ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨМӨӨРӨХ ХИЙГЭЭД ӨРӨВДӨХИЙН УЧИР

2015 оны 01 сарын 14

1991 оны зун манай улсын шинэ Үндсэн хуулийн анхны төсөл “Их цааз хууль” (Үндсэн хууль) нэртэйгээр төвийн сонин, хэвлэлүүдэд бүрэн эхээрээ нийтлэгдэв. Энэ үеэс шинэ Үндсэн хуулийн сар, өдрүүд эхэлсэн гэж болно. Үндсэн хуулийн төсөл хүмүүсийн анхаарлыг онцгой ихээр татсан. Улс орон маань ямархүү засаг төртэй болж, юуг зорин тэмүүлэх гэж байгаа нь хүн бүхнийг догдлуулсан хэрэг. Аргагүй шүү дээ. Шинэ хүнд нэр өгөхдөө хүртэл өвгөд дээдсээ хүндэтгэн, өнө холыг зөгнөн, бэлгэ дэмбэрэл, ёс жудгийг сахиж боть боть ном эргүүлэх дөхдөг ард түмний хувьд улс орны тулгуур хууль анхаарал татах нь зүй ёсны хэрэг. Бас ард иргэд нь чамгүй боловсорч гэгээрсний үр шим. Үндсэн хуулийн “...төслийг 7000 гаруй байгууллага, хамт олон хурлаараа хэлэлцэж, түүнд 900 мянга гаруй хүн оролцож, давхардсан тоогоор 200 мянга гаруй санал гарсан байна. ...Эдгээр бүх саналыг цахим тоолуурт оруулж бусад хуультай эрх зүй, улс төр судлалын үүднээс харьцуулан дүгнэлт хийж үзээд 44.3 хувийг төсөлд ямар нэг хэлбэрээр тусгалаа” гэж Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгч П.Очирбат Ардын Их Хурлын чуулганы хоёрдугаар хуралдаанд илтгэжээ. Тухайн орны иргэд идэвхтэй оролцон нийтээрээ хэлэлцэн санал бодлоо тусган ардчилсан аргаар баталсан Үндсэн хуулийг “ард түмний”, харин дээрээс эзэн дээдэс соёрхсон Үндсэн хуулийг “бэлэглэлийн“ гэж нэрлэдэг дэлхийд тогтсон жишиг бий. Энэ жишгээр авч үзвэл манай Үндсэн хууль яах аргагүй ард түмнээр овоглох учиртай, ард түмний оролцоотой нэмэлт өөрчлөлт оруулж “хөндөж“ байх ёстой хууль мөн. Ийм нэгэн эрхэм суурь хуулийг БНМАУ-ын сум бүрээс төлөөлөлтэй Ардын Их Хурлын чуулганаар 76 хоног хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-ний билэгт сайн өдөр ёсчлон баталсан юм. Шинэ Үндсэн хуультай болсон нь өөрөө түүхэн чухал үйл явдал байлаа. Гэвч төгс төгөлдөр хийгээд мөнх юм гэж энэ орчлонд үгүй. Үндсэн хуулиа ард нийтийн өргөн хэлэлцүүлгээр дахин оруулж, онож алдсан хийгээд дутуу дулимаг, хөнгөн хуумгай бодож боловсруулснаа эргэж нягтлах, Монгол хөрсөнд соёолж чадаагүй гадаадын үр жимс байвал хогийн ургамал болохоос нь өмнө амжиж суга татан хаях цаг нэгэнт болов. УИХ-д улс төрийн тэргүүлэх хүчнүүдийн харьцаа ойролцоо шахам, бас иргэдийн шууд төлөөлөл болох бие даасан гишүүд хийгээд улс төрийн гурав дахь хүчний төлөөлөлтэй, хамтарсан засаглалтай байгаа энэ үе нь Үндсэн хуульд “гар хүрэх” боломжийг илүүтэй олгож байна. За тэгвэл юу нь болж, бас юу нь болохгүй байна вэ гэдэг асуултад хамтдаа хариулахыг хичээе .

-Манай улсын хувьд энэ Үндсэн хуулиар анхнаасаа засаглалын хэлбэрийг оновчтой тогтоож чадаагүй юм. Хэдийгээр ард түмний олонхийн саналаар парламентын засаглалыг тунхагласан боловч бүх ард түмнээр сонгогдсон Ерөнхийлөгчтэй, холимог хэлбэрийн засаглалтай болсон нь төрийн дээд удирдлагыг олон толгойтой, төрийн эрх мэдлийн хуваарилалт тэнцвэргүйгээс үүдэн энэ байдал нэгэнт явуургүйгээ харуулж, цаашид удаан үргэлжлэх боломжгүй болоод байна. Үндсэн хуулийг шинээр авч үзэх нь түүхэн хийгээд гарцаагүй шинжийг агуулж байгаагийн эхний нотолгоо нь энэ зөрчил юм.

-УИХ 1999 онд Үндсэн хуульд хуйвалдааны аргаар өөрчлөлт оруулсан нь дээрх зөрчлийг улам гааруулсан. “Дордуулсан” гэх тодотголтой энэ долоон өөрчлөлтөөр Үндсэн хуулийн суурь зарчим алдагдаж дараах гажуудал үүсгэсэн.

-УИХ-ын чуулганы хуралдах хугацааг ажлын 25 хоногоор цөөлснөөс хууль тогтоох байгууллагын байнгын буюу тасралтгүй ажиллах нөхцөл, шалгуурыг дордуулсан,

-Чуулганы ирц дийлэнх олонх нь хүрэлцэн ирснээр бүрдэж байсныг ердийн олонх болгосноор 39 гишүүн хууль тогтоох боломжтой болж, асуудлыг олонхоор шийдэх зарчим алдагдаж, төлөөллийн үүрэг, ач холбогдол буурсан, -УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр хавсран ажиллах үүд хаалгыг нээснээр төрийн дээд эрх мэдлийг хуваарилах зарчим алдагдаж, гүйцэтгэх эрх мэдэл парламентад давамгайлж, “давхар дээл” нөмрөх ил хийгээд далд хүсэл гүйцэтгэх засаглалын хямралыг байнгын болгож, дархлааны хомсдолд оруулсан,

-Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хязгаарлаж, тэрбээр зөвхөн намуудын хүсэл, зорилгод дуулгавартайгаар захирагдах болсон,

-УИХ-д суудалтай намын бүлэг бүрээс дэд даргыг илээр санал хурааж сонгох болсноор парламентын толгойг данхайлгаж, өндөр албан тушаалтны орон тоог нэмж, гишүүдийн чөлөөтэй нэр дэвшүүлж сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж, парламент дахь намын шууд хяналтыг хүчтэй болгосныг олон улсын жишиг гэж тайлбарлаж болох боловч бусад зохицуулалтыг хийгээгүй,

-Ерөнхий сайд нь Ерөнхийлөгчийн “толгой дээр гишгэх” боломж бүрдүүлснээр Төрийн тэргүүний гүйцэтгэх эрх мэдлийг хянах, чиглүүлэх үүргийг үгүйсгэж, бүх ард түмнээр сонгогдсоны агуулгыг бүдгэрүүлж, ач холбогдлыг хэлбэр төдий болгосон,

-“Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш 45 хоногийн дотор УИХ хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсвэл Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах тухай шийдвэр гаргана” гэсэн барагтай бол үүсэхгүй нөхцөлтэй дугааргүй нэр төдий хэсэг нэмж, УИХыг үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон тохиолдолд түүнийг тараах боломжгүй болгож, төрийн дээд эрх мэдлийн тэнцвэртэй, хяналттай байх зарчмыг алдагдуулсан. Дордуулсан гэж одоо бол нийтээр хүлээн зөвшөөрч байгаа долоон өөрчлөлтийг цухас дурдвал ийм байна. Гэтэл УИХ 2012 оны сонгуулийн өмнө 76 гишүүний 28-ыг нь пропорциональ, 48-ыг нь тойргоос сонгохоор хуульд өөрчлөлт оруулсан нь шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойших хугацаанд МАН, АН-ын хамтарч шийдсэн хамгийн том хуйвалдаан мөн. Энэ хуйвалдаан ашиг сонирхол нь давхцаж байвал юу ч хийхээс буцахгүй улс төрийн том бүлэглэл Монгол Улсад төр, засгийн эрхэнд оршиж байгаагийн хамгийн ил тод илрэл юм. Үндсэн хуулийн хүрээнд авч үзвэл энэ шийдвэрийг гаргаж, 2012 оны сонгуулийг зохион байгуулснаар “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна” гэсэн гуравдугаар зүйлийн нэг дэх заалт, “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн 21 дүгээр зүйлийн хоёр дахь заалт, “УИХ-ын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн 23 дугаар зүйлийн нэг дэх заалт зэрэг олон зүйл заалтыг хөсөрдүүлжээ. Үндсэн хуульд эрх ашигтаа нийцүүлэн яаж ч тайлбарлаж болох олон зүйл, заалт байгаагийн тод жишээ нь эдгээр заалтыг тайлбарлаж, хэрэглэж байгаа явдал юм. УИХ-ын 28 гишүүнийг нам нэр дэвшүүлэн хувь тэнцүүлэн сонгосноор бид ямар завхрал (Энэ бол завхрал бөгөөд одоохондоо монгол хэлний үгсийн санд өөр зохистой, оносон үг байхгүй байна) гаргасан бэ.

-Нэг танхимтай, харьцангуй цөөн гишүүнтэй парламент хоёр өөр статустай, сонгуулийн хоёр өөр тогтолцоогоор сонгогдсон гишүүдтэй болсон,

-Тойргоос сонгогдсон гишүүд ард түмний нэр барин том дуугарч байхад жагсаалтаар сонгогдсон гишүүд сонгогчдоос хөндийрч, намын байр хавиараа эргэлдэн, аль болохоор даргынхаа нүдэнд үзэгдэж, торж байхыг илүүтэйд үзэж байна.

-Намын жагсаалтаар УИХ-д “тооноор” орж ирэгсдийн дотор боловсрол, мэдлэг чадварын хувьд хууль тогтоох дээд байгууллагын гишүүн бүү хэл хороо, багийн түвшинд төрийн алба хаших хэмжээнд хүрээгүй хүмүүс ч байгаа нь нэгэнт ил тод болжээ. Хүний хувьд төлөвшөөгүй, эсвэл ёс суртахууны хувьд олны өмнө ил гарахад хэцүү болсон зарим хүн гишүүний өндөр сэнтийд заларч байгаа нь УИХ-ын чадамжийг сулруулж, дотооддоо төдийгүй гадаад хүрээнд ч муухай харагдуулж байна.

-Улс төрийн хуйвалдаан, албан тушаалын төлөөх арилжааны далд механизм болгон ашиглаж байна. Энэ халдвар аймаг, сумын түвшинд илүүтэй тархаж, эдүгээ хорт хавдрын хэмжээнд очжээ. -“...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, ”Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн Үндсэн хуулийн заалтуудыг зөрчиж, луйвраар байгуулагдсан нам УИХ-д суудалтай улс төрийн хүчин болсон гээд зөвхөн энэ шийдвэрээс үүдэж үүссэн зөрчил, хямрал, дампуурлыг тоочих гэвэл гар, хэл цуцна. Монголчууд “арваараа тэмтэрч, алагаараа харж байж шийднэ” гэж ярьцгаадаг. УИХын гишүүд, Ерөнхийлөгчийг энэ л зарчмаар сонгохоор Үндсэн хууль баталсан түүх хуучраагүй, шинээрээ байна. Юун намын жагсаалт. 430 депутатын хэнийх нь ч оюун санаанд ийм бодлын хэлтэрхий ч байгаагүй. Хэн дуртай нь өөрийн зоргоор тайлбарлаж, элдэвлэж, эрх ашигтаа нийцүүлэн дураар огтолж, хэрчиж байдаг хөөрхий Үндсэн хуулийг жилдээ нэг дурсдаг нь сайн хэрэг. Гэхдээ баярлах зүйл тун хомс байна. Үндсэн хуулийн төлөө дуугардаг хүн, улс төрийн хүчин бараг үгүй болжээ. Үндсэн хуулийг эрс шинэчлэх, ядахдаа 76 гишүүнийг 76 тойргоос сонгуулахын төлөө ард түмэн эрхээ эдэлж, үгээ хэлэх цаг боллоо.

В.АЛЗАХГҮЙ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
43.242.243.56 Маш сайн бичсэн байна. Үнэхээр үндэслэлтэй, аргагүй мэддэг хүн шүү