“ГАР ЗҮСЭМ” АРВАН ШИРХЭГ ЗУУТ...

2015 оны 01 сарын 15

                                                 /хууч яриа/    

Арван ширхэг зуут гэдэг мянган төгрөг, одоо хүн бүрийн халаасанд өдөр тутам байж л байдаг мөнгө. “Гар зүсэм” гэхээр гүйлгээнд  бараг ороогүй гэсэн утгатай бололтой.  .. Тэртээ 1950-иад оны эхээр Засагт Хан аймгийн Сүжигт гүний хошуу, одоогийн Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт малчин ард Рэнхүүгийнх хэдэн гэрээр зусаж байж. Нэгэн өдөр хот айлд хос морьтой зочин буусан нь нэг нутаг, саахалтын “ганган хэмээх” Содном бөлгөө. Зочныг монгол ёсоор уяан дээр тосч, гэрт орохыг урихад  арваад унага уяатай зэлийг нэгэнтээ нар зөв тойроод гэрт тухалжээ. Хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэж, яриа хөөрөө эхэлмэгц зочин гэрийн эзэнд “Зэлнийхээ эхэнд уяатай байгаа хээр унагаа  зарчих. Надад их мөнгө байхгүй ээ. Би чамд “гар зүсэм” арван ширхэг “хөх халзан” зуут өгье гэжээ. Гэрийн эзэн Рэнхүү энэ зуурт хээр унагаа ямар хөлөг болохыг мэдэхгүй хэдий ч ийм үнэ хүрч байхыг бодоход зүгээр ч нэг унага биш байх нь гэж бодоод татгалзсан хариу өгсөн байна. Наймааны тухай яриа үүгээр дуусч, зочин ч удалгүй морджээ.  ЗасагтХаны хөх эрчүүдийн дунд унаганы наймаа яригдсанаас хойш нэлээд хэдэн жилийн дараа Рэнхүүгийн хүү Батжав гэр бүл болж өрх тусгаарлахад мөнөөхөн  хээр унага бэлгэнд очсон байна. Хээр унага ч сайхан жороо морь болсон ч наадамд уралдаж амжилгүй арван таван нас хүрээд байв. Нэгэн өдөр Содном /Айлаа гэж авгайлдаг/ Батжавынд /Баядаг/ ирж, “Аавтай чинь яриад тохироогүй юм “Чи залуу хүн хөгшин мориор яах вэ? Ахдаа 1500-гаар зарчих” гээд аваад явжээ. Хожуу ч гэсэн санасандаа хүрсэн “ганган” Содном наадмын урьд өдөр аймгийн төвийн бүх гудамжийг жороо хээр мориороо тойрч гайхуулаад маргааш нь аймгийн наадамд  түрүүлгэж санаа амарсан гэдэг. ЗасагтХаны хөх харчууд гэдэг санаснаа бүтээж, сарвайсанаа авдгийн жишээ энэ билээ.   Батжав Баядаг маань баг, суманд удирдах ажил олон жил хийж, одоо нутагтаа энх тунх сайхан амьдарч байгаа бөгөөд  энэ хуучийг надад хүүрнэсэн бөлгөө. 

Б. Баярмагнай.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД