдийнэ эхэлж, нутгийн хөгшид, эрчүүд хүлэг морьдоо барьж, дэлийг нь сумлан засаад л... Наадмын бэлтгэл эхэлж байсан нэг өдөр (зургадугаар сарын сүүлч, долдугаар сарын эхэн үе байсан санагддаг юм) Шарга сумаас миний нагац ах Д.Ванчиг өглөөний сааль сүүний дараахан ирэв. Ээж, ах, нагац гурав өдрийн турш хоол цай, яриа хөөрөө болж суусан юмдаг. Чухам юуны тухай хөөрөлдсөн нь бүү мэд. Тэр үеийн хүүхдүүд бидэнд хол ойроос зочин ирсэн үед гэрт байх эрх байсан биш, гадуур л манаргаж өнжсөн. Үдийн хойно ээж дуудаж “За миний хүү энэ жилийн наадмаар Ванжийнхаа (Д.Ванчиг нагацыг бид ийн дууддаг байсан юм) цагаан морийг унахаар болж байна. Цагаан морь нь энэ жил зодог тайлж байгаа юм байна. Тэгээд л чамаар унуулах гэж ирж” гэж хэлэв. Тэр үед миний баяр баясал жинхэнэ дээд хэмжээндээ тулсан даа. Учир нь нагацын маань цагаан морь сумандаа цуутай хүлэг байсан юм. Тэр жил арвандолоон нас хүрээд зодог тайлах сүүлчийн уралдаандаа шандас сорих гэж байсан ба энэ хугацаанд айраг түрүү алдаж үзээгүй хурдан ажнай байж.

Ер нь манай сум цуутай хурдан хүлгүүдээрээ аймаг орон нутагтаа алдартай. Ванчигийн цагаан, Жанцангийн цагаан, Рэнхүүгийн зээрд, Бадарчийн хүрэн халзан, Наймын хүрэн, Бумцэндийн хул, Батмөнхийн бор, Содын хээр, Пүрэвдоржийн халиун, Лхагвын хүрэн халзан, Эрдэнэчулууны хээр, Пүрэвдоржийн халтар гээд аймгийн наадмын түрүүгээр тодорч, түүхэнд мөнхөрсөн ажнай олон. Морь “зодог тайлна” гэдгийг үзэх гэж наадам хүртэлх арван хэд хоногийг мөн ч их хүлээсэн дээ. Наадам эхлэхээс дөрөв, тав хоногийн өмнө Б.Дашням ахынхаа тусгайлан бэлдсэн Даян халтар гэдэг мориор сумын төв рүү гарч өгсөн. Сумын төв хүртэл 60 орчим километр. Баярласандаа болоод яаж очсоноо ч одоо санадаггүй юм. Ямар ч байсан нагацын гадаа очиход Ванчиг ах мориныхоо уяан дээр тосож аваад нэг л хүндэтгэлтэйгээр морийг минь уяж, гэрийнхээ баруун хойморт суулгаж сүү өгсөн юмдаг. Энэ мөчөөс морь зодог тайлна гэдэг бас чухал ёс жаяг юм байна даа гээд бодчихсон чинь хэд хоног нойр хүрдэггүй ээ. Миний ээж бор өнгийн даалимбаар шинэ тэрлэг оёж өгөөд зодог тайлж буй морийг сайн унахыг захиж, дөрөөг минь сүүгээр мялаагаад гаргаж өгсөн. Мөн хөгшин морийг гамтай унах ёстой. Уралдаанд түрүүлж, айрагдахдаа бус тоосоо өргөж, хийморио сэргээж л байвал “хөгшин амьтан” болох нь тэр гэж захиж билээ. Наадмын өмнөх гурав хоног нагацынд надаас өөр хүндтэй хүн байсангүй. Бас хөгшин цагаанаас өөр хүндтэй хүлэггүй л байсансан.

Тэртээ 40 гаруй жилийн өмнөх наадмын өглөө манай говьд нар ямар гоё мандсаныг би одоо ч мартдаггүй юм. Цагаан морь бид хоёрт тусгайлан бэлдсэн хувцас өмсүүлж, уяа шонгоо нар зөв тойрон, унаач хүүхдүүд гийнгоо хадааж, уяач, хөгшид идээ цайныхаа дээжийг өргөж наадмын талбай руу мордсон. Манай суманд уралдах их насны морьд Цэнгэлдэхээ тойрон, унаач хүүхдүүд гийнгоо шуранхайлж, уясан эзэд хурсан олон энэ жилийн наадмын түрүү магнайд ямар морь ирэх талаар ам уралдан ярьж наадам эхэлдэгсэн. Тэр жилийн наадмын цугласан олон цагаан морь, бид хоёрыг л онцлон сонирхож байгаа мэт санагдаж байв. Гарааны зурхай руу явж байх замд сумын дарга УАЗ-469 машинтай ирж улаан усаар дайлж, машинаас буусан хүмүүс цагаан морины минь магнай, хондлойг сүүгээр мялаагаад явж билээ. Нагац ах надад ганцхан захиас хэлсэн. Цагаан морио нэг ч удаа ташуурдаж болохгүй, зөвхөн өөрийнх нь боломжоор уралдаарай гэлээ. “Цагаан морь нь миний хүүг гомдоохгүй, цээжинд уралдах байх” гэж хэлээд нэг хацрыг минь үнсэж, нулимсаа барьж тэвчилгүй хоцорч билээ.

Морьд гарааны зурхайд ирэхэд цагаан морь маань бараан болтлоо сайхан хөлөрч, хөл нь хөнгөрөөд “ийм л байдаг даа” гэсэн аятай. Морьд эргэх үед цагаан морь бид хоёр тоосон дунд л явлаа. Тоос шингэрч зул задрах үед цагаан морь дунд хавьд зүтгэж байна, хөөрхий. Болдогсон бол ганц нэг ташуурдаж үзэхсэн. Гэвч би ташуурдаагүй, яагаад ч юм уйлаад л явсан. Барианд ороход наадамчин олон зөвхөн бид хоёр дээр л цугласан. Хэдээр давхисныг хэн ч хэлээгүй, би ч асуугаагүй. Цагаан морь маань бүр ч мэдээгүй. Уясан эзнээрээ магнаг хадгаар шагнуулж, хурсан олноороо магнайдаа сүү өргүүлж зодог тайлсан даа, цагаан морь. Тэр цагаас хойш цагаан моринд хэн ч хүрээгүй. Эзэн нь тэнгэр болсон юм, ижил сүрэг нь одод болсон юм хөөрхий. Сумын наадам сайхаан сайхан.

Б.БАЯРМАГНАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.243 Та юу гэж бодож байна .