Хямд өртгөөр НӨАТ-ын урамшууллын баримтыг хэвлэх боломжтой

2016 оны 03 сарын 21

НӨАТ-ын хууль хэрэгжиж эхлээд 3 сар 20 гаруй хоногийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд татварын нэгдсэн системд 25.000 гаруй ААН холбогдон 28 гаруй сая төлбөрийн баримтын мэдээллийг цуглуулсан бөгөөд  ebarimt.mn цахим хуудсыг 411 мянган иргэн ашиглаж өөрсдийн худалдан авалтын 9 сая гаруй баримтыг баталгаажуулжээ. 
 НӨАТ-ын хуулийн шинэчлэл нь иргэд НӨАТ суутган төлөгчөөс худалдан авсан бараа ажил үйлчилгээ бүртээ төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах, төлбөрийн баримтаа цуглуулж хяналт тавьсныхаа төлөө сар бүр сугалаанд оролцож азтан болох боломжийг олгосон билээ. Мөн аж ахуйн нэгжүүд тухайн урамшуулалтай баримтыг иргэдэд олгосноор бизнесийн үйл ажиллагаанд нь эерэгээр нөлөөлж байгаа юм.  
Өнөөдөр ГТЕГ-ын дэд дарга О.Даваасүрэн, ТТДҮГ-ын дарга З.Тулга, СХДТХ-ийн дарга Ц.Сүхбаатар НӨАТУС төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга нар Сонгинохайрхан дүүргийн нутаг болох Нарангийн гол Улаан чулуутын хогийн цэг орчимд байх жижиг 6 нэрийн дэлгүүр кассын системээ хэрхэн шийдсэнтэй очиж  танилцлаа. Уг дэлгүүр 60.000 төгрөгөөр хэвлэгч термо принтер худалдан авсан ба урд нь ашигладаггүй байсан гэрийнхээ суурин компьютертэй холбон үйлчлүүлэгчиддээ сугалаатай төлбөрийн баримт олгож байна.  
Мөн энэ үеэр Гааль, татварын ерөнхий газраас заавал үнэтэй кассын машин худалдан авахыг шаардаагүй бөгөөд бараа ажил үйлчилгээ борлуулагч  нар өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хямд өртөгөөр НӨАТ-ын урамшуулал бүхий төлбөрийн баримт хэвлэх боломжтойг кассын систем нийлүүлэгч нар танилцуулав. Жишээлбэл Бааз эко пос жижиг дунд худалдаа эрхлэгч нарт зориулан хялбаршуулсан кассын программ гаргасан байна Уг програм нь интернэт орчин шаардахгүй, хэвлэгч машин хэрэглэхгүй, цаас хэрэглэхгүй зөвхөн андройд үйлдлийн системтэй ухаалаг утас байхад үйлчүүлэгчиддээ баримт олгох бөгөөд сарын төлбөр нь 5000 төгрөг юм байна. Энэ мэтчилэн хямд өртөг бүхий  кассын системийн шийдлүүд бий болж байгаа юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД