Хавтгай дэлхийн БӨӨРӨНХИЙ МОНГОЛ

2015 оны 06 сарын 08

Дэлхий бөөрөнхий биш гэдгийг 2005 оноос хойш хүн төрөлхтөн бараг мэддэг болсон. Учир нь Пулитцерийн гурван удаагийн шагналт, “Нью-Йорк таймс” сонины сэтгүүлч Томас Л.Фрийдман “Дэлхий бөөрөнхий биш” номоо хэвлүүлэн, улмаар ном нь бестселлерүүдийн жагсаалтыг тэргүүлж, 30 гаруй хэлнээ орчуулагдан, хоёр сая хувь борлуулж байсан түүхтэй. Фрийдман энэ номондоо айсуй цоо шинэ ертөнцийн тухай тайлбарлахдаа, дэлхий дээр мэдээллийн асар хүчтэй давалгаа үүссэнээр өрсөлдөөний талбай улам бүр хавтгай болж, ингэснээр Монгол, Энэтхэг, Хятад, ер хэн байвч ижил тэгш эрхтэйгээр тоглоомонд оролцох боломжтой үе ирж байна гэсэн санаа дэвшүүлжээ.

Монголчууд бид өрсөлдөөний талбарт байнга ялагдал хүлээхгүйн тулд бөөрөнхий биш хавтгай дэлхийд амьдарч байгаагаа ойлгох, энэ хавтгай дэлхийд тусгаар улс гэсэн өөрийн хэл, түүх, соёлтой, дэлхийн түүхэнд мөрөө тамгалсан дээдсийн үр сад оршин байгаа шүү гэдгийг өглөө бүр өөрсдөдөө болон хавтгай дэлхийд хандан шившиж баймаар. Хавтгай дэлхий нэг л тоглоомтой. Тоглоомонд хэн ч тэгш эрхтэй оролцоно. Гэхдээ зөвхөн дүрмийн дагуу. Дүрэм мэдэхгүй тоглогч оролцох хэрэггүй, оролцсон ч түүнээс амжилт хүлээх шаардлагагүй. Хэрвээ амжилт олохгүй бол тоглоомноос хасагдаж л таарна. Өөрөөр хэлбэл, Монгол маань бөөрөнхий хэвээрээ л үлдэнэ гэсэн үг.

Дэлхий одоохондоо тэв тэгшхэн болчихоогүй байна. Тэв тэгшхэн гадаргуу дээр бөөрөнхий биет тогтоход хэцүү. Бүтээмжийн болон хөгжлийн шинэ үе, мэдээллийн болон хангамжийн нэгдсэн сүлжээ зэрэг хүчин зүйлүүд нь дэлхийг хавтгайлж буй гэнэ. Тэгэхээр бидэнд хавтгайгаа дагах зайлшгүй шаардлага байх шиг. Уг нь Ерөнхий сайд нь Дубайд очиж төслийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах, Сөүлд суугаа намын даргаасаа удирдамж чиглэл авах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хөрөнгө оруулалтын асуудлыг Бээжинд ярилцах, монгол хүний эрхийн талаар НҮБ-д хэлэлцэх энэ тэр бол хавтгай болсон ертөнцөд сүржигнээд байдаг асуудал биш юм биш үү? Хавтгай дэлхийн тоглоомын дүрэм ил тод, шударга, бие биенээ хүндэтгэх, эв эеийг хичээх, харилцан ашигтай түншлэх, хүний өмнөх хоолыг булаацалддаггүй байх гэх мэт тун энгийн дүрмээр, монголчуудын ухаанаар бол “Цэр нь цээжиндээ, бөөр нь бөгсөндөө” л байвал болох бололтой.

Б.БАЯРМАГНАЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД