Манай улс эм хангамжийн салбарт БНХАУ-ын шилдэг сургуультай хамтран ажиллана

2016 оны 03 сарын 30

Өвөр Монголын Өөртөө Засах орны Үндэсний Их сургуулийн захирал Чен Юн Шен болон бусад албан төлөөлөгчдийг Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хүлээн авч уулзаж сургуулийн хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Тус сургууль нь Монгол Улсын АШУҮИС-тай арав гаруй жилийн өмнөөс  хамтын ажиллагаагаа тогтоож ажилласаар ирсэн бөгөөд, цаашид эмнэлгийн  тусламж үйлчилгээ,  эмийн шинжилгээний лаборатри, хамтарсан эмийн үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна. Энэ  айлчлалын хүрээнд  хоёр сургуулийн удирдлагууд өмнөх хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн баталгаажуулж гарын үсэг зурсан байна.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга, АШУҮИС-ийн Удирдах зөвлөлийн дарга С.Ламбаа хэлэхдээ Өвөр Монголдоо эм, эмнэлгийн салбарт тэргүүлэх үүрэгтэй танай сургуультай хуучин хамтын ажиллагааны суурин дээрээ  илүү их амжилт гаргах боломжтой. АШУҮИС нь дэргэдээ  эмийн жижиг үйлдвэр байгуулсан  цаашид өргөтгөөд  эмийн үндсэн баазтай  болох төдийгүй нөгөө талааасаа  сургалтад нөлөөлж  эм хангамжийн системийг байгуулахад  томоохон хувь нэмэр оруулна. Монгол Улсын хувьд 1990 оноос хойш  эм хангамжийн салбар нь  100 хувь хувийн хэвшилд тулгуурласаар ирсэн бөгөөд, эм хангамжийнхаа 80-аад хувийг импортоор оруулж  ирдэг.  Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт  эм хангамжийнхаа 50 хувийг дотооддоо хангана гэж зорилт  дэвшүүлсэн. Энэхүү зорилтодоо хүрэхэд та бүхэнтэй хамтран ажиллаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд тууштай дэмжих болно гэдгээ илэрхийллээ.

Дашрамд мэдээлэхэд  Өвөр Монголын Өөртөө Засах орны Үндэсний Их сургууль нь 1958 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын боловсролын салбартаа  тэргүүлэх сургуулийн тоонд зүй ёсоор ордог байна.  Нийтдээ одоо суралцаж байгаа 23000 оюутантай, 1738 багш ажиллагсадтай аж. 

 

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.143.61 za za hordoh horoo oorsdoo hiih nee