Давсны хэрэглээг бууруулснаар халдварт бус өвчнөөс сэргийлж чадна

2016 оны 04 сарын 01

Халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт жил бүр нэмэгдэж, 2030 он гэхэд 55 саяд хүрнэ хэмээн ДЭМБ урьдчилан тооцоолсон ба үүнээс сэргийлэхэд давсны хэрэглээг багасгах нь халдварт бус, ялангуяа цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга болохыг нотлоод байна.

Дэлхийн хүн амын нийт өвчлөлийн 43 хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж байна. ХБӨ-ний улмаас жилд дунджаар 38 сая хүн, тэдгээрийн 42 хувь(16 сая) нь 70 нас хүрэлгүй, цаг бусаар нас барж байна. ХБӨ-нөөс шалтгаалсан цаг бус нас баралтын 82 хувь нь бага болон дундаж орлоготой улс орнуудад тохиолдож байна. Нийт нас баралтын шалтгааны 40.5 хувийг судасны эрхтэн тогтолцооны өвчин (жилд 17.5 сая хүн); 21.5 хувийг хавдар (жилд 8.2 сая хүн), 10.5 хувийг амьсгалын дээд замын архаг өвчин (жилд 4 сая хүн), 3.9 хувийг чихрийн шижин өвчин (жилд 1.5 сая хүн) тус тус эзэлж байна.

Нийт 52 оронд хийгдсэн судалгаагаар хүн амын давсны хоногийн хэрэглээний 75 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон нийтийн хоол; 10-12 хувийг байгалиасаа натри агуулсан бүтээгдэхүүн; 10-15 хувийг гэрийн нөхцөлд бэлтгэсэн хоол хүнс эзэлж байна. Тиймээс үйлдвэрийн аргаар боловсруулсан хоол хүнсний давсны агууламжийг бууруулах асуудалд дэлхий нийтээр ихээхэн анхаарал хандуулж байна.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад хүн амын давсны хэрэглээг бууруулахад бодлого эрх зүйн орчинг бүрдүүлэх (үндэсний стратеги, хүнсний стандарт, шошгололт, эрүүл бус хүнсний зар сурталчилгааг хязгаарлах, хяналтыг сайжруулах), хүнс хоол үйлдвэрлэгчидтэй хамтран бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах; хэрэглэгчдийн мэдлэгийг дээшлүүлэх зэрэг сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулсаар ирсэн.

Монгол улсад ХБӨ-ний 3-5 эрсдэлт хүчин зүйлс хавсарсан хүн амын эзлэх хувь 2005 онд 23.8 хувь, 2009 онд 26.4 хувь байсан бол 2013 онд 36.9 хувь болж нэмэгдсэн байна. Түүнчлэн артерийн даралт ихсэлт (28.5 хувь, 27.3 хувь, 27.5 хувь); илүүдэл жин (22.2 хувь, 27.6 хувь, 34.7 хувь); таргалалт (10.2 хувь, 12.2 хувь, 19.7 хувь) буурахгүй нэмэгдэх хандлагатай байна. Хүн амын дундах артерийн даралт ихсэлтийн тархалтаар Монгол Улс НДББ-ийн орнуудыг тэргүүлж байна. Эрүүл мэндийн статистикийн мэдээгээр хүн амын нас баралтын тэргүүлэх 5 шалтгааны эхний хоёрт ЗСТӨ (жилд дунджаар 5500-6000 хүн, нас барсан 3 хүн тутмын нэг); хавдар (жилд дунджаар 3500) орж байна. Тархинд цус харвалт, зүрх шигдээс өвчин нь зүрх судасны өвчний нас баралтын гол шалтгаан болж байна.

НЭМХ-ийн “Хүн амын давсны хэрэглээ” судалгаагаар насанд хүрсэн хүн хоногт 11.1 гр давс хэрэглэж байгаа нь ДЭМБ-ын зөвлөмжөөс 2.2 дахин их; 10 хүн тутмын 9 буюу 89.2 хувь нь 5 гр-аас их давс хэрэглэж байна. Давс ихтэй хоол хүнсний талаар ойлголт, мэдлэггүй байх нь эмэгтэйчүүдийн дунд 14.3 хувь байхад эрэгтэйчүүдийн 1.8 дахин их (25.4 хувь) байна. Түүнчлэн үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний 81.6 хувь, нийтийн хоолны 83.6 хувь нь давс ихтэй байна.

МУ-ын ЗГ-аас 2015 оны 8 сарын 31-ны өдөр 353 дугаар тогтоолоор баталсан “Давсны хэрэглээг бууруулах” үндэсний стратегийн зорилго нь Монгол хүний давсны хэрэглээг 2025 он гэхэд 30 хувь бууруулахад оршиж байгаа бөгөөд стратегийн хэрэгжилтийн гол шалгуур үзүүлэлтийг 2025 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг 40 хувь, нийтийн хоолны давсны агууламжийг 40 хувь тус тус буурсан байхаар заасан байна.

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД