Абилимпын шагналтнуудыг Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа

2016 оны 03 сарын 29

Дэлхийн 35 улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын Абилимпын холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэргэжлийн ур чадварыг бүх төрлөөр хөгжүүлэх, эзэмшсэн мэргэжилдээ хамгийн шилдгийг нь сонгох замаар олон улсад болон нийгэмд тэднийг сурталчлах зорилготой тэмцээнийг гишүүн орнуудынхаа дунд гурван жил тутам зохион байгуулдаг.

Энэ сарын 23-28-нд Францын Бордо хотноо болж өндөрлөсөн тус тэмцээнд дэлхийн 37 орны 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50 гаруй мэргэжлээр ур чадвараа сорьжээ.

Тэгвэл эх орноо төлөөлөн анх удаа оролцсон манай тамирчид гурван мөнгөн медаль, нэг тусгай байрын шагналтай ганзага дүүрэн буцаж ирсэн билээ.

Өнөөдөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан тус тамирчдыг хүлээн авч уулзан, Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан тэмдгээр шагналаа.


Хог хаягдал дахин ашиглах төрөлд оролцсон МТИҮХ-ны ажилтан Б.Болормаа

Би Абилимпын 9 дүгээр тэмцээнд хог хаягдал дахин ашиглах төрөлд амжилттай оролцож мөнгөн медалийн эзэн болсон. Сонины цаасаар сагс сүлжиж оролцсон.

Тэмцээний үеэр байр эзэлж чадаагүй ч Францын тамирчин  “Сонины цаасаар хулсны хэмжээнд хүрэхүйц сүлжсэн нь маш гайхалтай, онцлох бүтээл байсан. Энэ бол чиний шагнал” гээд хоёрдугаар байраасаа татгалзаад надад өгсөн.

 

Арьсан урлалын төрөлд оролцсон урлаач Т.Мөнхтуул

Би Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадварын тэмцээний Арьсан урлалын төрөлд өрсөлдөж, арьсаар виноны уут хийсэн.

Тодруулбал, уламжлалт аргаар тэмцээнээс бэлтгэж өгсөн арьсаар виноны уут хийх даалгавартай байсан.

Цаг хугацааны хувьд нэлээд давчуу байсан ч хугацаандаа даалгавраа амжилттай гүйцэтгэж чадсан.

 

 

Мотоцикл угсрах төрөлд өрсөлдсөн автын механикч Г.Шижир-Эрдэнэ

Абилимпийн 9 дүгээр тэмцээнд амжилттай оролцоод ирсэндээ баяртай байна. Би багаасаа техник сонирхдог байсан. Үүнээс гадна хүүхдүүдэд техникийн мэдлэг олгох сургалтыг хувиараа явуулдаг.

Харин тэмцээний хувьд мото угсралт буюу мотоциклийн засвар, угсралт оношлогооны төрөлд өрсөлдсөн. Энэ сарын 19-нд нисэхээсээ өмнө даалгавраа авчихсан байсан. Франц улсад болсон террорист халдлагын улмаас манай төрөлд оролцох ёстой байсан ихэнх тамирчин ирж чадаагүй.

 

Уран зураг зурах төрөлд оролцсон Ч.Тунгалагтуяа

Би Уран зургийн оюутан. Энэ чиглэлээр анх удаа тэр дундаа олон улсын тэмцээнд анх удаа оролцож тусгай байрт орсондоо маш их баяртай байна. Би 19 орны 21 тамирчинтай өрсөлдсөн. Бүгд л их хүчирхэг байсан. Хугацааны хувьд эхний өдрөө 3 цаг 30 минут, дараагийн өдөр 2 цаг 30 минутанд зураг зурж дуусгах ёстой байлаа. Эхний өдөр зургаа дуусгаж чадсан ч дараагийн өдөр нь хугацаа маш богино байсан учир зургаа арай дуусгаж чадаагүй дутуу үлдээсэн.

Энэхүү тэмцээнд оролцсон нь бидний хувьд маш том туршлага болж чадлаа. Медаль авч чадаагүй олон орон бий. Энэтхэг улс гэхэд 100 орчим тамирчинтай ирсэн ч ганц ч медаль хүртэж чадаагүй. Гэтэл манай улс 11-хэн тамирчинтай оролцоод, 4 медалийн эзэн болж чадсан нь маш бахархууштай үйл явдал гэж бодож байна.


Дашрамд дурдахад, Монгол Улс Абилимпын холбоонд 2015 онд элсэж орсон түүхтэй аж. Тус холбооны анхдугаар тэмцээнийг 1981 онд буюу Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн жилийг тохиолдуулан Токио хотноо Японы Эзэн хааны ивээл дор зохион байгуулж байсан бол энэ удаагийн буюу Олон улсын Абилимпын ес дэх тэмцээн Францын Ерөнхийлөгч ивээн тэтгэж өөрийн оронд зохиосон аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.243 uneheer mundag humuus baina shagnal n eznee oljee