Э.Эрдэнэжамъяан: АТГ хууль зөрчиж байна

2016 оны 03 сарын 15

МАХН-ын удирдлагууд өнөөдрийн хэвлэлийн хурлаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг Монгол Улсын Шадар сайдад томилуулахтай холбогдуулан АТГ-аас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянахдаа илт хууль зөрчсөн дүгнэлт гаргасан хэмээн мэдэгдлээ.

Тодруулбал, Засгийн газар АТГ-т хандаж Н.Энхбаярт хувийн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар мэдээлэл авахыг хүссэн. Гэтэл АТГ-аас ялтай тооцох хугацаа дуусаагүй тул төрийн өндөр албанд ажиллах боломжгүй гэсэн утга бүхий албан бичиг явуулсан байдаг. Тэгвэл Н.Энхбаярыг томилох асуудалд УИХ-аас бус ЗГХЭГ-аас бичиг явуулсан нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд энэ хууль зөрчин илгээсэн бичгийн хариуг АТГ-аас явуулсан нь ч хууль зөрчиж буй хэрэг хэмээн МАХН-ын удирдлагууд үзэж буй аж. МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъяан хэлэхдээ "Хэн нэгэн иргэнийг ялтай, ялгүй гэх лавлагааг зөвхөн цагдаагийн байгууллага гаргадаг. Гэтэл АТГ албан бичигтээ үүнийг дурдсан. Ингэхдээ ялтай хугацааг буруу тооцсон. Энэ бүхэн Н.Энхбаярыг албан тушаал хашуулахгүй, УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх санаархалтай холбоотой юм. Н.Энхбаяр даргатай адил эрх зүйн байдалтай хүмүүсийн асуудлыг дээрх хоёр газар дураараа тайлбарладаг гэдэг нь харагдаж байна” хэмээсэн юм.

Түүнчлэн үнэхээр ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэж үзэж байгаа юм бол дөнгөж саяхан Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Энэ хуульд 2015 оны долдугаар сарын 2-ноос өмнөх бүх цаг хугацааг хамаарч байна. Мөн 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд зааснаар ялтайд тооцох хугацаа нь хүний эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзсэн учраас Эрүүгийн хуулиас аваад хаячихсан. Энэ хүнийг ялтайд тооцох ямар ч эрх зүйн харилцаа байхгүй” хэмээлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.131.234.243 энэ намууд больчоосой арай хэтэрхий юмаа